Төрийн 14 байгууллагад АВЛИГЫН ЭРСДЭЛ ӨНДӨР гарчээ

2022 оны 01 сарын 18

Авлигатай тэмцэх газраас 2021 онд төрийн 14 байгууллагад авлигын эрсдэлийн үнэлгээ хийхэд авлигын эрсдэлийн түвшин өндөр гэж үнэлэгджээ.

Авлигын эрсдэлийн үнэлгээнд дараах байгууллагуудыг хамруулсан байна.

Үүнд: 

-Барилгын хөгжлийн төв

-Жижиг, дунд үйлдвэрийн газар

-Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа

-Нийслэлийн газар зохион байгуулалтын алба

-Зээлийн батлан даалтын сан

-Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газар

-Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газар

-Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар

-Дорнод бүсийн эрчим хүчний систем

-Хөдөө аж ахуйг дэмжих сан

-Шинжлэх ухаан, технологийн сан

-Замын Үүд дэх гаалийн газар

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

-Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газар

 

Эрсдэлийн үнэлгээгээр дээрх байгууллагуудын үйл ажиллагаа, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн чиглэлийн үйл ажиллагаа, байгууллагын удирдлагуудын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, бүртгэл хөтлөлтөд авлигын эрсдэлийн түвшин өндөр үнэлэгдсэн. Үнэлгээнд хамрагдсан байгууллагуудад авлигын эрсдэлийн тайланг танилцуулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөлөө.

 

“Шударга байдлын үнэлгээ”-ний 2021 оны судалгааг гүйцэтгэж, дүнг танилцуулах, мэдээлэх ажлыг зохион байгуулав. Шударга байдлын үнэлгээнд 2021 онд 46 яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг нийт 68 байгууллагыг хамруулсан. Тооцооллоор Шударга байдлын үнэлгээ 72.9  гарсан нь 2019 оныхоос 1.2 пунктээр буурсан байна.

Улс төр, шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөллийн судалгаа”-г хийлээ. Судалгаагаар 2021 онд улс төрийн хүрээн дэх авлигын түвшин 3.82  пункт, шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын түвшин 3.85 пункт гарсныг өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад улс төрийн хүрээн дэх авлигын түвшин 0.16 пунктээр буурч, шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын түвшин өмнөх оны үзүүлэлтээс 0.03 пунктээр өссөн байна.

Хүүхдийн шударга байдлын 2021 оны судалгааг аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 8080 сурагч, 1169 багш, албан хаагч, 1968 эцэг, эхээс  мэдээлэл цуглуулан хийж, судалгааны үр дүн, тайланг боловсруулав. Судалгаагаар хүүхдийн шударга байдлын түвшин 4.06  гарсан нь өмнөх оноос 0.05 пунктээр нэмэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top