Сонсголгүй иргэдийн СОНСГОХЫГ ХҮССЭН дуу хоолой

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 24

Монгол Улсад сонсголын бэрхшээлтэй 8300 гаруй иргэн, хэл ярианы бэрхшээлтэй 12.671 иргэн байдаг. Гэвч тэднийг нийгэмтэй холбох “гүүр” болдог дохионы хэлний хэлмэрч ердөө 20 орчим л бий.


Бид энэ удаад сонсголгүй иргэдийн дуу хоолойг "сонсож", нийгэмд хүргэхээр дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Тэд бусдын адил мэдээлэл хүлээн авч, сурч боловсрохыг хүсдэг. Гэвч манай улсад хангалттай орчин нөхцөл бүрдээгүйн улмаас телевиз үзэхээс эхлээд сурч боловсрох хүртэл тэдний амьдралд олон бэрхшээл тулгардаг талаар энд өгүүлэх болно. 

 

Б.Түвшинжаргал: Хэлмэрчтэй гардаг нэвтрүүлэг ховор байдаг

-Телевизээр гарч байгаа нэвтрүүлгүүдийн ихэнх нь дохионы хэлний хэлмэрчгүй байдаг. Хэлмэрчтэй гарч байгаа нь тун цөөн. Энгийн иргэдийн хувьд бодоод үзвэл телевизийнхээ дууг хаачихаад явуулж байгаатай адилхан гэсэн үг. Юу ч сонсохгүй, юу ч ойлгохгүйгээр дүрсийг нь хараад байгаатай адилхан.

Б.Намуунбайгаль: Хэлмэрчгүй болохоор хичээлээ ойлгодоггүй

-Би МУБИС-д компьютер программын чиглэлээр хоёр дахь жилдээ суралцаж байна. Нэг хичээл цаг гучин минутын турш ордог. Гэхдээ би сонсож чаддаггүй болохоор хичээлээсээ юу ч ойлгохгүй гардаг. Сургуулийнхаа удирдлагаас хэлмэрчээр хангаж өгөөч гэх хүсэлтийг тавиад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Гэхдээ сонсголгүй оюутнуудынхаа санал хүсэлтийг тоож хэлэлцэхгүй байна. Миний гэр бүл болон сургуулийн орчинд дохионы хэлний мэдлэгтэй хүн байхгүй. Тиймээс сэтгэл хангалуун байж чаддаггүй.

Гэрийнхэнтэйгээ харилцаж чадахгүйгээс үүдээд уур бухимдалтай болсон. Манай гэр бүлийнхэн хоорондоо аман яриагаар харилцдаг. Сонсдоггүй хүний соёлыг ойлгодоггүй.

Сонсголтой иргэд сонсголгүй иргэдийг байнга тохуурхаж, ялгаварлан гадуурхдагт сэтгэл дундуур байдаг. Монгол Улсын сонсголгүй иргэд хаана ч хоцрогдож байна.

Ч.Нармандах: Гэр бүл маань дохионы хэлгүй болохоор дохио зангаагаар л ойлголцдог

-Сонсголгүй хүмүүс хоорондоо дохионы хэлээр ярьдаг. Гэтэл сонсголтой хүмүүс бидний яриж буйг хараад “тоглоом хийдэг” хүмүүс байна гэж андуурдаг. Адилхан нийгэмд өссөн, адилхан хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй.

Би гэр бүлээсээ ганцаараа сонсголгүй төрсөн. Гэр бүлд маань дохионы хэлний чадвар сайтай хүн байхгүй болохоор дохио зангаагаар л ойлголцдог. Манай гэрийнхэн ажил гээд завгүй байдаг болохоор надтай дотно биш. Гэр бүл болон нийгмээс чөлөөтэй мэдээлэл авахыг хүсэж байна. Дотоод хүн маань хаалттай байгаа учраас яаж нээхээ сайн мэдэхгүй байна.

Сонсголгүй хүмүүс их, дээд сургуульд суралцах маш их хүсэлтэй байдаг. Гэхдээ хэлмэрчийн үйлчилгээ хангалтгүй байгаа болохоор сургуульд сурах боломж төдийлөн олддоггүй.

Бид сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургуулийг төгсөхдөө бичгийн хэлэндээ маш тааруухан төгсдөг.Нийгэмд гараад бичгийн хэлээр харилцах гэхэд сайн ойлгодоггүй. Зүгээр л мухардчихдаг. Тиймээс аль болох олон хэлмэрчтэй болохыг хүсэж байна. Энэ асуудалд төр засгаас бидэнд анхаарал хандуулах хэрэгтэй байна.

Видео хэлбэрээр үзэх

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top