Засгийн газраас энэ сарын 22-ны өдөр УИХ-д өргөн барьсан "Оюу толгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай" тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг өчигдөр /2021.12.28/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Тодотгоход, Засгийн газраас уг тогтоолын төслийг өргөн барихдаа яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн юм.
Рио Тинто”, "Туркойз Хилл Ресурс” компанийн удирдлагуудаас 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан ирүүлсэн захидалдаа манай талд хэд хэдэн санал тавьсан бөгөөд “Энэхүү шийдвэрүүдийг гаргахад амаргүй байсан бөгөөд энэ нь манай эцсийн санал гэдгийг дурдахын дашрамд хөрөнгө оруулагчдаас Монгол Улсад шилжүүлж буй томоохон үнэ цэн бөгөөд цаашдын хамтын ажиллагааны итгэлцлийн суурь болно гэдэгт бид итгэж байна. Ингэснээр Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоол хэрэгжсэн гэж бидний зүгээс үзэж байна” гэсэн байсан.
Түүнчлэн тэдний эцсийн саналд үндэслэн, боловсруулсан тогтоолын төсөлд дараах зохицуулалтыг тусгасан юм.
Тэгвэл чуулганы өчигдрийн хуралдаанаар уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдийн илэрхийлсэн байр сууриас хүргэе.
УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр Улсын Их Хурлын гишүүдээс зарим санал, санаачилгуудыг гаргасан аж
.
Засгийн газрын зүгээс нэн тэргүүнд далд уурхайн бүтээн байгуулалтыг шуурхай дуусгаж, олборлолтыг эхлүүлэх, улмаар зардал нь үлэмж хэмжээгээр өсөж байгаа төсөлд хяналт тавьж, зориулалтын бус зардлууд байгаа тохиолдолд үр дагаварыг нь барагдуулах агуулгаар хэлэлцээрүүд явагдсан гэдгийг онцоллоо. Дээрх зарчмын зөрүүтэй саналаар төсөлд өөрчлөлт орсон тохиолдолд төслийн санхүүжилтийг хэрхэх талаар тэрбээр тодрууллаа.
Төслийн 1 дэх заалтын 4 дүгээр дэд заалт нь “Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх” гэсэн агуулгатай байгаа.
Далд уурхайн зардлыг хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцах бөгөөд Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байхаас гадна Оюу толгой ХХК дээр өр үүсгэх вий гэдэг болгоомжлолын үүднээс эл саналыг гаргасан гэдгийг Ц.Даваасүрэн гишүүн тайлбарлав.
Б.Саранчимэг гишүүн Оюутолгой төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдсэн эсэх, олборлолтын үйл ажиллагаанд гүний усны нөөцийг ашиглаж байгаад өөрчилж, технологийг сайжруулах эрэл хайгуул хийж байгаа эсэх талаар асуулт асууж, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангаас хариулт тайлбар авсан. Хэлэлцээрийн үр ашгийн талаар Д.Сарангэрэл гишүүн тодруулсан.
Монгол Улсын зүгээс байгалийн баялаг, нөөцөө санал болгож төслийг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагч талыг бид урьсан. Харин хөрөнгө оруулагч тал маань хөрөнгөө оруулахын оронд зээл зуучлаад, Монгол Улсыг өр төлдөг схем руу оруулж, өрөөр, зээлийн хүүгээр, үндсэн төлбөрөөр ашиг авдаг байдлаасаа татгалзаж байна хэмээн ойлгож байгаа хэмээн Ц.Даваасүрэн гишүүн хариулт өгөв.
Түүнчлэн Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хариулт өгөхдөө, далд уурхайн бүтээн байгуулалт дууссанаар 40 сая тонн баяжуулах хүчин чадал нь 3 дахин нэмэгдэх бөгөөд үүнийг дагаад Монгол Улсын борлуулалт дээр суурилан авдаг татвар, хураамжийн хэмжээ нэмэгдэх ач холбогдолтой гэв. 2020 онд гэхэд л 1.4 тэрбум ам.долларын борлуулалт байдаг бол далд уурхай ашиглалтад орсноор дээр хэмжээ 5 тэрбум ам.долларт хүрэх тооцоо бий гэлээ.
Т.Доржханд гишүүн, далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад шаардлагатай зардлын талаар тодрууллаа.
Түр хорооны дарга Ц.Даваасүрэн хариулахдаа, нийтдээ 4.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэх мэдээллийг хөрөнгө оруулагч талаас өгсөн. Далд уурхай 2023 оны I улиралд ашиглалтад орох нь дөрвөн үе шаттай гэв. I үе шат нь үйлдвэрлэлийн ам, хацарт бутлуур, конвер ашиглалтад орж, ингэснээр хоногт 6500 орчим тонн хүдэр гаргах хүчин чадалтай болно. II үе шат нь ашиглалтад орохоор 30000 тонн, III үе шат ашиглалтад орохоор 45000 тонн, ийнхүү үе шаттайгаар ашиглалтад орсоор 2028 он гэхэд 90000 тонн хүдэр гаргах хүчин чадалтай болно гэхчлэн мэдээлэл өглөө.
Гишүүд ийнхүү асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төслийг УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороонд шилжүүлэв.
Дашрамд, УИХ-ын 92 дугаар тогтоолыг сануулахад:
“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоол хоёр зүйлтэй. Нэгдүгээр зүйлээр, Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх үр ашгийг дээшлүүлэх 8 чиглэлийн ажлыг Засгийн газарт даалгасан юм.
Сэтгэгдэл ( 2 )
эцсийн санал, эцсийн санал л гэхийн. даварсан байна шдээ\n
ЭД НАР БИДЭНД ЮМ ТУЛГАДАГ ХЭН ЮМ БЭЭ, БИД ЯМАР ЭД НАРЫН ГАЗАР ШОРООН ДЭЭР АМЬДАРЧ БАЙГАА БИШ.