Коронавирусээс сарьсан багваахайн вирустэй төстэй шинж илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 07

БНХАУ-ын эрдэмтэд шинэ төрлийн коронавирусний өвөг сарьсан багваахайд халдварлаж байсныг батлах шинэ нотолгоо олсон байна. SARS-CoV-2 вирусний генд хуримтлагдсан мутацын шинж чанар сарьсан багваахайн хоёр вирусийнхтэй төстэй болохыг тогтоожээ.

Шинжлэх ухааны bioRxiv цахим номын санд нийтэлсэн судалгаанд дурдсанаар, коронавирусний гарал үүслийн хувьслын түүх өнөө хэр таавар хэвээр үлдээд байна. SARS-CoV-2 вирусний генийн дараалал түүний ойрын төрөл болох сарьсан багваахайн RaTG13 вирусний РНХ-тэй 96 хувьтай таарч байгаа юм. Эрдэмтэд эл вирус хэзээ, хаана үүссэн, ямар амьтад түүний завсрын тээгч болсон, генийн шинэ хослол ямар үүрэг гүйцэтгэсэн зэргийг тодорхой хэлж мэдэхгүй байгаа юм.

Сүн Ят Сений нэрэмжит үндэсний их сургуулийн профессор Сюнлей Хэ тэргүүтэй ген судлаач эрдэмтдийн баг SARS-CoV-2 вирусний шууд өвөг сарьсан багваахайд үүссэнийг батлах боломжтой шинэ нотлох баримт илрүүлжээ. Тэд SARS-CoV-2, RaTG13 болон бусад титэмт вирусний төрлүүдийг нарийвчлан судалжээ. Судалгаагаар, амьтан, шувууг халдварлуулдаг вирусийн мутацын хуримтлалын шинж чанар өөр хоорондоо маш их ялгаатай болохыг тогтоосон байна. Ингэхдээ SARS-CoV-2 болон RaTG13 вирусний нуклеин хүчлийн хувьсал 99.2-99.99 хувь төстэй байснаас гадна сарьсан багваахайн RshSTT182 вирус КОВИД-19 өвчин үүсгэгч вирусний генийн бүтэцтэй 92 хувь тохирсон байна.

Эрдэмтэд генийн хувьд эл гурван вирус өөр хоорондоо холбоотой гэсэн үг биш хэдий ч эдгээр вирус ижил нөхцөлд хувьсан өөрчлөгдсөнийг гэрчилж байна гэж онцолжээ. Өөрөөр хэлбэл, SARS-CoV-2 вирусний хувьсал хүнд тархахаас өмнө сарьсан багваахайн бие организмд өрнөж байсныг гэрчилж байна гэж Х тэргүүтэй эрдэмтэд дүгнэжээ.

Энэхүү судалгааны ажлыг хараат бус шинжээчид болон шинжлэх ухааны томоохон сэтгүүлүүдийн редакторууд нягтлаагүй болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top