Их наядаар төсвөө тодотгоод ч ковидын эрсдэл БУУРСАНГҮЙ

2021 оны 09 сарын 27

Хоёр сар гаруйн өмнө УИХ-аас энэ оны төсвийг тодотгож, 1.5 их наяд төгрөгийн зардал нэмэгдүүлснээр, нийт алдагдал нь 3.6 их наяд төгрөг  болж өссөн билээ. Өндөр алдагдал дагуулсан тодотголын төслийг Сангийн сайд Б.Жавхлан анх танилцуулахдаа, ковидын эсрэг зарцуулагдах концепцитэй хэмээн тодотгож байв.

 

1.5 их наяд төгрөгөөс 735.1 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар тусгаснаас, 110 тэрбум төгрөгийг нь халдварын тархалт нэмэгдсэнтэй уялдан гарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор  шаардлагатай ECMO, CRRT, амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, нийслэлд нэмэлтээр ковидын 2,000 ор дэлгэхэд шаардагдах зардалд зарцуулахаар баталсан юм. 

 

Бусад зардлуудыг танилцуулбал:

 

  • Резидент эмч нар, эрүүл мэндийн чиглэлээр төгсөх дамжаанд суралцаж байгаа оюутан, сайн дурын ажилчдыг цар тахлын эсрэг тусламж, үйлчилгээг хүргэхэд эмнэлгүүдэд нэмэлт хүч болгон  ажиллуулахад шаардагдах цалингийн зардал 3.7 тэрбум төгрөг;

 

  • Цар тахлын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг дэмжих зорилгоор “улаан бүс”-д ажиллаж байгаа 13.0 мянган эмч, ажилчдад 2.0 сая төгрөг, эрүүл мэндийн салбарын бусад 19.5 мянган ажилчдад 1.0 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоход зориулж нийт 45.6 тэрбум төгрөг;

 

  • Ковид-19 шинэ хэлбэрийн халдвар дэгдэх, өвчлөлийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлээс сэргийлэх, эрт илрүүлэхэд нэн шаардлагатай молекул биологийн шинжилгээний урвалж, оношлуур, вирусын эсрэг эмийн нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай зардал 61.9 тэрбум төгрөг;

 

  • Манай улсад тархсан Ковид-19 вирусийн төрөл, хэлбэр болон вирусийн эсрэг хийсэн вакцины үр нөлөө,  дархлааны хамгаалах идэвхийг судлах судалгаанд зориулж 2.4 тэрбум төгрөг;

 

  • Хүн амд халдварт вирус болон түүнээс урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд эмчлэх талаар зохих мэдлэг, мэдээлэл олгох, заавар зөвлөмжийг хүргүүлэхэд зориулж 6.6 тэрбум төгрөг;

 

  • Эрүүл мэндийн салбарын мэдээллийн нэгдсэн цахим тогтолцоог бүрдүүлэх, өвчтөний мэдээлэл, өвчний түүх, дүрс оношилгооны мэдээллийг архивлан хадгалах, мэдээлэл солилцох, телемедицин, зайн анагаах ухааныг цогцоор нь хөгжүүлэхэд шаардлагатай программ хөгжүүлэлт, коронавируст халдвар (КОВИД-19)-ыг илрүүлэх болон дархлаажуулалтын цахим системд нэмэлт өөрчлөлтийг хийхэд нийт 3.0 тэрбум төгрөг;

 

  • Вакцины хяналтын лабораторийн болон эрүүл мэндийн салбарын зайлшгүй шаардлагатай бусад ТЭЗҮ боловсруулахад шаардагдах зардал 8.0 тэрбум төгрөгийг тус тус тусган баталсан.

 

Төсвийг ийнхүү тодотгосноор эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлгүүдийн хүчин чадал, тоног төхөөрөмжийн хүчин чадал, хүндэрсэн өвчтөнүүдэд үйлчилгээ үзүүлэх хурд, хүртээмж илүү нэмэгдэнэ гэсэн хүлээлт дагаж байсан.

 

Тэгвэл ковидын эрсдэлийг бууруулахад чиглэсэн төсвийн тодотгол батлагдсанаас хойших хоёр сар гаруйн хугацаанд вакцинжуулалтад хүн амын 65 хувь хамрагдаж, бүс нутагтаа тэргүүлэх түвшинд байгаа ч, бодит байдал дээр халдварын тархалт нэмэгдэж, хоёр сар гаруйн өмнөхөөс 200 гаруй мянгаар олон хүн уг өвчнөөр өвчилж, амиа алдагсдын тоо хоёр дахин өсөж, 1133 болоод байна.

