“Онцгой мэдээ” сониныхоо энэ удаагийн “Онцлох зочин”-оор НОБГ-ын харьяа “Аврах анги”-ийн аврагч, ахлах ахлагч С.Хүдэрчулууныг урилаа. Тэрбээр Иргэний хамгаалалтын байгууллагаас эхлээд Онцгой байдлын албандаа 21 дэх жилдээ ажиллаж, өнгөрсөн онд онцгой гавьяа байгуулсан шилдэг алба хаагчдын нэгээр тодорч байсан манай тэргүүний алба хаагчдын нэг билээ. Ингээд түүнтэй хэрхэн хөөрөлдсөнөө толилуулья.
Тэртээ 2002 оны 7 дугаар сард Ховд, Баян-Өлгий аймгийн зааг буюу Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум, Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний голомтод Улсын иргэний хамгаалалтын газрын Холбоо, мэдээллийн хэлтсийн радиотелефончин, дэд ахлагч С.Хүдэрчулуун 2 сарын турш холбоочноор үүрэг гүйцэтгэж, богино долгионы IC-78 радио станцаар Иргэний хамгаалалтын газрын холбооны зангилгаанд цагийн байдлын мэдээг шуурхай дамжуулж, тасралтгүй холбоогоор хангаж ажилласан юм. Энэ нь Онцгой байдлын байгууллагын түүхэнд хамгийн хол зайд гамшгийн үеийн холбоо зохион байгуулсан түүх болж үлджээ.
-Цаст Цамбагаравын бэлээс цагийн байдлын мэдээг дамжуулж байсан үүрэг тань хожмоо түүхэнд хамгийн хол зайд гамшгийн үеийн холбоо зохион байгуулсан түүх болон үлдэнэ гэж тухайн үед бодож байв уу?
-Ёстой тэгж бодож байсангүй. Түүхэнд ингэж үлдсэнийг одоо л танаас сонсож байна.
-Тэгвэл энэ томилолт таны хэд дэх томилолт байсныг санаж байна уу?
-Саналгүй яах вэ. Миний хамгийн анхны томилолт. Хамгийн анхны бөгөөд хамгийн урт хугацаанд ажилласан томилолт байсан юм.
Би сургуулиа төгсөөд Зэвсэгт хүчний 122 дугаар анги буюу одоогийн Үндэсний аврах бригадад алдарт хурандаа Ч.Намсрайжавын цэрэг болон очиж байлаа. Ингээд хамгийн анхны томилолт нь энэ буюу Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчнийг дарах багийн холбоочноор томилогдсон томилолт байсан юм.
Цаст Цамбагарав уулын энгэрт зуны цагаар очоод намар бууж ирсэн. Одоогийнх шиг гар утас энэ тэр хөгжөөгүй байсан үе шүү дээ. Харин тухайн үед нэг том төсөл хэрэгжээд баг болгон дээр радио станц тавьчихсан байсан нь давуу тал болж байлаа.
Тэр үед бид хээрийн штаб байгуулан ажиллаж байсан юм. Тэр штабын мэдээ мэдээллийг дамжуулах үүргийг гүйцэтгэж байлаа. Станцаар сайн тод хэлэхгүй бол тооны зөрүү гарна. Нэвтрүүлж байгаа хүн, энд хүлээж авч байгаа хүн хоёр маш хариуцлагатай байх ёстой. Нэг тоог зөрүүлээд биччихэд л асуудал гарна шүү дээ. Тиймээс алдаа дутагдал гаргачихгүй юмсан гэж их ч хичээж ажилласан даа.
-Анхны гэсэн тодотголтой юм бүхэн хүний сэтгэлд заавал нэг дурсамж, сургамж үлдээсэн байдаг. Таны хувьд энэ томилолтоос ямар сэтгэгдэлтэй бууж ирж байв даа?
-Хамгийн хэцүү юм чинь өөрийгөө бэлтгэж, бэлэн байдлаа хангах юм байна гэдгийг тэндээс ойлгож ирсэн дээ.
