ЗАСГИЙН ГАЗАР: Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 29

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдрийн /2021.09.29/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаан 08:00 цагт эхэлсэн бөгөөд цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. 

Тухайлбал, Улсын онцгой комиссын өнгөрсөн даваа гарагт хуралдаж шийдвэр гаргасан. Эл шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж баталгаажуулах юм. Учир нь, Улсын Онцгой комиссоос гадаадаас ирж байгаа иргэдийг тусгаарлахгүй, нисэх онгоцны буудал дээр шинжилгээ авч, нууд нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан. Түүнчлэн хурал цуглаан, жагсаал болон олон нийтийг хамарсан арга хэмжээг ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хориглож, худалдаа үйлчилгээний газар болон паб, ресторан, хоолны газрын үйл ажиллагааны цагийн хуваарийг 22:00 цаг хүртэл болгох шийдвэрийг гаргасан билээ. 

Үүнээс гадна Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэх аж. Нийгмийн даатгалын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/197 дугаар тушаалаар нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг шинэчлэн байгуулагдсан. 

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраар ахлуулсан тус ажлын хэсэг

  • Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл,
  • Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг тус тус шинэчлэн  боловсруулжээ.

Дээрх хуулиудын төслийг энэ оны тавдугаар сараас төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа ба уг хуулиудын төсөл нь одоо мөрдөгдөж буй эв санааны нэгдлээс хуримтлалын тогтолцоонд шилжих бодлогод тулгуурлаж, нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр нь даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, төлсөн шимтгэлийн хэмжээтэй уялдаатай байх, мөн санхүүгийн хувьд тогтвортой, бие даасан, найдвартай байдлыг хангасан байх зарчимд тулгуурлажээ. 

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг эргэн мэдээлэх болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top