Нобелийн 7 хоног анагаах ухааны салбарын шагналтнуудыг зарласнаар эхэлнэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 04

Өнөөдөр /2021.10.04/ Стокхолм хотноо Нобелийн долоо хоног физиологи, анагаах ухааны салбарын шагналтнуудыг тодруулснаар эхлэх гэж байна. Энэ сарын 5-нд физик, 6-нд хими, 7-нд уран зохиолын салбарын Нобелийн шагналын эзэд тодрох бол 8-нд Осло хотноо Нобелийн энх тайвны шагналтныг зарлах юм. Харин 1968 онд Шведийн Төрийн банкнаас бий болгосон Алфред Нобелийн нэрэмжит эдийн засгийн салбарын шагналын эзэн энэ сарын 11-ний өдөр тодорно.

Энэ жил физиологи, анагаах ухааны салбарын шагналыг коронавирусний эсрэг вакцин үйлдвэрлэхэд ашигласан мРНК технологийн судлаачид болох АНУ-ын биохимич Каталин Карико, Дрю Вайсман нар авах магадлал өндөр байна гэж Шведийн шинжээчид таамаглаж байна. Мөн дархлааны тогтолцооны Т болон В-эс хэрхэн бүрэлддэгийг тайлбарласан Австралийн эрдэмтэн Жак Миллер, АНУ-ын судлаач Макс Купер болон Хантаан вирусийг нээсэн Карл Жонсон /АНУ/ болон Хо Ван Ли /БНСУ/, үрэвслийн хурц үеийн гол холбогч интерлейкин-6 цитокиныг нээсэн Японы Тошио Хирано, Тадамицү Кишимото зэрэг эрдэмтэд шагнал авах магадлалтай нэр дэвшигчдээр тооцогдож байна.

2020 онд физиологи, анагаах ухааны Нобелийн шагналыг гепатит С вирусийг нээсэн АНУ-ын молекул биологич Харви Олтер, Чарлз Райс болон Их Британийн эрдэмтэн Майкл Хоутон нар хүртсэн билээ.

1901 оноос хойш физиологи, анагаах ухааны Нобелийн шагналыг нийт 222 эрдэмтэн хүртэж байжээ. Хамгийн залуу шагналтнаар инсулинийг нээсэн Фредерик Бантинг /32 нас/ 1923 онд тодорч байсан бол хорт хавдар үүсгэгч генийн вирусийг нээсний төлөө 1966 онд Нобелийн шагнал хүртсэн Пейтен Роус /87 нас/ хамгийн ахмадад тооцогддог.

Шагнал гардуулах ёслол Нобелийн нас барсан өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-нд болно. Уламжлал ёсоор Нобелийн шагналыг Стокхолмын филармоны ордонд Шведийн хаан XVI Густав гардуулдаг ч цар тахлын улмаас ёслолын ажиллагаа хоёр дахь жилдээ цахим хэлбэрээр болно.

Энэ жил Нобелийн шагналыг дагалдах мөнгөн шагналын хэмжээ нь өмнөх оныхтой адил 10 сая крон буюу 1.53 сая ам.доллар байх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top