ДЭЛХИЙН ТОЙМ: Хоёр Солонгосын харилцаа СЭРГЭЛЭЭ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 04

БНАСАУ болон БНСУ-ын хоорондын харилцаа холбооны шугам өнөө өглөө /2021.10.04/ сэргэжээ.

Ёнап агентлагийн мэдээлснээр Өмнөд Солонгосын Засгийн газар харилцаа холбооны шугам нээгдсэний дараа хэлэлцээ сэргэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. БНАСАУ-ын зүгээс ч аравдугаар сарын эхээр харилцаа холбооны бүх шугамыг нээнэ гэж амлаж байсан юм.

Хойд Солонгос хоёр сарын өмнө БНСУ болон АНУ-ын жил бүр хийдэг хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэж, харилцаа холбооны бүх шугамыг хаасан юм.

БНСУ ойртоход бэлэн

Одоо хоёр Солонгос хоорондын харилцаа хэвийн болно гэдэгт БНСУ найдаж байна. Өмнөд Солонгосын Засгийн газраас гаргасан мэдэгдэлд “Яриа хэлэлцээг түргэн шуурхай сэргээснээр Солонгос хоорондын харилцааг сайжруулах, Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох талаарх хэлэлцүүлгийг эхлүүлнэ гэдэгт найдаж байна” гэжээ. БНСУ-ын зүгээс хоёр Солонгос харилцаагаа дахин сэргээхийн тулд тавигдах эхний цэг нь байнгын харилцаа холбооны шугамыг сэргээх явдал гэж мэдэгдсээр байсан юм. БНАСАУ өмнө нь БНСУ-ын идэвхтнүүд Ким Жон Ун болон түүний гэр бүлийн гишүүдийг шүүмжилсэн ухуулах хуудсуудыг тараасан гэж хоёр улсын харилцаа холбооны шугамуудыг хааж байсан билээ.

Өмнөд Солонгосын Засгийн газар БНАСАУ-ыг харилцаа холбооны шугамаа сэргээснийг Солонгос хоорондын харилцааг хэвийн болгож, Солонгосын хойг дахь тогтвортой байдлыг сэргээхэд бэлэн байгаагаа харуулсан явдал боллоо гэж үзэж байна. Өмнөд нь Хойд руугаа ойртохыг хүсэж байна гэж шинжээчид тайлбарлаж буй. 

Пуужингийн туршилтууд

Хойд Солонгос өнгөрсөн есдүгээр сард хоёр удаа пуужин туршсан билээ. Мөн энэ сарын 1-нд пуужин хөөргөсөн юм. БНАСАУ есдүгээр сарын дундуур алсын зайн шинэ далавчит пуужин туршсан бол есдүгээр сарын сүүлчээр хэт авиан пуужин, энэ сарын 1-нд зенитийн шинэ пуужин туршсан юм. Эхний туршилтыг Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны өндөр албан тушаалтнууд ажигласан байна. Хойд Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагаас мэдээлснээр БНАСАУ таван жилийн төлөвлөгөөнийхөө гол зорилтыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой стратегийн зэвсэг болох алсын тусгалтай далавчит пуужин бүтээхээр сүүлийн хоёр жилийн хугацаанд амжилттай урагшилжээ. Алсын тусгалтай шинэ далавчит пуужин нь Хойд Солонгосын нутаг дэвсгэр, усаар өнгөрөх замын дагуу 7580 секунд нисэж, 1500 км-ийн зайд байгаа оносон байна.

Тэгвэл есдүгээр сарын 28-нд БНАСАУ баллистик пуужинтай төстэй зүйлийг Японы тэнгис рүү хөөргөлөө гэж Японы Засгийн газраас мэдээлсэн. Тэр нь Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унажээ. Уг объект нь шинэ хэт авиан пуужин байсан бөгөөд “Хвасон-8” пуужингийн анхны туршилтыг Хойд Солонгосын умард зүгт орших полигоноос хийсэн байна. Пуужинг БНАСАУ-ын Цэргийн шинжлэх ухааны академид зохион бүтээжээ.

Хойд Солонгос пуужингийн туршилтуудаа шинэ Төмөр замын пуужингийн хорооныхоо хүчээр хийсэн байна. Туршилтын явцад шинэ хэт авиан пуужингийн чадвар, бат бэх байдал, техникийн үзүүлэлтүүдийг шалгажээ. БНАСАУ стратегийн зэвсэг бүтээх таван жилийн төлөвлөгөөнийхөө хүрээнд дуунаас хурдан зэвсэг бүтээх ажлаа үргэлжлүүлнэ гэж мэдээлсэн юм.

Үүний дараа БНАСАУ зенитийн шинэ пуужин туршсан. Хойд Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагаас мэдээлснээр пуужинг хөөргөсөн зорилго нь хөөргөгч аппарат болон шинэ пуужингийн техникийн үзүүлэлтүүдийг шалгах байжээ. БНАСАУ-ын Цэргийн шинжлэх ухааны академийн бүтээсэн шинэ пуужингийн туршилт нь практикийн том ач холбогдолтой аж.

БНАСАУ чухал ач холбогдолтой стратегийн зэвсэг бүтээх зорилтынхоо хүрээнд мөн пуужингийн эд анги, хөдөлгүүр, удирдлага, чиглүүлэлтийн систем, цэнэгт хошуу зэрэг хэд хэдэн туршилтыг амжилттай хийжээ.

Түгшүүр

НҮБ болон Их Британи, Япон, БНСУ, АНУ зэрэг улс Хойд Солонгосын пуужингийн туршилтуудын дараа тус улсыг пуужин туршихаа зогсоохыг уриалсан юм. Солонгосын хойгийн байдал түгшүүр дагуулж, Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох асуудал шийдэгдээгүй хэвээр байгаад олон улс түгшиж буй.

Тэгвэл НҮБ-д суугаа Хойд Солонгосын байнгын төлөөлөгч “БНАСАУ АНУ болон Өмнөд Солонгосын аюулгүй байдлыг зөрчөөгүй” гэсэн мэдэгдэл хийсэн юм. НҮБ дахь Хойд Солонгосын байнгын төлөөлөгч Ким Сон Ерөнхий ассамблейн 76 дахь их хурлын үеэр “Хойд Солонгос АНУ, Өмнөд Солонгос болон бусад хөрш орныхоо аюулгүй байдалд хэзээ ч заналхийлэхгүй” гэсэн байна. Түүний ярьж буйгаар АНУ болон Өмнөд Солонгосын зүгээс ирж байгаа цэргийн заналхийлэл завсар чөлөөгүй нэмэгдэж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.17.13) 2021 оны 10 сарын 04

Boldogson bol gadni noloogui 2 lahnaa shiidchihdeg bol...

0  |  0
Top