Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний алба хаагчид Дойтын ам сургалтын талбайд өнөөдөр (2021.10.05) өндөрлөх “Сэлэнгэ” олон улсын хээрийн сургуулилтын үеэр анх удаа тагнуул цохилтын комплексыг хэрэглэсэн тухай ОХУ-ын Дорнын цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, байд өгөх цохилтыг нисгэгчгүй нисдэг аппаратаар хянасан байна. Ингэхдээ дронууд удирдлагын төвд цохилтын чиглэлийн талаарх мэдээллийг рийл тайм (Бодит цаг) зарчмаар өгч байжээ. Түүнчлэн, агаараас тагнах, галаар дэмжлэг үзүүлэх, агаараас минажуулах зэрэг сургуулилтыг гүйцэтгэсэн байна.
Үүнээс гадна, хоёр улсын танк болон механикжсан явган цэргийн анги, нэгтгэлүүд хамтран тагнан хайх, дайралт хийх даалгаврыг гүйцэтгэжээ. Агаарын довтолгооноос хамгаалах нэгтгэлүүд хөдөлгөөнт “Шилка” болон “ЗУ-23-2” зенит пуужингийн төхөөрөмжийн тусламжтай болзолт дайсны нисдэг аппаратуудыг устгаж, болзолт дайсны хөнгөн хуягт техник бүхий байд цолхилт өгчээ.
Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ” хээрийн сургуулилтыг жил бүр хоёр улсын нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулдаг билээ. Хээрийн сургуулилтын гол зорилго нь олон улсын терроризмтой тэмцэхэд чиглэдэг.
Өнгөрсөн есдүгээр сарын 23-наас эхэлсэн арга хэмжээнд 1.5 мянган цэргийн алба хаагч, 200 гаруй цэргийн техник оролцож байна. Энэ жилийнхээрийн сургуулилт Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жил, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм.
Олон улсын “Сэлэнгэ” хээрийн сургуулилт өнөөдөр өндөрлөнө.
Сэтгэгдэл ( 0 )