Хятадын 20 муж НҮҮРСНИЙ ХОМСДЛООС үүдэн цахилгааны хязгаарлалт хийжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 28


БНХАУ-ын 20 орчим муж нүүрсний хомсдол, эрчим хүчний хэт ачааллын улмаас цахилгаан эрчим хүчний хэрэглээндээ хязгаарлалт тавьжээ.

“Жэмянь” мэдээллийн цахим хуудсанд мэдээлснээр, Хэйлонжян, Жилин, Ляонин зэрэг зүүн хойд мужийн эрх баригчид зарим суурин газарт цахилгаан эрчим хүчний хомсдол үүссэнтэй холбогдуулан томоохон үйлдвэрүүд төдийгүй өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авчээ. Үүнтэй зэрэгцэн, эрх баригчид цаг агаар хүйтэрснээр эрчим хүчний системд ачаалал нэмэгдэнэ гэж болгоомжилж байна.

Тус улсын бусад мужийн эрх баригчид үйлдвэрийн газруудад эрчим хүчний хэрэглээгээ багасгах, ажлын цагийг богиносгох эсвэл түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоох хүртэл чиглэл өгчээ. Эдгээр арга хэмжээнд гол төлөв ган хайлуулах болон төмрийн үйлдвэр, химийн болон хувцасны үйлдвэр зэрэг эрчим хүчний томоохон хэрэглэгчид хамрагдаад байна.

Жянсу мужийн 1.1 мянган үйлдвэрт хоёр хоног ажиллаад, хоёр хоног амрах чиглэл өгсөн бол нэмж 143 үйлдвэрийн газар үйл ажиллагаагаа бүрэн зогсооход хүрчээ.

Гуандун мужийн үйлдвэрүүд хоёр хоног ажиллаад, таван хоног амрах үүрэг хүлээснээс гадна эрчим хүчний хэрэглээгээ 15 хувиар бууруулах чиглэл авчээ. Зарим үйлдвэр 23.00-08.00 цагийн хооронд буюу шөнийн ээлжээр ажиллах юм. Энэ сарын 26-наас эхлэн тус мужийн Засгийн газар захиргааны байгууллагуудад 2-3 давхрын цахилгааны шатыг зогсоох, өрөө тасалгааны хөргөлтийн системийг 26-аас доош тохируулахыг мөн чиглэл болгожээ.

Шинхай, Шэньси, Юньнань, Хэнань, Фужян, Шинжаан, Ниншя - Хотонгийн өөртөө засах орон зэрэг муж, бүс нутаг эрчим хүчний хангамжийн хүндхэн нөхцөл байдалтай нүүр туулаад байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.134) 2021 оны 09 сарын 28

ТӨМӨР ЗАМАА 10 ЖИЛИЙН ӨМНӨ ТАВЬЧИХСАН БАЙСАН БОЛ ӨДИЙД БӨӨН ДОЛЛАР КАРМАЛААД МААДАЙЖ БАЙХГҮЙ ЮУ? ТҮҮНИЙГ ХЭН ГАЦААСАН БИЛЭЭ? ТҮҮНЭЭС ЯЛ АСУУХ ЁСТОЙ БИШ ҮҮ ???? ...

0  |  0
Top