Хээрийн үүргэвч, өөрийн бие, сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй, техник хэрэгсэл чинь бэлэн байхад ямар нэгэн хүндрэлтэй зүйл үүсдэггүй юм билээ. Гэтэл би тийшээ хувийн бэлтгэлийн хувьд их учир дутагдалтай явсан байсан. Хөнжил, мишок ч байхгүй. Очоод нэг газар байрлачих юм байна гэсэн ойлголттой. Ямар газар оронд очих гэж байгаа талаараа анхны мэдэгдэхүүн байхгүй. Цаг уурын нөхцөл байдлыг судлаагүй учраас ямар ч хувийн бэлтгэл байхгүй байсан.
-Хамт явах хүмүүс чинь хувийн бэлтгэлээ базаагаарай гэж хэлээгүй юм уу?
-Хээрийн үүргэвч чинь бэлэн үү гэж асуухаар нь би бэлэн л гэж хариулсан. Гэтэл үнэндээ үүргэвчээ яаж бэлтгэх ёстойгоо л мэдэхгүй байсан байгаа юм.
-Хувийн бэлтгэл муу явсан гэхээр мөнх цаст уулын энгэрт намар эрт цас унахаас авахуулаад даарч хөрөх гээд асуудал нэлээд гарсан байх. Шантарч байв уу?
-Үнэндээ намар эрт цас унадаг юм билээ. Гэтэл би халуун зунаар явсан байдаг… Гэхдээ шантрах бодол ер орж ирээгүй ээ. Өнөөдөр энэ юмнуудаа ингэж хийгээд дуусгана. Маргааш ийм юмнууд бэлэн байх ёстой гээд бодож төлөвлөнө гээд… Ер нь шантрах завгүй л байсан юм болов уу даа.
-Ингэхэд таныг цэргийн холбоочин болоход хэн нэг хүний нөлөө байв уу, эсвэл өөрийн хүсэл сонирхлоор уу?
-Манай аав холбооны 189-р ангийн ерөнхий инженер Т.Сосорбарам гэж хүн байсан юм. Намайг бага байхад бурхан болсон доо. Тиймээс аавынхаа мэргэжлийг өвлөж, цэргийн хүн больё гэж шийдсэн юм. Бага байхдаа аавыгаа их дагаж явдаг хүүхэд байлаа. Холбооны жижиг станцуудыг сонсоно. Морзын чимээ сонсоно. Радио олон төрөлтийн тэмцээн гэж болно. Тэрийг их очиж үзнэ.
Тэгээд л Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургуулийг радио релейний техникч мэргэжлээр төгссөн. Биднийг тухайн үед нэг жилээр сургадаг байсан юм. Мөн манай сургууль усчин аврагчдыг бэлтгэнэ. Би сонирхлоороо усчин аврагчдаа дагаад бассейны бэлтгэлд орчихно. Ингэж явсаар сургуулиа төгсөөд Зэвсэгт хүчний 122-р ангид хуваарилагдаж, ажлын гараагаа тэндээс эхэлсэн. Тэнд очоод л холбоочин хүн дан ганц холбоо бариад л явах биш хөрвөх чадвартай байх ёстой юм байна гэдгийг ойлгосон доо.
Тухайлбал, ой, хээрийн түймэрт ихэвчлэн шүхэрчид явдаг байлаа. Тэгэхээр шүхэртэй харьцаж сурахаас эхлээд шүхрийн спортын мэдлэгтэй байх шаардлагатай болсон. Аврах ажиллагааны багтай явлаа гэхэд бас зүгээр суугаад байхгүй аврах ажиллагаандаа оролцоно гээд юм юм руу хөрвөх чадвартай байх ёстой юм билээ.
Дараа нь ангиасаа Улсын Иргэний хамгаалалтын газрын холбооны хэлтэст томилогдож, одоогийн Онцгой байдлын ерөнхий газрын энэ саарал байшинд ирж ажилласан. Энэ байгууллагын интернэт, дотоод сүлжээг анх суурилуулалцаж байлаа.
-Тэгээд хэзээ нь нийслэлийн “Аврах анги”-ийн алба хаагч болсон билээ?
-Би ер нь их олон газар ажилласан байдаг юм. Эхлээд Зэвсэгт хүчний 122-р ангид, дараа нь Улсын иргэний хамгаалалтын газар, тэгээд гурван байгууллага нэгдэхэд буцаад Үндэсний аврах бригаддаа очоод, тэндээсээ нийслэлийн Шуурхай бүлэг-105 гэж байгуулагдахад тэнд шилжиж ирж байлаа. Яг энэ хажуугийн нийслэлийн прокурорын байгаа байранд Шуурхай бүлэг-105 маань байрладаг байсан юм.
