Дур зоргоороо үнэ тогтоодог МОНГОЛЫН ТАКСИЧИД

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 29

Хоёрхон сарын өмнө таксины жолооч нар км тутамд 1000 төгрөгөөр үйлчилдэг байлаа. Гэтэл одоо 2000 төгрөг болтлоо өсжээ.

Долдугаар сард нэг км зам туулахад 1000 төгрөгөөр үйлчилдэг байсан такси эрхлэгчид наймдугаар сард бензиний үнэ нэмэгдэхэд нэг км явах үнээ 1500 төгрөг болгож, шууд 500 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Харин энэ удаад шатахууны хомсдол бий болсон сургаар “халтуурчид” дахин үнээ нэмлээ. Хэний ч зохицуулалтгүйгээр, өөрсдийн дураар. 

Гудамжнаас такси барих хүн ч ховордож, олсон хэдэн төгрөгөө "халтуурчдад" тушаахын оронд алхах сонголтыг хийх болжээ.

Гэсэн ч аргагүйн эрхэнд такси барих шаардлагатай болсон иргэд таксины үнэ нэмэгдсэнд бухимдаж байна. Мөн цар тахлын улмаас  эдийн засаг бүх шатандаа уналтад орсон ийм үед хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид хүссэнээрээ үнэлгээ тогтоодог аргад шилжин, дураар дургиж эхлээд байна. 
 



PRIUS АВТОМАШИНААР 1 КМ ЗАМ ТУУЛАХАД
ДУНДЖААР 164 ТӨГРӨГИЙН ШАТАХУУН ЗАРЦУУЛДАГ 

 

Автомашинаар нэг км зам туулахад хэдэн төгрөгийн зардал гардгийг баримжаалан тооцохоор  Авто засварын төвийн ажилтан Б.Пүрэвтэй ярилцлаа. 

Тэрбээр "Автомашин бүр өөр байдаг" гэсэн ерөнхий хариулт өгсөн боловч бид тодорхо хариулт хүссэнээр иргэдийн хамгийн их унадаг, мөн бага түлш зарцуулдаг "Prius" автомашинаар баримжаалж тооцоолохоор болсон юм.

Prius автомашин 100 км-т хамгийн ихдээ найман литр шатахуун хэрэглэдэг байна. Өнөөдрийн байдлаар нэг литр АИ92 шатахуун 2050 төгрөгөөр борлуулагдаж байгаа. Ингээд бодохоор,  100 км-т 16.400 төгрөгийн шатахуун хэрэглэнэ гэсэн үг. Харин км тутамд гээд тооцоод үзвэл, 164 төгрөгөөр нэг км газрыг туулах аж. Үүн дээр ашиглалтын зардлыг шингээж, 400 төгрөг нэмлээ гэхэд 564 төгрөгөөр нэг км замыг туулдаг гэсэн үг аж. 

Гэтэл хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг “халтуурчид” тэднийг хянах, журам дүрэм тогтоох байгууллага байхгүйн улмаас дур зоргоороо үнээ нэмсээр байна. 

Иргэд  таксины үнэ нэмэгдсэнийг бензиний үнэ өсөж, шатахууны хомсдол бий болсонтой холбон ойлгож байна. Мөн таксины үнэ нэмэгдсэн тохиолдолд эргэж буудаггүй гэдгийг тодотгож, үүнийг хянаж зохицуулах байгууллага хэрэгтэй байгааг хэлж байлаа.
 


"МОНГОЛД ХУВИАРАА ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД
ХЯНАЛТ ТАВИХ ЯМАР Ч ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАЙДАГГҮЙ"

 

Такси үйлчилгээ, түүнийг эрхлэгчдэд төрийн байгууллагууд ямар нэгэн хяналт тавьж, хариуцлага тооцох боломж нээгдсэн эсэхийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
 



-Такси км тутамд 2000 төгрөгөөр үйлчилж байна. Үүн дээр ШӨХТГ-аас хяналт, шалгалт хийсэн үү?

