Д.Тогтохсүрэн: Ирээдүйн өв сангийн орлогыг зөвхөн хүүхдийн мөнгө, хуримтлалд зарцуулах нь зүйтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр /2021.10.05/ цаг үеийн сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


-УИХ-ын намрын чуулганаар хэчнээн хуулийн төслийг хэлэлцэх вэ. Гол хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Намрын чуулганаар хэлэлцэхээр жагсаалтад орсон 250 орчим хуулийн төсөл бий. Зарим нь шинээр өргөн барьсан, зарим нь нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүд байна. Эхний ээлжид дөрвөн чиглэлд онцгой анхаарч, УИХ-аар хэлэлцүүлж, бэлтгэлийг хангана. Нэгдүгээрт, эдийн засгийг сэргээх эрх зүйн орчин бүрдүүлэхэд анхаарна. Татварын, хөрөнгө оруулалтын, худалдаа, аж үйлдвэрийн танхимын, тусгай зөвшөөрлийн чиглэлээр хуулиуд байна. Энэ хуулиудыг аль болохоор хурдан гаргах шаардлагатай. Хоёрдугаарт, 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд эрхзүйн шинэчлэл бүхий хуулиудаас нэн даруй хэлэлцэх нь зүйтэй. Үүн дотроо Парламентын хяналтын тухай хууль, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль, бусад хууль байна. Гуравдугаарт, 2022 оны Төсвийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр өргөн барьсан. Энэ асуудлыг сар гаруйн хугацаанд хэлэлцэж, хуулийн хугацаанд нь батална гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн. Дөрөвдүгээрт, мөрийн хөтөлбөрт тусгасан хэдэн том асуудал бий. Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн асуудал, Төрийн болон нийтийн өмчийн тухай хууль, Төрийн өмчит компанийн тухай хууль, Газрын тухай хууль гээд эдийн засагт эрс шинэчлэл хийх багц хуулиудыг энэ намрын чуулганаар даруй хэлэлцэж, шийдвэрлэх шаардлагатай байна гэж бүлэг үзсэн. Ийнхүү энэ удаагийн бүлгийн хурлаар 2021 оны намрын чуулганы хэлэлцэх асуудал, тэр дотроо тэргүүн ээлжид анхаарч ажиллах шаардлагатай хууль, эрх зүйн орчны талаар хэлэлцэж, шийдвэрүүд гаргалаа.

-МАН-ын бүлгийн гишүүд ирэх оны төсөвт Засгийн газраас оруулж ирсэн хувил­барыг дэмжих үү гэдэгт санал хэлэлцэв үү?

-Энэ сарын 11-ний МАН-ын бүлгийн хурлаар төсвийг нэгбүрчлэн хэлэлцэнэ. Төсвийг хугацаанд нь батлахаас өөр арга байхгүй. Бүлгийн хурлаар хэлэлцээд, ажлын хэсэг гараад арваннэгдүгээр сарын 15-ны дотор багтааж батална. Дараагийн хурлаар хэлэлцэх үед дэмжих, дэмжихгүй тухай ярилцана.

-Шатахууны хомсдол зэрэг цаг үеийн асуудлаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл сонсгоно гэж өнгөрсөн долоо хоногт та хэлж байсан. Энэ тухай хэзээ хэлэлцэх вэ?

-Ирэх долоо хоногийн нэг дэх өдөр цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцэнэ. Энэ хүрээнд ковид-19 халдвар, шатахуун, уул уурхайн үйлдвэрлэл, экспорт, импорттой холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

-Хүүхдийн мөнгийг хуримт­луулах тухайд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газраас 0-5 настай хүүхдэд хүүхдийн мөнгө бэлнээр олгох, түүнээс дээш насны хүүхдүүдэд хуримтлал хэлбэрээр олгох, хуримтлалыг зөвхөн боловсрол, эрүүл мэндэд нь зарцуулах чиглэл гаргасныг дэмжиж байгаа. Жишээлбэл, 0-18 нас хүртэл хуримтлал үүсгэсэн хүүхэд том болоод 20 гаруй сая төгрөгтэй болсон байна. Хуримтлалаар хүүхдийн сургалтын төлбөрөөс эхлээд олон асуудлыг шийдэх боломжтой. Хамгийн чухал нь хүүхдийн мөнгийг зөвхөн бэлнээр өгөхөөр халамж болохоос гадна хүүхдэд өөрт нь зарцуулагдахгүй байна. Тиймээс Засгийн газраас орж ирж байгаа хуримтлал бий болгох хувилбар маш зүйтэй. Дараагийн асуудал нь Ирээдүйн өв сангийн орлого тодорхой нэг зүйлд зарцуулагдах ёстой. Байгалийн баялгийг ард түмэндээ хүргэх хэлбэрийг хүүхдээрээ дамжуулж, Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, зөвхөн хүүхдийн мөнгө, хуримтлалд олгохоор болж байгаа.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өмнө нь тэрбум мод тарих асуудлаар хуралдсан. Өнгөрсөн баасан гарагт мөн хаалт­тай хуралдлаа. Мод тарих асуудал хэт улстөржөөд байна уу. Ковид-19 халдварын хажуу­гаар мод тарих асуудалд анхаарлаа хандуулах нь зөв үү?

-Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий­лөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл оруулж ирсэн. Үүнд, модтой холбоотой асуудал огт яригдаагүй. Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдлын асуудалд УИХ, Засгийн газраас хэрхэн анхаарвал зохих талаар хаалттай хэлэлцсэн.

-Ер нь Аюулгүй байдлын зөвлөлөөр модны асуудлыг хэлэлцэх нь хэр зохимжтой вэ?

-Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд сүүлийн таван жилд цөлжилт 72.5 хувьд хүрсэн гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэл гаргасан байсан. Цөлжилт ийм өндөр үед УИХ дахь Цөлжилтийн лобби бүлгийг байгуулсан. Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод, Дорноговь аймаг их хэмжээгээр цөлжсөн. Цөлжилтийн эсрэг бид олон арга хэмжээ авах шаардлага байна.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top