Нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах урт хугацааны шийдэл нь орон сууцжуулалт гэж төрөөс үзэж байгаа билээ. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад 908.7 мянган өрх байгаагаас 30 орчим хувь нь орон сууцад амьдарч байгаа гэх тоо баримт бий.
Харин нийслэлийн нийт өрхийн 50 орчим хувь буюу 206 мянган өрх гэр хороололд амьдарч байгаа ажээ. Тэдгээр иргэдэд зориулсан ногоон орон сууцыг нэмэгдүүлэхэд орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай юм.
Үүнтэй холбоотойгоор Барилга хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд төрөөс орон сууцны талаар баримталж буй бодлогын талаарх мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр “Цаашдаа орон сууцны эрэлт нэмэгдэх төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд 2040 он гэхэд 685 мянган өрх айл амьдрах төлөвтэй байгаа. Учир нь нийт хүн амын тал хувь нь 25 хүртэлх насны иргэд байгаа юм. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 871 тэрбум төгрөгийн зээлийг 11.5 мянган зээлдэгчид олгосон байна. Цаашдаа ипотекийн зээлийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа. Энэ жилийн хувьд ипотекийн зээлд хамрагдалт 11.5 хувьтай байгаа. Орон сууцны үнийн сэргэлт ажиглагдаж байгаа ч үнийн хөөсрөлт үүсгээгүй. Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн бүрдүүлэлтэд хуримтлалын нэгдсэн сан болон зээлийн батлан даалтын санг оролцуулах хэрэгтэй. Тиймээс ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог цаашид зах зээлийн зарчимд нийцсэн, тогтвортой системд шилжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэв.
Төрөөс орон сууцны талаар баримталж буй бодлогыг урт болон богино хугацаанд ангилан үзэж байгаа ажээ. Ипотекийн зээлийн богино хугацаанд хамрагдсанаар 30 хувийн урьдчилгааны 20 хувийг хувь хүний хуримтлалаас хийвэл үлдсэн 10 хувийг зээлийн батлан даалтын сангаас гаргах юм. Харин урт хугацаанд 30 хувийн урьдчилгааны 25 хувийг цалингийн хуримтлал үүсгэн хийснээр үлдсэн хувийг зээлийн батлан даалтын сангаас гаргах ажээ. Зээлийн батлан даалтын сангийн нэмэлт өөрчлөлтийн эрх зүйн орчныг бүрдүүлсэн ба хэрэгжилтийг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлүүлэх юм. Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл 10 мянган барилга ашиглалтад орсон байна. Харин 2023 он хүртэл улсын хэмжээнд 40 мянга орчим орон сууц ашиглалтад орох судалгааг урьдчилсан байдлаар салбарын хүмүүс гаргажээ. Гэсэн хэдий ч барилгын материалын үнийн өсөлт 70 хувиар нэмэгдсэнээр орон сууцны үнэ өссөн билээ.
Орон сууцны үнэ нэмэгдсэн гол шалтгаанд бараа материалын үнэ, цар тахал, ажиллах хүчний зардал, газрын үнэ болон зээлийн хүү хамгийн өндөр хувийг эзэлжээ. Тиймээс орон сууцны салбарт төрөөс дараах бодлогуудыг баримтлахаар болсон байна. Үүнд, орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, нийлүүлэлтийг бодлогоор дэмжиж тогтвортой болгох болон стандарт, хууль эрх зүйн орчныг сайжруулж, ногоон тогтвортой хөгжлийг эрэлхийлэх зэрэг бодлогыг барьж ажиллах ажээ. Орон сууцны санхүүжилтийн тогтолцоог зөвхөн ипотекийн зээл болон түүнийг дамжуулж буй оролцогч байгууллагуудын үйл ажиллагаа биш юм. Одоогийн ипотекийн зах зээл дэлхийн загварт нийцэхгүй байна.
Манай улсын ипотекийн зээлийн үлдэгдэл 5.5 тэрбум төгрөг байгаа юм. 2013-2021 оны хооронд 85 мянган өрх айл 4.1 сая ам.метр орон сууцыг худалдаж авсан байна. Цар тахлын үеэр манай улсын орон сууцны худалдан авалтын хэмжээ буураагүй юм. Харин ч өссөн үзүүлэлттэй байжээ. Учир нь иргэд өөрсдийн хөрөнгөө үл хөдлөх болгон хувиргаж, цар тахлын үед хөрөнгөө хамгаалсан хэмээн Монголын ипотекийн холбоо /МИК/ үзсэн байна.
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр төрөөс хэрэгжүүлж буй хамгийн оновчтой хөтөлбөрүүдийн нэг хэмээн эдийн засагчид болон холбогдох салбарынхан үзэж байгаа юм. 10 их наядын хөтөлбөр хэрэгжсэнээр чанаргүй зээл 16.7 хувь болсон нь өмнөх оноос 1.2 хувь буурсан үзүүлэлт ажээ. Харин хугацаа хэтэрсэн зээл 10 хувь болсноор өмнөх оноос 4.5 хувиар буурсан юм. Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл буурах болсон гол шалтгаан нь барилгын салбарын аж ахуй, нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, санхүү сайжирсантай холбоотой хэмээн МИК-ээс үзжээ. Цаашдаа орон сууцны санхүүжилтийн тогтолцоог тогтвортой болгоход төр болон хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Төрөөс хот төлөвлөлт, зураг төсөл, газар чөлөөлөлт болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хийж, хувийн хэвшил төсөл хэрэгжүүлж, орон сууцны зээлийг бүрдүүлж, банкнаас төрөл бүрийн ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хүргэснээр иргэдийн зүгээс идэвхтэй хамрагдах дөрвөн талт хамтын ажиллагаа орон сууцны санхүүжилтийн тогтолцоог тогтвортой болгох юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
20% болголоо гээд иргэдийн хармаанаас гардаг мөнгө багасахгүй . Гадуур байрны үнэ дагаад өснө. Хэдий чинээ эрэлт ихэснэ төдий чинээ бага м2 тай байр ховордож тэр хэмжээгээр үнэ өснө. Заавал 80м2 хүртэл хязгаар тавихгүйгээр мөн захын хороололууд хөдөө орон нутгын байрны урьдчилгааг 20% болгож буулгаад хотын төвийн байршилыг 30% хэвээр байлгах хэрэгтэй.