Энэ онд дэлхий дахин эрчим хүчний эх үүсвэрт 2.1 их наяд ам.доллар буюу түүхэндээ хамгийн өндөр зардал гаргана гэж Норвегийн “Rystad Energy AS” консалтинг компани дүгнэжээ. Үүнд газрын тос, байгалийн хий, эрчим хүчний үнийн өсөлт, коронавирусний цар тахлын үр дагавраас гадна Европын Холбоо Оросын эрчим хүчний эх үүсвэрээс хараат байдлаа бууруулах зорилгоор авч буй хүчин чармайлт нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.
Дэлхий дахин эрчим хүчний эх үүсвэрт хэзээ хэзээнээс илүү мөнгө зарцуулж байна. Хамгийн сүүлд хүн төрөлхтөн ийм өндөр тоог 2014 онд харж байсан гэж тус компанийн эрчим хүчний үйлчилгээний салбар судлалын албаны дарга Аудун Мартинсен онцолжээ.
Норвегийн шинжээчдийн тооцоолсноор, энэ онд газрын тос, байгалийн хийн олборлолтын зардал 2021 онтой харьцуулахад 16 хувиар буюу 142 тэрбум ам.доллароор өсөх төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцэн ногоон эрчим хүчний зардал 24 хувиар буюу 125 тэрбум ам.доллароор өсөх бол сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадал дэлхийн хэмжээнд 250 ГВт-аар нэмэгдэх тооцоо гарчээ.
2022 онд газрын тосны салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 16 хувиар нэмэгдэж, 658 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Түүнчлэн байгалийн хийн олборлолт, шингэрүүлсэн хийн үйлдвэрлэлийн зардал 15 хувиар өсөж, 401 тэрбум ам.доллар болно гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )