Хүнд газрын тосыг байгалийн хий болгон хувиргадаг нянг илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 23

Биологичид Хятадын газрын тосны цооногт хүнд ангиллын газрын тосоор хооллож, метан хий болон байгалийн хийд агуулагддаг бусад бодис болгон хувиргадаг онцгой нян илрүүлжээ.

Шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд бичсэнээр, Германы Макс Планкын нийгэмлэгийн Далайн микро биологийн хүрээлэнгийн судлаач Рафаэль Ласо-Перес тэргүүтэй эрдэмтэд энэхүү нээлтийг хийжээ.

БНХАУ-ын газрын тосны “Шэнли” томоохон ордын хүнд ангиллын газрын тосны дээжийг судлах явцад эрдэмтэд урьд өмнө танигдаагүй археа нэг эст бичил биетийн шинэ төрлийг нээжээ. Эдгээр нян нь газрын тосыг задалж, 50-иас дээш хэмд метан хий болон хийн төлөвтэй нүүрс устөрөгч болгон хувиргах чадвартай гэнэ.  Шинэ төрлийн нянг эрдэмтэд Methanoliparia гэж нэрлэжээ.

Археа бичил биетийн генийн дарааллыг задлан шинжлэхэд эдгээр нь үл мэдэгдэх ферментийн тусламжтай нүүрс устөрөгчийг задалдаг болохыг тогтоожээ.

Ласо-Перес тэргүүтэй эрдэмтэд цааш цаашдын туршилтаар эдгээр нянг байгалийн хий үйлдвэрлэх, нөөц нь шавхагдсан газрын тосны ордноос үлдэгдэл нүүрс устөрөгчийг олборлох боломж нээгдэнэ гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top