-“Шуурхай бүлэг-105”-ын анхдагч бүрэлдэхүүний нэг байх нь. Өөр анхдагч болж байсан тохиолдлууд байна уу?
-Байна шүү. 105, 103, 102, 101-ийг нэгтгээд Мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулсан. Тэр анхны бүрэлдэхүүнд бас орж ажиллаж байгаад, яг дуудлага авч эхлэх үед нь Үндэсний аврах бригад руугаа холбоочноор томилогдчихсон юм. Үндэсний аврах бригаддаа хоёр жил хэртэй ажиллаад нийслэлийн Онцгой байдлын газарт холбооны техникчээр ирсэн. Тэгж байтал бүтэц, орон тооны өөрчлөлт болоод холбооны техникч байх шаардлагагүй болсон учир чи аврагч аа хийх үү, эсвэл өөр тийшээ шилжих үү гэхэд нь 105-даа аврагчаар орьё гээд л орсон доо.
-Холбоочин хүн аврагч болсон түүх ийм байж. Холбоочноос аврагч болоход хэцүү, хатуу санагдах зүйл байв уу?
-Яг ингээд бодоод үзэх юм бол хийж байгаа үүргийн хувьд арай өөр болохоос аливаа гамшиг, ослын голомтод ажиллаж байгаа сэтгэлзүй бол яг ижил шүү дээ. Холбооны оператораар ажиллаж байхдаа аврагч нартайгаа цуг үүрэг гүйцэтгээд л явдаг байлаа. Ой, хээрийн түймэрт явахдаа ч зөвхөн холбоо, мэдээгээ өгчихөөд зогсохгүй түймрээ унтраалцаад явна. Тийм болохоор хэцүүрхээд байх зүйл байгаагүй ээ. Хамгийн харамсмаар МИ-8 нисдэг тэрэгний осол дээр ч үүрэг гүйцэтгэж байлаа шүү дээ.
-Нисдэг тэргийг эрэн хайхад явж байсан юм уу?
-Тийм ээ. Бас л бэлтгэлгүй байсан юм. Өглөө ажилдаа иртэл онгоц бэлэн, хээрийн үүргэвчээ аваад онгоцонд суу л гэсэн. Анхандаа сураггүй болчихлоо л гэсэн л дээ. Тэгээд гараад явж байхдаа онгоцоо хайгаад л, нэг газар буучихсан байлгүй дээ гэж бодож байсан. Тэгж байтал Зүүнхараад штаб байгуулаад, намайг тэнд сууж ажилла гэсэн. Тэгээд ер нь онгоц осолдсон байна гээд л ажиллагаанууд эхэлсэн дээ.
Тэр бол хүсэх юм биш. Дахиж тийм зүйл битгий тохиолдоосой гэж л бодож явдаг. Өмнө нь дуудлагаар явахад нүд хальтрам зүйлүүд дээр очиж байсан ч хамт ажиллаж байсан найз нөхөд, ах нар, мундаг дарга нар маань….. хэцүү л байдаг юм билээ.
Дараа нь тэр зүг рүү, тэр газар руу түймэрт явах болгондоо дахиж л ийм зүйл бүү тохиолдоосой гэж боддог юм.
– Алдарт хурандаа Ч.Намсрайжавын цэрэг болж байлаа гэж та дурссан. Анхны дарга тань танд ямар сэтгэгдэл үлдээж байв?
-Тэр хатуу ширүүн хүнээс анх үг сонсоход амар байгаагүй шүү. Анх даргад загнуулчихаад энэ хүн чинь дандаа л уурлаж явдаг хүн байна гээд бодчихсон. Дараа нь надтай ээлжин дээр таараад “Аав чинь цэргийн хүн гэсэн. Одоо ингээд л цэргийн амьдралд дасна шүү дээ” гээд ярихаар нь аа бас дандаа ч уурлаад загнаад байдаг хүн биш байна аа гэж бодож байлаа/инээв/.
Сүүлд нийслэлийн Онцгой байдлын газарт ирэхдээ бас энэ даргынхаа удирдлагад ирсэн шүү. Тэтгэвэрт гарахад нь хамт ажиллаж таарсан. Анх намайг ажил амьдралын гараан дээр хүлээж авч байсан хүн маань хийдэг юмаа хийгээд тэтгэвэртээ гарахад нь үдэж өгөх жаахан гунигтай юм билээ.
