Сарьсан багваахайг коронавирусээр халдварлуулах туршилт төлөвлөж байжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 23

БНХАУ-ын Ухань хотын эрдэмтэд агуйд амьдардаг сарьсан багваахайг генийн өөрчлөлттэй вирусээр халдварлуулах туршилтыг 2018 онд хийхээр төлөвлөж байсан тухай “Telegraph” хэвлэл эх сурвалж дурдан бичжээ.

Эрдэмтэд Ковид-19 халдвар тархсан тухай мэдээлэл гарахаас 18 сарын өмнө төсөл хэрэгжүүлэхэд зориулж 14 сая ам.долларын санхүүжилт олгох хүсэлт тавьж байсан байна. Уханийн эрдэмтэд агаараар халдварладаг генийн өөрчлөлттэй вирусийг сарьсан багваахай тархсан газруудад дэлгэрүүлэх замаар хүнд халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зорьж байсан гэж таамаглаж байна. Ингэхдээ судлаачид коронавируснүүдийн зохиомол уураг бүхий нано хэсгүүдийг амьтны арьсаар дамжуулан суулгахаар зорьж байжээ. Эл туршилтыг Юньнань мужийн агуйнуудад явуулахаар төлөвлөж байсан аж.

Түүнчлэн, хүмүүсийг хөнгөн хэлбэрээр халдварлуулах зорилгоор генийн өөрчлөлттэй зохиомол вирус бүтээж, сарьсан багваахайд суулгахаар ажиллаж байсан гэж тус хэвлэл эх сурвалж дурдан бичсэн байна. Гэвч энэхүү төсөл нь нутгийн ард иргэдэд эрсдэлтэй гэж үзэн санхүүжилт олгохоос татгалзсан байна.

Хэвлэлд онцолсноор, энэ судалгаанд Их Британи, АНУ-ын шинжээч Питер Дасзак болон Уханийн вирус судлалын хүрээлэнгийн тэргүүлэх судлаачдын нэг Ши Жэнли зэрэг судлаачид оролцох байжээ.

БНХАУ-ын эрх баригчид 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд Ухань хотод үл мэдэгдэх уушгины хатгалгаа өвчин дэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдэгдсэн билээ. Анхны өвчтөнүүд нутгийн далайн гаралтай бүтээгдэхүүний захтай ямар нэгэн хэмжээгээр холбоотой байсан. 2020 оны нэгдүгээр сарын эхээр Хятад улсад үл мэдэгдэх вирусийн гаралтай уушгины хатгалгаа шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн гэж албан ёсоор зарласан билээ. 2020 оны гурвадугаар сарын 11-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус шинэ коронавирусний халдварын тархалт цар тахлын шинж чанартай гэж мэдэгдэв.

ДЭМБ энэ оны гуравдугаар сард Ухань хотноо ажилласан олон улсын шинжээчдийн багийн тайланг нийтэлсэн. Тайланд шинжээчид коронавирус лабораториос алдагдсан гэх магадлал туйлын бага гэж дүгнэж, шинэ төрлийн коронавирус сарьсан багваахайгаас аль нэг амьтнаар дамжин, хүнд халдварласан гэж тайланд дурдсан байна.

Top