-Авто тээврийн тухай хуулиар нийтийн тээврийн хэрэгсэлд такси үйлчилгээг оруулсан байдаг. Гэхдээ энэ нь албан ёсны зөвшөөрөл авч үйлчилж байгаа компаниуд юм. Эдгээр газруудад бол бид хяналт тавиад ажиллаж байна.  2000 төгрөг хүрээгүй.

-Хувиараа такси үйлчилгээнд явж байгаа жолооч нарт ямар нэг хяналт тавих боломжгүй гэдэг. Ийм байдлаараа явсаар л байх уу. Гарц шийдэл юу байж болох вэ?

-Хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдэд хяналт тавих ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. Такси үйлчилгээ эрхэлж байгаа жолооч нарыг таних боломж байхгүй учраас зогсоогоод шалгах ямар ч боломжгүй байдаг. 

-Тэгвэл цаашид таксины үнэ өсөхөд хяналт, шаардлага тавихгүй энэ хэвээр байна гэсэн үг үү?

-Зам тээврийн хөгжлийн яаманд таксины стандартын асуудлыг хөндөн, анхаарал тавин ажиллаж байгаа. Хувиараа такси үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс маш бохир байдаг. Тухайлбал, тамхи татах, утсаар ярих, нэг хүн авч явж байгаад замаасаа дахин хүн авах, үйлчлүүлэгчдээ зодох, дээрэмдэх гэх мэт асуудал гардаг. Нөгөө талаас такси үйлчилгээ эрхлэгч нарт хохиролтой зүйл бас байдаг. Тиймээс бид хувийн таксиг ямар нэгэн байдлаар бүртгэлжүүлж, үйлчилгээнд явуулах хэрэгтэй гэж харж байгаа.

-Танай газарт таксины үнийн асуудлаар иргэдээс санал, гомдол ирж байна уу?

-Манайд гомдол ирсний дагуу бид хяналт, шалгалт хийсэн. Гэтэл “Хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг хүмүүс хувийн унаагаараа үйлчилж байна. Та нарт хамаагүй” гэсэн байр суурь, хандлага илэрхийлдэг. Маш төвөгтэй асуудал.

-Нийслэлд одоогоор хичнээн такси албан ёсоор үйлчилгээнд явж байгаа бол?

-Одоогийн байдлаар нийслэлд үйлчилгээ эрхэлдэг 500 гаруй такси бүртгэлтэй байна. Үүнээс 320 орчим такси нь иргэдэд үйлчилж байгаа. Мөн UB cab үйлчилгээний 4000 орчим такси бүртгэлтэй байгаа гэсэн мэдээлэл байна.  

Видео хэлбэрээр үзэх

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.23.84) 2021 оны 09 сарын 30

ядаж хувиараа такси барьж байгаа хүмүүсээс улс татвар авах хэрэгтэй! Бүртгэлд хамруулж, тогтсон суурь хураамж авч байж хууль бус элдэв асуудал цэгцлэгдэнэ. Хэрвээ бүртгүүлэхгүй таксинд явбал автомашиныг нь улсын орлого болгох хэрэгтэй

2  |  0
хэ(66.181.169.6) 2021 оны 09 сарын 30

Улсад автобус эсвэл таксинд явах жижиг тэрэг оруулж ирэх бол дарга нар тендэрийг авах гээд уралдаад гүйж асуудлыг мөн ч хурдан зохицуулна даа. Өөрсдөө дандаа төрөөс унаа машин хангамжтай дээр нь авилга авах боломжтой нэмэлт орлоготой хүмүүс хувийн машинаар халтуур хийгч нар түүгээр үйлчлүүлэгч жирийн иргэдийн асуудлыг сонирхож шийдэхгүй. Өөрсдийнх нь эрх ашигт нийцсэн мөнгө ашиг унаж олох боломжтой бол хөдөлж шийднэ. Зүгээр худлаа яриад л сууна өөр байдлаар идэвх гаргахч гүй\n

1  |  0
Top