-Тэгвэл аврах ажиллагаанд яваад харамсаж үлдсэн тохиолдол хэр олон байдаг бол?
-Бид хугацаа алдаагүй бол гэж бодох юм гарна аа. Ер нь аврагч болгон л хугацаа алдаагүй бол гэж боддог байх. Замын түгжрэл дээр ч юм уу. Хэрвээ бид жаахан ингэчихсэн бол, хэрвээ жаахан эртхэн дуудлага өгчихсөн байсан бол байдал арай өөрөөр эргэх байсан болов уу гэсэн юм бодогдоно шүү дээ.
Одоо бол хувь хүн өөрийгөө хөгжүүлж, өөрийнхөө бэлтгэл бэлэн байдлыг хангачих юм бол техник, тоног төхөөрөмжийн хувьд цаг үеэ дагаад хөгжөөд сайхан болсон байна. Хангалт ч хамаагүй сайжирсан байна. Хуучин бид аврах ажиллагаанд нэг л завьтай явдаг байсан бол одоо хүнд, хөнгөн гээд хэдэн янзаараа байна. Багаж хэрэгсэл гэхэд л тэлдэг, тасалдаг, хайчилдаг гээд бүгд бэлэн байна. Тэгэхээр бид өөрсдийгөө хөгжүүлэх, багаж техник дээрээ өөрсдөө дадлагажихад л анхаарах хэрэгтэй байна даа.
-Ажил мэргэжлийн тухай ингээд яриад байвал магадгүй та бид хоёрын яриа дуусахгүй ч байж мэднэ. Тиймээс ажлаас тань өөр зүйлийн тухай ярилцая. Тухайлбал, та чөлөөт цагаараа юу сонирхдог, юу хийх дуртай бол гэх мэт?
-Хуучны эд зүйлс цуглуулах л сонирхолтой доо. Бага залуу байхдаа гэрэл зургийг их сонирхож, шимтэж байлаа. Зургийг олон талаас нь аваад, түүнийгээ угаалгаад хүлээх мэдрэмж их гоё мэдрэмж байдаг юм. Одоо бол энэ хоббигоо түр орхисон гэж болно.
-Тийм бол цуглуулгаасаа сонирхуулахгүй юү. Эртний эдлэл гэхээр яг юуг нь түлхүү цуглуулдаг юм бэ. Тэгж төрөлжүүлсэн үү, эсвэл…?
-Дээшээ харсан сав гэж бэлгэдээд домбо, хувин сав, гүц мэтийн зүйлсийг цуглуулах дуртай. Одоогоор солио холио хийгээд цуглуулга маань жаахан багассан байгаа. Тэгээд ч арчилгаа их шаарддаг золиг л доо.
-Цуглуулагч нар хоббигоо дагаад нэг нэгнээсээ дамжиж танилцсаар танилын хүрээлэл их өргөн болдог шиг санагддаг?
-Миний хувьд цөөхөн хүрээлэлтэй л байна. Хуучны эдлэл цуглуулна гэдэг эдийн засаг, санхүүгийн чадамж их шаарддаг. Үүн дээр боломж бололцоо жаахан дутаад байдаг юм.
-Нууц биш бол таны цуглуулганы хамгийн үнэ цэнтэй нь ямар эд байдаг вэ?
-Аав ээж хоёрыг маань гэр бүл болоход нь ээжийн аав ээж нь зэс домбо өгч байсан юм билээ. Түүнийг намайг гэр бүл болоод тусдаа гарахад ээж минь надад өгсөн юм. Тэр л одоо миний хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл болоод байна даа.
Ур хийц нэг их гоё биш л дээ. Үе уламжлагдаж ирсэн гэдгээрээ л гоё юм. Ер нь эртний эдлэл, домбо, хувин сав хараад сууж байхад нэг юм ярих гээд ч байгаа юм шиг сонин, содон санагддаг юм.
-Ингээд сонирхоод цуглуулаад ирэхээр энд тэнд байгаа эд зүйлсийг хараад төдий үеийн л эд байна даа гэж анзаардаг болчихно биз?
