Найраглал, уламжлал, хөгжил

2021 оны 12 сарын 09

Уран зохиолын онолын сэтгэлгээ үүсэн буй болсон түүхэн цагаас эхлэн маргаан дагуулсан, нэг талаасаа тогтсон таалал гэж ойлгож болох ч нөгөө талаасаа тогтмол бус чанартай цөөнгүй ойлголт, ухагдахуун байдгийн нэг нь уран зохиолын төрөл, зүйлийн тухай ойлголт юм.

Монгол хэлэнд “төрөл”, “зүйл” гэсэн үг нь тус тусдаа цөөнгүй утга санааг илэрхийлдэг ба харин уран зохиолын хувьд “төрөл нь нийт бүтээл туурвилыг зохиомж, дүрслэх арга, дүрийн тогтолцоо, байгуулалт, хэмжээ, бүтэц хэлбэрийн тогтвортой давтагдах шинжээр нь ангилсан үндсэн хэсэг”  бол “зүйл нь төрлийнхөө ерөнхий гол шинжийг хадгалсан байхын зэрэгцээ агуулга, үйл явдал, хэлбэр хэмжээ, дүрийн тогтолцоо, байгуулалт сэлтээрээ өөр хоорондоо ялгарах өвөрмөц онцлог бүхий, төрлийн доторх ялгаа; төрөл нь дотроо зүйлийг, зүйл нь дотроо зүйл ангийг багтаадаг”  хэмээн уран зохиол гэсэн ерөнхийгөөс төрөл, зүйлд ангилан нарийвчлан тодорхойлж үзэж болох үндэстэй билээ. “...төрөл зүйлийн онол бол ямар нэг хэмжээгээр их утга зохиолыг өөрийг нь тодорхой тогтолцоонд оруулан системчилж өгдөг, өөрөөр хэлбэл утга зохиолыг тодорхой ангилалд оруулан эмх цэгцтэй болгож, журамлаж өгдөг ойлголтын бүхэл бүтэн тогтсон хандлага, чиг баримжааг бий болгодог... уран зохиолыг яг өөрийнх нь дотоод бүтэц, мөн чанар, язгуур онцлог дээр нь тулгуурлан ангилж хуваах асуудал онцгой чухал ач холбогдолтой бөгөөд чухам тэрхүү хамгийн үнэн зөв, хүчин төгөлдөр суурь үндэслэлтэй ангилал бол утга зохиолын төрөл зүйлийн ангилал юм гэж орчин цагийн утга зохиолын онолд үздэг” . Утга зохиолын хүрээнд төрлийг мөн аймаг гэх тохиолдол байдаг.

Оюун сэтгэхүй ба хэл яриа харилцан шүтэлцээтэйгээр үүсэн бий болж, хөгжсөнтэй шууд холбоотойгоор уран зохиол буй болж хөгжлийн эхэн үедээ төрөл зүйл ялгарсан зүйлгүй, нийлэг урлагийн шинжтэй байсан гэж үздэг бөгөөд олон үе шатыг туулан хөгжихдөө төрөл зүйлүүд бүрэлдэн тогтсон байна. Урлаг, уран зохиол нь мөнхийн хөдөлгөөнд оршдог, хөдөлгөөнд оршдог зүй тогтолтойн хувьд хөгждөг амьд тогтолцоо гэдэг утгаараа төрөл зүйлийн хувьд нэгдэн нийлэх, салан тусгаарлах үйл явцаас ангид байдаггүй.

Мөн уран зохиолын төрөл, зүйл хөгжлийн хувьд нийгмийн болон хүний гадаад, дотоод хүчин зүйл, шалтгааны хүрээнд зогсонги байдалд орох, үсрэнгүй хөгжих үйл явцаас ангид байдаггүй. Монголын орчин үеийн уран зохиол зууныг туулахдаа тодорхой бодлогын хүрээнд тодорхой төрлийг, зүйлийг төлөвшүүлж хөгжүүлсний нэг нь найраглал билээ. 

“Найраглалын үндсэн шинж нь зохиогчгүй домгийн болон үлгэр туульсын сэтгэлгээнд дулдуйдсан, их туульсын зохиолоос үүсэн буй болж тухайн улс үндэстний түүхэн онцгой ач холбогдол бүхий үйлсийг үзүүлсэн байдаг. Дэлхийн утга зохиол судлалд найраглалыг баатарлагийн, сургаалийн, инээдмийн, шог хошин гэж ангилсан байдаг” . Найраглал нь хөгжлийн урт удаан хугацааны явцдаа XIX зууны үед өнөөгийн шинж төрхөө олсон байна.

