Алтын төлөө Абэ Үтатай Кисүми Омори барилдах тухай яриа өрнөв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 12

Нөгөөдөр буюу энэ сарын 13-нд Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ эхэлнэ.

Дэлхийн 93 улсын 559 бөх бүртгүүлээд буйгаас эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн өрсөлдөөний талаар цухас өгүүлье.

Монголоос энэ жинд Л.Сосорбарам барилдана. Энэ жинд барилдахаар бүртгүүлсэн 35 тамирчдын чансааг 29 настай , олимпын наадмын мөнгө, хүрэл медальт Францын Амандин Бушар тэргүүлж байна. Чансааны аман хүзүүнд Олимпын алт, мөнгөн медальт, Косовогийн 29 настай Дистриа Красники бичигдсэн.

Япон улс энэ жинд хоёр бөхөө давхарлалаа. Нэг нь Абэ Үта. “Дэлхийн аварга болно” гэж хэдэн сарын өмнө амласан тэрбээр Японоос Унгар руу нисэхийнхээ өмнөхөн “Хамгийн шилдэг өрсөлдөгч байх болно” гэж арай даруухан үгс хэлжээ. Японоос түүнтэй давхарлаж ирж буй бөх бол Абэ Үтагийн онжав Кисүми Омори. Тэд энэ жил Бүх Японы АШТ-д тааран барилдахад Абэ Үта ялсан.

Тэднийг ДАШТ-д оролцохоор хөдлөхийн өмнөхөн алтын төлөө хоёулаа таарах магадлалын талаар ярьжээ. Энэ хоёр бөхийн хэн нэг нь 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадамд улсаа төлөөлөн оролцох магадлалтай учир өрсөлдөөн одоо эхэлж байна гэсэн үг.
 


"Хоёр сарын өмнө бид хоёр барилдаад үзчихсэн нь олзуурхууштай. Би тэр барилдаанаас дүгнэлт хийж, магадгүй тааран барилдаж мэдэх тул тусгайлан бэлдсэн. Энэ удаад би яллаа ч гэсэн Олимпын эрх авчихлаа гэсэн үг биш. Харин ялагдчихвал бид хоёрын хоорондын зөрүү улам ихэснэ” гэж Кисүми Омори өгүүлжээ.

Харин Абэ Үта “Дэлхийн шилдэг өрсөлдөгч болохын тулд би энэ том сорилттой тулахад баяртай байх болно” хэмээн өгүүлсэн юм.

Кисүми Омори “Их дуулга”-д гурван удаа түрүүлсэн бол Абэ Үта ДАШТ-д дөрвөнтээ түрүүлсэн. Хэрвээ энэ удаад түрүүлбэл япон жүдочдын дээд амжилтыг тогтоох юм.

52 кг-ын жингийн барилдаан ДАШТ-ий хоёр дахь өдөр болно.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.168) 2025 оны 06 сарын 12

Монгол гарч ирэхдээ бушуухан намайг савчихаасай гэсэн бодолтой гарч ирдэг

0  |  0
мангартаад байгаарай(66.181.160.59) 2025 оны 06 сарын 13

нэг аавын хүүхдүүд гэсэн дээ адилхан байна шүү\n

1  |  0
Close menu