Авто сэлбэгийн худалдаанд хяналт тавьдаг байгууллага алга

2021 оны 10 сарын 29

Өнөөгийн нийгэмд дайн болж байгаа мэт зам тээврийн ослоор олон мянган хүн амь насаа алдсаар байна. Өнгөрсөн онд гэхэд л зам тээврийн осол гарсан тоо улсын хэмжээнд 21768 бүртгэгджээ.

Дунджаар нийт зам тээврийн ослын 90 хувийг жолоочийн буруутай үйлдлээс үүссэн гэж үздэг байна. Үлдсэн цөөн хэдэн хувийг явган зорчигч болон жолоочоос хамааралгүй техникийн гэмтэл эзэлдэг гэсэн статистик судалгаа байдаг билээ.

Жолоочоос хамааралгүй техникийн гэмтэлд хүрд гацах, тоормос барихгүй болох, гэрэл дохионы саатал, хөдөлгүүрийн гэмтэл гэх зэрэг хүчин зүйлс ордог байна. Үүнээс сэргийлэхийн тулд автомашиныг үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдаж, гэмтэл гарсан тохиолдолд тухай бүрд нь засварлах нь техникийн гэмтлээс шалтгаалах ослыг бууруулна хэмээн зөвлөдөг билээ. Гэтэл бодит байдал дээр энэ нь хэрхэн биелэгдэж, гаднаас оруулж ирж буй авто сэлбэгийн чанарын асуудалд ямар албан байгууллага хяналт тавьж байгаа талаар тодруулсан юм.

Харамсалтай нь, авто сэлбэгийн чанар, ашиглах хугацааны асуудалд анхаардаг албан байгууллага гэж манай улсад байдаггүй бололтой. Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн газар, Гаалийн ерөнхий газар зэрэг албан байгууллагууд “Энэ асуудал манай байгууллагад хамаардаггүй” гэх хариултыг өгч байлаа. Түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан, километрын тоо нь гүйцсэн, чанаргүй авто сэлбэг худалдаалж буй зөрчил хэр их гардаг талаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас тодруулахад “Манай зүгээс авто сэлбэгийн газруудад хяналт, шалгалт хийдэггүй. Хуулиндаа тийм зохицуулалт байхгүй” гэсэн юм. Нэг ёсондоо авто сэлбэг нь хяналт, шалгалтгүй худалдаалагддаг бөгөөд үүнийг бодлого тодорхойлох түвшинд шийдэж өгөөгүй болж таарлаа. Гэтэл үүнээс үүдэн ил, далд хэлбэрээр хэдий хэр хэмжээний иргэн амь нас, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байгааг таашгүй.

Улаанбаатар хот төдийгүй орон нутаг, аймаг, сумдаар авто засвар, сэлбэгийн газрууд булан эргээд л төрөл бүрээрээ эгнэн байрласан байдаг. Улаанбаатар хотод жолоочдын хамгийн их сонгон үйлчлүүлдэг газар нь “Өгөөмөр” зах юм. Тус төвийн хаалгаар ормогц л автомашины тосны үнэр ханхалж, машины хар дугуйг хэдэн давхраар нь өрсөн байдаг. Тус захад байх нэгэн авто сэлбэг рүү ороход л “Оргинал сэлбэг” гэх тодотголтой, манайх хамгийн сайн нь гэж ам уралдан хэлцгээж байв. Харин гарал үүслийн  гэрчилгээг нь асуувал гаргаад өгөх нь ховор. Эдгээр авто засваруудад ихэнхдээ өмнө нь ашиглагдаж байсан хуучин сэлбэг зардаг гэдгийг хэн бүхэн мэдэх биз ээ. Гэсэн хэдий ч худалдаалагч, худалдан авагч аль, аль нь байсаар байдаг.

Авто сэлбэгийн бараа авахдаа хэрхэн сонгодог талаар 35 эргэм насны залуугаас асуухад “Үнэ нь гайгүй болохоор “Өгөөмөр” захаас сэлбэг худалдаж авдаг. Мэдээж эдийн засаг хүнд байдалд орсон үед үнэтэй сэлбэг авч чадахгүй шүү дээ. “Өгөөмөр” захаас авсан наклад гэхэд л үсрээд нэг жил гаруй болдог. Гарал үүслийн гэрчилгээг асуух нь зөв. Гэхдээ би асуудаггүй. Авто сэлбэг зарах зөвшөөрөлтэй болоод худалдаалж байгаа байлгүй дээ” гэсэн юм. Манай улсад шинэ эд анги, сэлбэг үйлчилгээ бий.