Туужийн нэгэн адил хүний амьдралын нэг буюу хэд хэдэн үе, түүхэн үйл явдлыг шүлэглэн хүүрнэдэг, уянгын сэтгэлгээгээр зохиогдсон “уянга туульс”-ын зохиолыг найраглал гэнэ. Туужаас ялгарах гол онцлог нь өмнө дурдсанаар уянгын яруу өнгө аяс юм. Найраглалд түүхэн үйл явдал, түүхэн хүнийг дүрслэх нь олон ба Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалд эгэл хүн ба морины явдлаар ХХ зууны эхэн үеийн монголын байдал, түүхэн үйл явдлыг дүрсэлдэг бол Ц.Гайтавын “Дамдины Сүхбаатар” найраглалд:

“Сүхбаатар бол манай намын бат багана нь юм.

Сүр хүч, манлай оюуны суут дүр нь юм” [Гайтав Ц. Дамдины Сүхбаатар. Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх хороо. Уб.,1966. 47 дугаар тал] гэсэн уянгын бадрангуй өнгө аясаар Д.Сүхбаатарын үйл хэрэг, Ардын хувьсгалын түүхэн үйл хэрэг, тусгаар тогносон эх орныхоо хөгжил дэвшлийг магтан туулсан байдаг. Тэгвэл Д.Цоодолын “Даваа” (1987) найраглалд,

“Хөх тэнгэрийн дор эгэл намтар минь

Хөврөх зам харгуйгаар уул усандаа бичээстэй” [Цоодол Д. Сөгдөж айлтгая. Уб.,2015. 474 дүгээр тал] хэмээн нийгмийг бүтээгч хөдөлмөрчин түмний нэг Түмэн жолоочийн туулсан зам, бодол эргэцүүллийг гаргаж,

“Замбуулинд би санаж сэрж амьдарсан шиг амьдарна

Зам мөр минь зуун зууныг нэвт зурайна

Харгуй замд, надаас хэн нэгэн

Хаанаас хаа хүрэх нь вэ? гэвэл

Хайртай Монголоосоо “Ирээдүй” оръё гэж хариулна” [Цоодол Д. Сөгдөж айлтгая. Уб.,2015. 482 дугаар тал] хэмээн хөдөлмөр үйлийг магтан дуулсан байдаг.

Өмнө дурдсанаар найраглал нь хүний амьдралын нэг буюу хэд хэдэн үеийг уянгын аргаар дүрслэн үзүүлдэг бөгөөд тухайлбал Д.Цэдэвийн “Зүрхний айзам” найраглал нь түүний яруу найргийн бүтээл төдийгүй түүний хувийн амьдралд онцгой байр суурь эзэлдэг. Үхэл амьдрал хоёр тэмцэлдэж, үхлийг ялан дийлж ухаан ороод алгуурхнаар нүдээ нээхэд

Дээшээ харвал

Тааз-хөхөмдөг өнгөтэй

Таазны цаана сөхрөн цэлийх

тэнгэр бий

Удмын холбоо

Ургийн сүлбээ-түүний л өнгө энэ

Доошоо харвал

Шал-хүрэвтэр өнгөтэй

Шалны цаана хүрэнтэн харлах

газар бий

Хөрсний будаг

Амьдралын цэнэг-түүний л өнгө энэ..,

Тэнгэр эцэг, газар эх хэмээн эртний домгийн сэтгэлгээнээс улбаатай биднээс үл хамааран сэтгэл санаа ухаан бодолд минь үргэлжид мөнхийн үеийн үед өвөг дээдсээс дамжин ирсэн орчин цагийн хэлээр “брэнд” болсон ойлголт чухамхүү дахин амьдарсан түүний ухаан санаанд орж ирсэн анхны бодол юм. Энэ бол зөвхөн зохиолч би баатарт бус бүх монголчуудад хамаатай ойлголт. Тэнгэр эцэг, газар эхийн ивээлээр түүний зүрх цохилж, судсаар нь цус лугшиж амьдрах, хийж бүтээх, олонтой хөл нийлүүлэн алхах эрч хүч, дэм өгснийг дүрслэн үзүүлсэн нь энэхүү найраглалын уран сайхны үнэ цэнэ оршино” .

Монголын орчин үеийн уран зохиолын түүхэнд нэгэнт эрчимтэй хөгжиж байсан найраглалын хөгжил 1990, 2000, 2010, 2020-иод оны үед бараг зогсонги байдалд орсон ч устаж үгүй болоогүй, тодорхой хэмжээнд оршсоор ирсэн юм. Үүний нэгэн баталгаа нь зохиолч Д.Нямаагийн 2021 онд бичигдсэн “Хувьсгалын түрлэг” найраглал байна.