-Анзаарахаасаа илүү судалж байж л тогтооно доо. Каталоги энэ тэрээс харьцуулж харах ч юм уу. Орчуулга хийнэ гэдэг шиг л юм болно доо. Тэгж байж л таньж мэддэг. Хуучны эдлэлийн дэлгүүрүүдээр явах дуртай.
Миний хувьд хуучны эдлэл сонирхдог болсон маань өвөө, эмээгийнд их очдог байснаас л үүдэлтэй шиг байгаа юм. Орчин хүнд нөлөөлдөг гэдэг дээ.
Бид чинь зундаа өвөө, эмээгийндээ амарна ч гэхэд хаашаа юм бэ, ажиллана ч гэхэд хаашаа юм бэ очиж өнждөг байлаа шүү дээ. Хөвсгөл аймгийн Тариалан суманд Бөөрөлжийн хийд гэж байгаад хэлмэгдүүлэлтийн үеэр устаж үгүй болсон юм билээ. Тэр хийдийн туурьтай газарт манай өвөө эмээгийнх зусдаг байсан юм.
Тэндээс нь бурханы хэлтэрхий, зэс хийц, жижиг шүр зэрэг юмс их олдоно. Номын үсэг бичсэн чулууны хэлтэрхий ч олдоно. Хөгшин аав тэдгээрийг их цэрвэж хүлээж авна. Би болохоор тэднийг цуглуулах дуртай. Тэндээс л миний эртний эдлэл сонирхох сонирхол бий болсон юм болов уу даа.
-Ер нь хэр дэггүй хүүхэд байв даа?
-Миний хүүхэд нас Улаанхуарангийн орчим таван давхар саарал байншингуудын дунд л өнгөрсөн дөө. Томоотой гэхэд томоогүй юм шиг. Дэггүй гэх гэхээр бас гайгүй ч юм шиг л байж. Орхигдсон байшингуудад л их тоглоно. Зах зээлийн нийгэмд шилжээд, орхигдсон барилгууд их байдаг байсан юм.
-Тэгвэл гэргийтэйгээ хэзээ танилцаж байв. Гэр бүлээ танилцуулахгүй юү?
-Улсын иргэний хамгаалалтын газарт бид хоёр цуг ажилладаг байсан юм. Энхжаргал гэж бүсгүй бий. Яг нэг хэлтэст цуг ажиллаж байгаад 2003 оноос нэг гэртээ орсон. Тэгээд гурван байгууллага нэгдэхэд нэг нь үндсэн ажилдаа үлдэж, нэг нь өөр газарт ажиллая гэж ярилцаад хань маань ажлаасаа гарсан юм.
-Мэргэжил нэгтэй учраас мэдээж таны хамгийн сайн хамтрагч, хамгийн сайн ар тал юм байна, тийм үү.
-Тийм шүү. Хүн олон хоног томилолтоор явахаар эхнэргүй байхдаа ээжийгээ санадаг юм байна. Эхнэртэй болоод ирэхээрээ эхнэрээ санана. Тэгээд хүүхэдтэй болчихоороо хүүхдээ санана. Ингээд бодоод байхаар эр хүн ер нь байнга л нэг юмыг санаж явдаг юм болов уу даа.
-Тийм бол хэнийг хамгийн ихээр санаж байв?
-Охиноо л маш их санадаг байсан даа. Нэг жаахан юм орхиж явчихаад ирэхээр л жигтэйхэн том болчихсон байна. Манайх ганц охинтой л доо. Жаахан эрхдүү. Аавтайгаа адилхан амьтанд хайртай гээд нохой тэжээдэг юм. Би чинь багадаа нохой, загас жараахай гээд олон юм тэжээж байсан юм.
-Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй гэдэг. Таны хувьд яг одоо юуг мөрөөдөж байгаа бол?
-Ажил үүргээ дуусгаад, чөлөөндөө гарчихаад зуслангийнхаа байшинд нам унтмаар байна.
-Зуслангийн байшингаа бэлдчихсэн үү?
-Бэлдэж л байна. Цаг зав нь болохгүй юм аа.
-Хорин нэгэн жил ажиллахад сэтгэлд гүн хадгалагдаж үлдсэн марташгүй дурсамж, үйл явдал байгаа л байх. Тэр дурсамжуудаасаа хуваалцаач гэвэл?