ЭМЯ, холбогдох байгууллагуудын зүгээс халдварын тархалт, нас баралтыг бууруулахын тулд  өөрсдийн боломж нөөц байгаа хүчин чадлаараа л тэмцэж байна, биеийн байдал нь хүндэрсэн өвчтөнүүдийг хүлээн авах ор, хүний нөөц байхгүй гэсэн мэдээллийг өгч байгаа юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дотоодод  халдварын тархалт бүртгэгдсэнээс хойш эрүүл мэндийн байгууллагууд, эмч, мэргэжилтнүүд арван сарын хугацаанд өндөр ачаалалтай ажиллаж буйг хаа хаанаа мэдэж байгаа.

Хэдий тийм ч, эдийн засаг, нийгмийн амьдралыг  цаашид тогтвортой сэргэлттэй байлгахын тулд цар тахлын халдварын тархалтын эрсдэлийг бууруулахаас өөр боломж байхгүй гэсэн зөвлөгөөг Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Төсөв тодотгох үед буюу долоодугаар сарын 5-ны өдрийн байдлаар ковидын өвчлөлийн улмаас 14.100 иргэн эмнэлэгт, 25.691 иргэн гэртээ өөрийгөө тусгаарлан,  эмчилж байв. Тэгвэл өнөөдрийн /2021.09.27/ байдлаар  21.501 иргэн эмнэлэгт, 65.419 иргэн гэрийн хяналтад байна.

Тэгэхээр хоёр сарын өмнөхтэй харьцуулахад нэг өдрийн байдлаарх халдвартай нийт өвчтөний тоо 2 дахин буюу 46 мянгаар өсчээ.

Харин ковидтой өвчтөнийг хүлээн авах эмнэлгийн ор хоёр сарын өмнөхөөс 7 мянга орчимоор нэмэгдсэн байна. Гэхдээ долоодугаар сарын байдлаар ч, өнөөдрийн байдлаар ч эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгүүлж байгаа өвчтөнүүдийн 50-иас дээш хувийг биеийн байдал нь хөнгөн өвчтөнүүд эзэлсэн үзүүлэлт хэвээрээ байгаа юм.

Халдварын тархалт өсөхийн хэрээр, нийт өвчтөнд эзлэх хүнд өвчтөний тоо нэмэгдэнэ. Тиймээс нөхцөл байдалтай уялдуулан эмнэлгийн орны 50-иас дээш хувийг хүнд өвчтөнүүдээ нээлттэй байлгах ёстой гэдэг асуудал ярихаар ЭМЯ-ны зүгээс “Бидний нөөц боломж л энэ байна” гэсэн хариулт өгөөд байгаа.

Засгийн газраас эрүүл мэндийн салбарынхаа үйл ажиллагаанд гол ач холбогдлоо өгөөд, төсөв мөнгө хуваарилаад байхад, боломж, нөөцөө оновчтойгоор нэмэгдүүлэх, хүндэрсэн өвчтөнүүдэд эмнэлгийн үйлчилгээг тулж үзүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд авах шаардлагатай баймаар.

Гэвч энэ тал дээр учир дутагдалтай зүйлс ихээхэн байгаа нь ковидоор гэртээ амьсгал хурааж буй талийгаачдын харамсалтай хийгээд бодит жишээнүүд харуулж байна.

Төсвийн тодотголд тусгасан зардлууд нь хүндээр өвчилсөн иргэддээ тулж үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдээгүй юм аа гэхэд, халдварын тархалтыг бууруулахад чиглэсэн баймаар. Гэвч тархалт нь ч өсөөд, нас баралт нь ч өсөөд, салбар хариуцсан сайд нь хэвлэлээс зугтаасан байдалтай.

Тодотгол батлагдсанаас хойш худалдан авалт хийсэн хүчилтөрөгчийн аппаратуудынх нь нэхэмжлэлийг харахаар хэдэн сарын өмнөх буюу өнгөрсөн хавар 4-5 дугаар сарын үеийнх байгаа юм. Тэгэхээр ковидын үед хэрэгцээ шаардлагатай нь тодорхой болсон аппарат хэрэгслүүдийг татан авах тал дээр ч Засгийн газар, түүн дотроо ЭМЯ асуудлаа танилцуулах, шийдвэрлүүлэх тал дээр хойрго л ажилласан дүр зураг харагдаж байна.







 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top