Есдүгээр сард нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд харьцангуй хур тунадас багатай байх төлөвтэй байна.
Тариалангийн бүс нутгаар өнгөрсөн тав, зургаадугаар сард хур тунадас ахиу орж, чийг сайн өгсөн учир энэ жил нийт 616 мянган га-д тариалалт хийж, улсын хэмжээний ургац хураалтын төлөвлөгөө давуулан биелэгдсэн гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн. Нийт улаанбуудай тариалсан талбайн 80 орчим хувь нь соёололтоороо чанарын онцсайн үнэлгээтэй гарсан байдаг. Тэгвэл ирэх сарын 15-наас ургац хураалтын ажил эхэлнэ. Ургац хураалтын бэлтгэл ажил эхэлсэн энэ цаг үед наймдугаар сарын сүүл болон есдүгээр сарын цаг агаар, газар тариалангийн бүс нутгаар хур бороо хэрхэн орох талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Орчил урсгал урт хугацааны прогнозын судалгааны хэлтэсийн Ерөнхий инженер Б.Жаргалангаас тодрууллаа.
-Наймдугаар сарын сүүлээр цаг агаар ямар байх вэ. Нийт нутгаар цочир хүйтэрч, бороо, цас орж байна шүү дээ. Одоогоор хэдэн аймагт цас орсон бэ?
-Наймдугаар сарын гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хүйтэрч уулархаг нутгаараа буюу Увс, Ховдын зүүн, Завхан, Говь-Алтайн хойд хэсэг, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар цас орсон. Ойрын өдрүүдэд наймдугаар сарын сүүлээр Хангай, Хөвсгөлийн уулс болон Дорнодын тал нутгаар бороотой боловч бусад нутгаар өмнөх хоногуудаас өдөртөө дулаарахаар харагдаж байна.
-Есдүгээр сард цаг агаар ямар байх вэ?
-Есдүгээр сарын хувьд агаарын температурын олон жилийн дундаж нь Баян-Өлгийн нутаг, Увс, Архангайн баруун, Ховдын төв хэсэг, Завханы зүүн өмнөд, Баянхонгорын хойд хэсэг болон Хөвсгөлийн ихэнх нутгаар 0-4 хэм, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 14-18 хэм, бусад нутгаар 5-13 хэм дулаан байдаг. Энэ жилийн хувьд нутгийн зүүн хойд хэсгээр буюу Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутаг, Төв аймгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд олон жилийн дундаж нь Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25-35 мм, Алтайн өвөр говиор 0-5 мм, бусад нутгаар 5-25 мм ордог бол ирэх есдүгээр сард Их нууруудын хотгор орчмоор дунджаас бага, нутгийн зүүн өмнөд хэсгээр буюу Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарсан байна.
-Таны хэлснээр ирэх долоо хоногоос дулаарах төлөвтэй байсан. Намрын ажил өрнөдөг есдүгээр сард бороо, цас хэр орох вэ?
-Есдүгээр сарын эхний хагастаа сард орох борооны ихэнх хувь орох магадлалтай байгаа ч агаарын температурын хувьд харьцангуй дулаан буюу цочир хүйтрэх магадлал бага. Тэгвэл уулархаг нутгаараа нойтон цас орох магадлалтай ч бусад нутгаар цас орох магадлал бага байна.
-Ирэх есдүгээр сард тариаланч, малчид, тээвэрчид, иргэдэд цаг агаарын аюултай, онцгой үзэгдлийн талаар ямар сэрэмжлүүлэг хэлэх вэ?
-Есдүгээр сард баруун зүгийн нутгаар, нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадастай байгаа боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд харьцангуй хур тунадас багатай байх төлөвтэй байна. Харин бусад нутгаар буюу төв, зүүн, говийн бүс нутгаар сарын эхний хагаст энэ сард орох хур тунадасны ихэнх хувь орох магадлал өндөр байгаа бөгөөд сарын сүүлийн хагаст хур тунадас харьцангуй бага байх магадлалтай. Иймд дээрх хур тунадас багатай хугацаанд малчид тариаланчид хадлан бэлчээрээ бэлтгэж, тариа ногоогоо хураан, өвлийн бэлтгэлээ хангахыг зөвлөж байна.
-Газар тариалангийн бүс нутгаар цаг агаар ямар байх талаар эрсдэлийн үнэлгээг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргаж өгдөг үү. Газар тариалангийн бүс нутгаар цаг агаар ямар байх тухайд байгаа мэдээллээ өгнө үү?
-Ерөнхийдөө есдүгээр сард газар тариалангийн бүс нутгаар агаарын температур, хур тунадас олон жилийн дунджийн орчим байна. Есдүгээр сарын эхний хагастаа хур тунадас, уулархаг нутгаараа нойтон цас орох магадлалтай. Сарынхаа сүүлийн хагастаа харьцангуй хур тунадас багатай байх магадлалтай байна.
Наймдугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Энэ сарын 28-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Жаргалан чинь зөв прогнозолчихдог цаг уурч юм шиг байна. Миний ажиглалтаар тийм төлөв байдал харагдаад байгаа юм.