-Бүр зүрхэнд ороод үлдчихсэн юмнууд гэвэл ярихаас жаахан эмзэг тал руугаа л юмнууд байх юм даа. Хамт зүтгэж байсан нөхдөө зуурдаар алдах, найз нөхдөө алдсан гээд… Маргааш хоёулаа ээлжтэй шүү гээд ярьж байсан хүн маань маргааш нь ирэхэд байхгүй байна гэдэг хэцүү хэцүү…
-Хамгийн ихээр баярлаж байсан гэгээлэг дурсамж бас байна биз дээ?
-Байлгүй яах вэ. Охинтой болохдоо л хагартал баярлаж байсан юм. Азаар төрөхийнх нь гадаа байж таарсан шүү.
-Ер нь хориод жил аврах ажиллагаанд оролцоход авраад аваад ирж байсан нь ч бий л байх. Алдаад явуулж байсан нь ч байгаа л байх. Тэгэхээр хүний амьдрал гэж яг юу юм бэ гэж бодож үзэж байв уу?
-Амьдрал гэдэг алга урвахын төдийд л эргэх юм байна даа гэж бодогдож байсан шүү. Баруун аймаг явах зам дээр автомашины нэг айхтар осол болоод нэг гэрийнхэн бултаараа өнгөрчихөж байсан юм. Тиймээс хүмүүст “Амьдрал гэдэг алга урвахын л төдий шүү. Ээ дээ, чи минь бодож л яваарай” гэж хэлмээр санагддаг юм.
-Харин аврагч нартаа…?
-Хамгийн түрүүнд аюулгүй байдал. Аюулгүй байдлаа хангахын тулд хар, бод, ажилла. Эхлээд хаанаас юу орж ирж болохыг харах хэрэгтэй. Тэгээд бод. Өөрөө эрсдэлгүй байж л хүнийг аварна шүү дээ. Тиймээс энэ бүхнийг маш богино хугацаанд тооцоолж байж аврах ажиллагаагаа гүйцэтгэнэ гэдгийг санаж явах ёстой юм. Мөн итгэлцэл байх ёстой.
-Албанд шинээр орж ирж байгаа залуучууддаа хамгийн түрүүнд зааж сургах зүйл энэ гэж ойлгож болох уу?
-Сүүлийн үед залуучууд маань их хөгжиж орж ирж байна. Бидний үед техник, тоног төхөөрөмж нь ч ямар юм байлаа. Нэг муу завьтай. Өнөөх нь цоорчихно. Түүнийгээ хийлэхээр дуудлага дээр ирчихээд завиа хийлээд зогсоод байсан гээд л асуудлууд яригддаг байлаа.
Тэр үеийг бодвол одоогийн залуус бэлэн сайхан юман дээр орж ирж байна. Тийм учраас бид ийм бэлэн сайхан юман дээр орж ирж байгаа хүмүүс өөрсдийгөө хөгжүүл, өсч дэвж гэж хэлдэг юм. Олон хүн сайтай, муутай, ойн мод урттай, богинотой гэдэгчлэн шантраад явах нь ч байна. Сэтгэлтэй, үлдэх нь ч байна. Эдгээр залуус маань хөгжлөө дагаад хөгжиж л байна. Улам л хөгжүүлж, дээшээ явах хэрэгтэй шүү дээ. Тэр болгоныг бид бэлдэж өгөөд явуулж байгаа гэхээр сайхан л байдаг юм.
-Таны бахархал юу гэхээр манай залуус ихэвчлэн албаараа гэж хариулдаг. Та бас адилхан уу?
-Адилхан байлгүй яах вэ. Албаараа л бахархана шүү дээ. Найз нөхдийнхөө хүрээнд бол би чинь супермэн шиг л амьтан байхгүй юу. Манай Хүдрээ чинь Онцгойд ажилладаг гээд л …/инээв/. Энэ нь хувь хүн гэхээсээ илүү ард талд маань миний алба байгаа болохоор, энэ албанд би ажилладаг болохоор л ингэж хүндлэгдэж, бахархагдаж байна гэж боддог юм.
-Хүмүүс мэргэжлийн өвчин гээд л ярьдаг даа. Амраад явж байсан ч гэсэн гол уснаас хүүхдээ холдуул гээд амарч байгаа хүмүүст үглэх гэх мэт. Ийм дадал суучихсан байдаг. Таны хувьд ийм өвчин байна уу?
