Энэтхэгт хөрсний гулгалт, үерийн улмаас 26 хүн амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 18

 

Энэтхэгийн баруун өмнөд Керала мужид хүчтэй аадар борооны улмаас үүссэн хөрсний гулгалт болон үерт дор хаяж 26 хүн амиа алдаад байна.

Тус мужийн ерөнхий сайд Пинарайи Вижаяны мэдэгдсэнээр, 100 гаруй түр хорогдох байр байгуулж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Керала мужийн засгийн газрын хүсэлтээр, байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад армийг дайчлан, аврах ажиллагаанд оролцуулж байна. Түүнчлэн, цэргийн нисдэг тэрэг, хуурай замын болон тэнгисийн цэргийн хүчний анги нэгтгэлүүдийг дайчилжээ. Хэдэн хүн ор сураггүй алга болсныг одоогоор тогтоогоогүй байна.

Энэтхэгийн Цаг уурын газрын мэдээллээр, Керала мужид даваа гарагаас эхлэн цаг агаарын байдал сайжрах ч Хималайн бүс нутгийн Уттараханд болон Химачал Прадеш мужид ойрын өдрүүдэд маш хүчтэй аадар бороо орно гэж сэрэмжлүүлж байна.

2018 онд тус мужид сүүлийн зуун жил болоогүй их хэмжээний үер буусны улмаас 500 орчим хүн амиа алдаж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top