Эмнэлгийн орны 60 орчим хувийг ХӨНГӨН өвчилсөн иргэд эзэлж байна

2021 оны 10 сарын 04

Нийслэлийн Онцгой Комиссоос өнгөрсөн баасан гарагт /2021.10.01/ мэдээлэл хийхдээ “Одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 80 орчим хувь нь хүнд, хүндэвтэр, маш хүнд гэсэн оноштой байна. Үлдсэн 20 хувь нь хөнгөн шинж тэмдэгтэй боловч жирэмсэн, хавсарсан суурь өвчтэй, хавдрын шинж тэмдэгтэй, эмнэлгийн байнгын хяналтад байх шаардлагатай хүмүүс байгаа юм” гэж байсан.

 

Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.10.04/ өгч буй тоон мэдээллээс үзэхэд эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгүүлж буй иргэдийн 60 орчим хувь нь биеийн байдал хөнгөн хүмүүс байна. Тодруулбал, ковидын улмаас 22.429 иргэн эмнэлэгт хэвтэж буйгаас:

 

  • Хөнгөн-13.428

 

  • Хүндэвтэр-6501

 

  • Хүнд-2126

 

  • Маш хүнд-374 иргэн байна.

 

Харин гэрийн хяналтад  59.045 өвчтөн байгаа аж. Тодотгоход, уг өвчлөлийн тархалт нэмэгдэхийн хэрээр хүнд хэлбэрээр өвчлөгсдийн хувь дагаж өсч буй ч, өнгөрсөн нэг жилийн туршид эмнэлэгт хэвтэн тусламж авч буй иргэдийн 50-иас илүү хувь нь хөнгөн хэлбэрээр өвдсөн иргэд байгаа.

Тиймээс ковидын тархалт өндөр, нийгмийн эрүүл мэндийн эрсдэл бодитой байгаа учраас Засгийн газар, түүн дотроо эрүүл мэндийн салбар цар тахлыг даван туулах эрсдэлээ удирдах, илүү маневр сайтай ажиллах шаардлага тулгарсан хэвээрээ байгаа талаар бид сануулан, бичиж байсан.

Эмнэлгийн орны 50-иас илүү хувийг ХӨНГӨН өвчтөнд зориулах нь цагаа олсон бодлого уу?, Их наядаар төсвөө тодотгоод ч ковидын эрсдэл БУУРСАНГҮЙ гэсэн гарчиг бүхий бичвэрүүдийг Zindaa.mn сайт өнгөрсөн сард хүргэж байсан билээ.

Эрүүл мэндийн яамны зүгээс өөрсдийн байгаа боломж нөөцөөрөө л ажиллаж байна гэсэн мэдээллийг тогтмол өгч байсан.

Гэвч эмнэлгийн тусламж үнэхээр авах шаардлагатай байгаа иргэд эмнэлгийн гадаа ирээд амиа алдаж буй харамсалтай жишээнүүд Эрүүл мэндийн салбарт бодлогын нөөцөө оновчтой удирдвал орон зай байгааг нэхэн, сануулсаар ирсэн.

Түүнчлэн есдүгээр сарын сүүлчээр коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журмыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд гаргасан. Журмыг хэрэгжүүлэх Ажлын багт ЭМЯ, НЭМГ, Эмийн хяналтыг зохицуулах газар, ЭМДЕГ зэрэг газруудын төлөөлөл багтсан юм. Улмаар эмнэлгүүд өөрсдөө хэвтэн эмчлүүлэгсдээ шууд хүлээн авдаг байсан бол журмын дагуу байгуулагдсан Ор зохицуулалтын баг эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэж үзсэн өвчтөнүүдийг эмнэлэг рүү илгээдэг болж байгаа юм. ЭМЯ, ЭМДЕГ, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдийн төлөөллөөс бүрдсэн Ор зохицуулах баг эхний ээлжинд нэмж орж дэлгэх гэхээсээ хүндрэл чирэгдлийг багасгах, нарийвчилсан зохион байгуулалтыг хийхэд анхаарна гэсэн мэдээлэл өгч буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top