-Байнга шүү дээ. Тэр жил С1 телевизийн хойхно баригдаж байгаа барилгаас машин дээр төмөр унаж, хүн нас барсан осол болсон доо. Тэр машины яг ард Отгонтуяа эмч бид хоёр явж таарсан юм. Гүйж ирээд хаалгыг нь онгойлгоход өнөө хүн маань аль хэдийнэ өнгөрчихсөн байсан. Тэр осол дээшээ, доошоо дүүжиглэгдээд явдаг шат байдаг шүү дээ, нэрийг нь санахгүй байна. Тийм шатаа хазгай тавьсны улмаас болсон байсан. Тиймэрхүү шат энд тэнд харагдвал энэ чинь тийм, ийм байна, үүнийгээ ингээрэй, тэгээрэй энэ тэр гээд их хэлнэ ээ. Мөн найз нөхөдтэйгөө амарч зугаалахаар болбол уул, усны хол нь дээр байдаг юмаа л гэнэ шүү дээ. Тэгэхээр хотын төв оруулах гээ юү л гэж байдаг юм.
-Яг санаандгүй явж байгаад хүн аварч байсан тохиолдол байдаг уу?
-2012 онд байна уу даа, гуравдугаар эмнэлгийн зүүн талд явж байтал хагас подвалиас утаа суунаглаад, хүмүүс үймээд эхэлсэн. Очоод гал дуудсан уу гэсэн дуудсан гэнэ. Дотор нь хүн байна уу гэтэл байгаа гэсэн. Тэгээд л би нэг мэдсэн дотор нь орчихсон утаажилтын бүсээс хоёр хүүхэд хоёр талдаа тэврээд гарч байсан юм. Манайхан ч ирээд галыг унтраасан. Тэр явдал л санаанд үлдэж. Би тэнд явж таараагүй бол хоёр хүүхэд яачих ч байсан билээ гэж хааяа боддог юм.
-Таниас хамгийн их хүч чадал ч гэх юм уу, сэтгэлийн тэнхээ шаардаж байсан аврах ажиллагаа юу байсан бол. Ер нь тийм ажиллагаа байсан болов уу?
– МИ-8-ын осол. Тэр л ер нь надаас гарах ёстой бүгдийг л гаргуулсан даа.
-Нийтдээ хэчнээн хүний амийг аврав?
-Тоолж үзэж байгаагүй ээ. Нарийн судалгаа юмнууд нь манайхан дээр байдаг юм билээ.
-2020 онд шилдэг аврагч болсон. Үнэхээр авах ёстой шагналаа авлаа гэж бодогдож байв уу?
-Тэгж бодогдоогүй ээ. За чи маргааш шагнал авах нь байна шүү, бэлэн бай л гэсэн. Яг авчихаад хүн чинь бас өөрийгөө голдог юм билээ. Өндөр хариуцлага, цаашдаа улам сайн ажиллах үүрэг гэж бодогдсон. Бас их урамшсан. Гэхдээ хажуугаар нь жаахан айдастай. Цаашдаа би чадахгүй бол яана аа л гэж бодогддог юм билээ.
-Энэ 21 жилийн хугацаанд энийг л би хийж чадсан шүү гэж бодогдох юм байх юм уу. Энэ талаар ер нь бодож үзэж байв уу?
-Бодож үзмээр юм байна шүү. Хотод зарлан мэдээллийн цамхагуудыг байгуулахад би нийслэлийн Онцгой байдлын газартаа техникчээр ажиллаж байсан юм. Тэгээд Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн хамт олонтойгоо энэ төсөл дээр хамтран ажиллаж байлаа. Төслөөр орж ирсэн шинэ цамхагийн суурилуулалт, туршилтыг хийгээд явж байхдаа овоо л юм хийж байна даа, их зүтгэлээ дээ гэж бодож байсан юм байна.
-Ярилцсан танд баярлалаа.
Сонины маань зай талбай хэмжээтэй учраас ийнхүү бидний ярилцлага өндөрлөж байна. Аврагч хэмээх эрхэм алдрын эзэн танд гэгээн үйлсийн тань зам үргэлжид гэрэлтэй дардан байхын ерөөлийг өргөе өө.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин
Сэтгэгдэл ( 0 )