Урлаг, уран зохиолын том хэлбэрийн бүтээл бүтээгдэх, туурвигдах, түгээгдэх, хөгжихөд хувь уран бүтээлчийн боловсрол, авъяас, хөдөлмөр нэн тэргүүнд тавигддагаас гадна гадаад хүчин зүйлийн нөлөө, тэр дундаа бодлого нөлөөлдөг. Монгол Улсын төр засгаас орчин цагийн Монгол Улсыг буй болгосон хувьсгалын далайц, нөлөө, үр дүнд нэн их ач холбогдол өгч 100 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхдээ уран зохиолын төрөл, зүйл бүрээр шилдэг бүтээлийн уралдаан зарласан нь өмнө дурдсан бодлогын нэгэн хэлбэр болсон юм.

“Зуун Зуунаар он жил урсана...

Он жил урсаад  өнгөрөхөд

Өөдөлж бадарсан

Өгсөж уруудсан

Морин төвөргөөнт түүх минь үлдэнэ

Монгол улс минь

Бадран үлдэнэ

Эхэлсэн тоололтой

Төгсөх тоололгүй

Эх орон минь мөнх үлдэнэ”

хэмээсэн үзэл санаа, итгэл үнэмшил, мөн Д.Нямаа зохиолчийн зохиолын үндэс болдог амьдрал, эх орон, хүнийг магтан, бахдан дуулсан уянгын сэтгэлгээ “Хувьсгалын түрлэг” найраглалын гол суурь болжээ. Д.Нямаа “Хувьсгалын түрлэг” найраглалдаа орчин цагийн монголын түүхийн гурван их хувьсгал тохиосон 1911, 1921, 1990 оныг товойлгон дүрслэхдээ 1206 оныг суурь үндэс болгосон ба туурвил зүйн хувьд бүхлээрээ найраглал, найраглалыг бүрдүүлэгч хэсэг бүхэн нь тусдаа шүлэг байдлаар зохиомжилсон байна.

“Нэгэн мянга есөн зуун арван нэгэн он 

1911...

Хэтний галтай өвгөдийн минь  зүрхэнд

Хилэнгийн дөл  бадамлан  ассан юм

Мянган оны униар сөхөнхөн

Манжийн эсрэг Монголчууд  боссон юм

Туурайн хээтэй  тал нутгаа

Дуурайн цэнхэртэж тэнгэр цэлмэсэн юм

Дархан улсынхаа ханыг дугуйлж

Дарлал бурангуйг хуйхлан түймэрдсэн юм

Хурай,  хурай,  хурай” гэж эхлэх “Түрлэг дуун-2”-т хэдийгээр Манж чин гүрний дарлалаас ангижирсан цаг үеийг онцлон авч үзэхийг эрмэлзсэн. Чингэхдээ тэрхүү түүхэн явдлыг үндсийн нэг болсон Хотгойдын шадар ван Чингүнжавын үйл хэрэг, дотоод сэтгэлийн өчгөөр дамжуулан дүрслэн үзүүлсэн нь алив бүхэн үүтгэлтэй, уламжлалтайн илэрхийлэл болжээ. Өөрөөр хэлбэл, аливаа нэгэн үйл хэрэг нь шалтгаан, үр дагаварын, уламжлал шинэчлэлийн залгамж холбоонд оршдог ба чухамхүү Шадар ван Чингүнжав тэргүүтэй олон арван хүний олон жилийн тэмцлийн үр дүнд 1911 оны түүхэн үйл хэрэг өрнөсөн билээ.

“Эхэлсэн тоололтой

Төгсөх тоололгүй

Эх орон минь мөнх үлдэнэ ”

хэмээн үлэмж бадрангуй эхлэлтэй “Хувьсгалын түрлэг” найраглал чухам мөн шадаар төгсөх нь найрагчийн эх оронч үзлийн дуулал болсон байна.

Уран зохиолын найраглалын зүйлийн гол онцлог нь түүхэн үйл хэрэг, түүхт хүн, хүний амьдралын тодорхой хэсгийг уран яруу, бадрангуй өнгө аясаар дүрслэхэд оршдог. Энэ ч утгаараа найраглалын зүйл нь урлагийн хүмүүжүүлэх, танин мэдэхүйн, гоо зүйн үүрэг томилолтыг бүрэн хангах увидастай байдаг. Д.Нямаагийн “Хувьсгалын түрлэг” найраглал эх оронч үзлийн бодот нэгэн түрлэг болсон болсноос гадна монголын орчин үеийн уран зохиолын туульсын төрлийн мартагдах шахсан нэгэн зүйл болох найраглалыг эргэн сануулж тодорхой хэмжээгээр хөгжүүлсэн нь цаг үеийн шаардлага, уран бүтээлчийн эрэлхийлэл нэгэн цагт нэгдэн нийлдэгийн, уран бүтээл бол санамсаргүйн зэрэгцээ зайлшгүй тогтолцоотойн илэрхийлэл болжээ.

Ш.Баттөр

/доктор, дэд профессор/

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top