Машины сэлбэг бол тухайн тээврийн хэрэгслийн хувьд эм юм. Бид бие өвдөхөөр тохирсон эмийг, эмчийн заавраар уугаад эдгэрдэг. Яг л үүн шиг автомашины эд анги бүхэн үүргээ гүйцэтгэх хэмжээний чанартай байх ёстой. Гэвч ашиглах хугацаа нь дууссан эсвэл аль хэдийн элэгдлийн 50 хувьдаа хүрсэн эд ангийг авч хэрэглэснээс эрүүл мэнд, амь нас, эдийн засаг, сэтгэл санаагаараа хохирч буй иргэд цөөнгүй бий.

Тухайлбал, энэ сарын 13-нд Хан-Уул дүүргийн иргэн Э.Одгэрэл Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг хүрэх замдаа хоёр удаа дугуй нь хагарч жолоодлогоо алджээ. Хөвсгөл аймагт очсон хоёр дахь өдөр солиулсан дугуй нь  мөн л хагарсан байна. Машины дугуй нь хагарах тоолонд авто засварын газарт байх аль чанартай гэснийг хийлгэсэн боловч дахин, дахин дугуйгаа сольж эдийн засаг цаашлаад сэтгэл санааны хүнд байдалд орсноо мэдээлсэн юм. Тэрбээр “Ингэж олон дахин сольж илүү зардал гаргасны оронд анхнаасаа шинэ дугуй авах байлаа.

Авто сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээний газар бүрд итгэх арга алга. Чанарын баталгаа ч байхгүй байна” хэмээн халаглан ярьж байлаа. Энэ мэтээр иргэдэд чанаргүй, “насгүй” авто сэлбэг нийлүүлж байгаад аль нэг албан байгууллага хяналт тавихгүй байгаа нь харамсалтай.  Өмнө нь ашиглаж байсан сэлбэг авахгүйгээр шинэ, чанартай, шаардлага хангахуйц эд анги авах гэхээр үнэ, ханшийн хувьд өндөр байдаг. Энэ талаар Багануур дүүргийн иргэн С.Батболд "Худалдаалагдаж буй автомашины сэлбэгүүд эдэлгээ даах чадвар муу, богино хугацаанд ашиглагддаг.

Гаднаас оруулж ирсэн хуучин сэлбэг гэдгийг мэддэг хэдий ч авахаас өөр арга байхгүй. Нөхцөл байдал, эдийн засгийн боломждоо тааруулж байгаа нь энэ шүү дээ. Үүнээс үүдэн үүсэж буй хор уршгийн талаар зөндөө л мэдээлэл байна. Байгаа юмыг авахгүй гээд яахав дээ” хэмээн учирлав. Магадгүй өдөр бүр гарч буй автомашины ослын шалтгааны дийлэнх нь мэдлэггүй, мөнгөгүй жолоочийн өнөө, маргаашаа бодож авсан хуурамч сэлбэгтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй.  Автомашин эзэмшигчид сэлбэг худалдан авахдаа хариуцлагатай хандаж, чанар стандартын бичиг баримтыг нь шалгаж байх нь чухал. Мөн төр засгаас бодлогын түвшинд зохицуулалт хийх шаардлагатай. Сэлбэг худалдаалагчид үнэн зөв мэдээллээр хангах үүргийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ашиглах хугацаа нь дууссан хуучин авто сэлбэгийн худалдаагаар нэг талд хэсэг бүлэг хүмүүс ашиг орлогоо нэмэгдүүлж нөгөө талд нь  иргэд, олон нийт эдийн засаг, эрүүл мэнд, амь насаараа хохироод байж болохгүй шүү дээ.

Д.МЯГМАРЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(64.119.23.232) 2021 оны 10 сарын 29

Нуухыг нь авах гээд нүдийг сохолно гэгч болуузай, эм эмнэлгийн хэрэгсэл, хүнсээ яаөя гэж байхад юун шинэ хуучин сэлбэг хянах, тэгж байж таг зогсоов.

0  |  0
Top