Их Британи Польшийн хил рүү цэргээ илгээжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 13

Их Британийн Батлан хамгаалах яам дүрвэгсдийн хямрал үүсээд буй Польш, Беларусийн хил рүү цэрэг илгээснээ баталжээ.

Польшийн Үндэсний батлан хамгаалахын сайд Мариуш Блащакийн мэдэгдсэнээр, Британийн цэргүүд хилийн бүс дэх хаалтыг бэхжүүлэхэд туслах үүрэг хүлээсэн байна.

Өнгөрсөн зунаас эхлэн Польш, Беларус болон Балтын тэнгисийн улс орнуудын хил дээр Баруун Европ руу чиглэсэн Ойрх Дорнод, Африкийн улс орнуудын дүрвэгсэд цугларч эхэлсэн билээ. Нөхцөл байдал энэ сарын 8-наас хүндэрч хэлсэн. Одоогоор, Польш, Беларусийн хил дээр хоёр мянга гаруй хууль бус цагаачид цугларч, хуаран байгуулаад байна.

Өнгөрсөн хугацаанд Польшийн хүчнийхэн хил давах гэсэн хэд хэдэн оролдлогыг таслан зогсоожээ. Ингэхдээ Польшийн тал нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна.

Польш, Балтын тэнгисийн орнууд үүссэн нөхцөл байдалд Беларусийг буруутгаж байгаа бол Беларусийн тал барууны орнуудын тавьсан хориг арга хэмжээний улмаас дүрвэгсдийг тогтоон барих хүч, хөрөнгө байхгүй гэж мэдэгдсэн юм.

 

Top