ДЭМБ коронавирусний гарал үүслийг судлах шинэ баг бүрдүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 27

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний гарал үүслийг судлах үүрэг бүхий шинжээчдийн шинэ баг бүрдүүлжээ.

“Wall Street Journal” сонинд мэдээлснээр, ажлын хэсэг лабораторийн аюулгүй байдал, биологийн аюулгүй байдал, ген судлал, амьтны өвчин судлалаар мэргэшсэн 20 эрдэмтнээс бүрджээ. Судалгааг Хятад болон хэд хэдэн бусад орны нутаг дэвсгэрт явуулахаар төлөвлөсөн байна.

Ингэхдээ шинэ өвчин үүсгэгчийн гарал үүслийг судлах үүрэг бүхий тус ажлын хэсэг байнгын үйл ажиллагаа явуулах бөгөөд аливаа шинэ өвчлөлийг судалж, шинэ өвчин үүсэхэд нөлөөлж болзошгүй хүний аюултай үйл ажиллагааг илрүүлэх үүрэг хүлээжээ.

ДЭМБ-ын өмнөх баг коронавирус анх бүртгэгдсэн Ухань хотод ажиллаж, цусны мэдээллийн сан болон өвчлөлийн анхны тохиолдлуудыг нэмж судлахыг Хятадын судлаачдад зөвлөсөн байна. Хятад улс энэ зөвлөмжийн дагуу гүйцэтгэсэн ажлын талаар одоогоор мэдээлээгүй байгаа ба ДЭМБ-ын шинжээчдийн анхны ажлын хэсэг татан буугдсан юм.

АНУ-ын эрх баригчид коронавирусний гарал үүслийг судлах ажлыг сэргээх шаардлагатай гэж үзэж байгаа билээ. Коронавирусний халдварын улмаас нас барсан анхны өвчтөнүүдийн цусны дээж цаашид судлагдахад боломжгүй болохоос өмнө халдварын үүслийн шалтгааныг тогтоох шаардлагатай байна. Үүний сацуу, БНХАУ-ын эрх баригчид Хятадаас гадна Итали, АНУ зэрэг улсын нутаг дэвсгэрт шалгалт явуулахыг ДЭМБ-аас шаардаж байгаа билээ.

ДЭМБ, Хятадын эрдэмтдийн өнгөрсөн гуравдугаар сард гаргасан хамтарсан тайлангаас үзвэл, вирус тодорхой төрөл зүйлийн амьтан дунд үүсэж, мутацад орон, зүйл хоорондын саадыг давж, хүмүүст халдварлах чадвартай болсон байж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top