Коронавирус анх 2012 онд нас барсан Хятадын уурхайчны биед хувьсан өөрчлөгдсөн байж болзошгүй гэж АНУ-ын “Bioscience Resource Project” судалгааны байгууллагын Гүйцэтгэх захирал Жонатан Латэм үзэж байна.
“The Daily Telegraph” сонинд бичсэнээр, нэг хүний биед удаан хугацаанд байхдаа вирус хөгжлийн явцдаа “үсрэлт” гаргаж, олон дахин хувьсан өөрчлөгддөг гэж судлаач ярьжээ.
Вирус “Sars-Cov-2” коронавирусийг үүсгэх хүртлээ уурхайчны биед олон зуун удаа мутацлагдсан гэжээ. Энэ тохиолдолд вирусний олон арван жилийн хөгжлийн явц зургаан сарын дотор өрнөжээ. Латэмын дэвшүүлсэн таамгаас үзвэл, ийм хувьсал 2012 онд нууцлаг өвчин туссан уурхайчны уушгинд өрнөсөн ба харин вирус уурхайчдын дунд гарсан халдварт өвчний үед Уханийн лабораторийн авсан сорьцоос алдагдсан гэжээ.
2012 онд Ухань хотоос 1500 км зайд орших Можян хошууны зургаан уурхайчин сарьсан багваахайн сангас цэвэрлэх зорилгоор тус хошуун дахь хаягдсан зэсийн уурхай руу орсны дараахан бүгд хүнд өвдсөн байна. Тэдэнд бүгдэд нь халуурах, ханиах, уушги гэмтэх зэрэг ковид-19-тэй төстэй шинж тэмдэг илэрсэн байна. Тэдний гурав нь халдварын улмаас нас барсан бол бусдынх нь эмчилгээ зургаан сар үргэлжилсэн нь коронавирусийг хүний биед дасан зохицож, хувьсан өөрчлөгдөхөд хүргэсэн гэж Латэм дүгнэжээ.
Хожим нь Уханийн вирус судлалын хүрээлэнгийн эрдэмтэд тус уурхайд очин, уурхайчдад илэрсэн өвчин үүсгэгчийг судлах зорилгоор сарьсан багваахайгаас сорьц авчээ.
2012-2015 оны хооронд тус уурхай болон ойр орчимд давхардсан тоогоор 300 коронавирус илэрсэн байна. Эдгээрийн дунд RaTG13 гэж нэрлэгдсэн коронавирус илэрчээ. Энэ вирусийн генийн дараалал SARS-CoV-2 коронавируснийхтэй 96.2 хувь ижил ба ковид-19 үүсгэгчийн ойрын өвөг гэж үзэхэд хүргэж байна. Бүтцийн хувьд RaTG13 болон SARS-CoV-2 нь маш төстэй хэдий ч RaTG13 вирус хүний эсэд нэвтрэх чадвар сул гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )