Засгийн газрын өчигдрийн /2022.01.19/ хуралдаанаар олон асуудал хэлэлцсэний нэг нь томилгоо байв.
Өнгөрөгч даваа гаригт БОАЖ-ын сайд багтайгаа огцорсон учраас томилгоо хийх шаардлага байсан юм. Мөн Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулсан, зарим агентлаг газрын дарга нарыг томилох цаг үетэй давхацсан учраас дараах томилгоонуудыг хийлээ.
Уг хуралдаанаар Санжаагийн Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар томилсон.
Тэрбээр МУИС-аас гадна Сөүлийн Үндэсний Их сургуульд докторын зэрэг хамгаалж, АНУ-ын Харвардын Их Сургуульд Төрийн Санхүүгийн удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн хүн аж. Ажлын дадлага туршлагын хувьд 1993 оноос Математикийн хүрээлэнд туслах эрдэм шинжилгээний ажилтнаар ажлынхаа гарааг эхлүүлж, 2003 оноос Сангийн яаманд мэргэжилтэн, Хэлтсийн дарга, 2008-2012 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Хөдөлмөрийн яамны Санхүү, сангийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, Сангийн яамны Төрийн сангийн газрын даргаар ажиллаж байжээ.
Энэ үеэр Эрхэмбаярын Баттулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон.
Тэрбээр Байгалийн ухааны факультетыг газарзүйн багш, аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн. Мөн сургуульдаа Газарзүйн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан бол Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төрийн удирдлагын менежер, Австрали улсын Жеймс Кукийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан байна.
Ажлын туршлага гэвэл 2002 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газарт мэргэжилтэн, 2004 оноос Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд мэргэжилтэн, 2006 оноос тус яаманд газрын орлогч дарга, газрын даргаар, 2008 оноос Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын орлогч дарга, газрын даргаар, 2013 оноос Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын даргаар, 2016 оноос Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын даргаар, 2020 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байжээ. Түүний хувьд Төрийн албанд 20 жил, үүнээс төрийн удирдах албанд 15 жил ажилласан туршлагатай хүн учраас салбартаа эргэн иржээ гэхэд болно.
Харин Барсүрэнгийн Баасандоржийг Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилсон.
Түүний хувьд Төрийн албанд 18 дахь жилдээ ажиллаж буй. 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2011 онд АНУ-ын Калифорнийн Олон Улсын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн бол 2001 оноос УИХ-ын Тамгын газарт шинжээч, референт, зөвлөх, ахлах зөвлөхөөр ажлынхаа гарааг эхлүүлж, 2013 оноос Хууль зүйн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга, 2015 оноос УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018 оноос өнөөг хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байжээ. Мөн нэг томилгоо нь Түдэвхүүгийн Гантулгыг Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар тус тус томиллоо. Түүний хувьд 1990 онд Москвагийн Хүмүүнлэгийн их сургуулийг, 2000 онд МУИС-ийг, 2004 онд Үндэсний тагнуулын академийг тус тус төгссөн.
1995 онд Япон улсад удирдлагын чиглэлээр, 1999 онд ХБНГУ, Бельгийн вант улс, Европын холбоонд Бизнесийн удирдлагын чиглэлээр, 2008 онд Бүгд Найрамдах Сингапур Улсын Үндэсний их сургуульд сайн засаглал, төрийн удирдлага чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Эрх зүйч, улс төр судлаач, нийгмийн ажилтан мэргэжилтэйгээс гадна профессор, доктор зэрэгтэй аж. Төрийн албаны туршлагын хувьд 2007 оноос Байгаль орчны яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2008 оноос Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2009 оноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2013 оноос МАН-ын Удирдах зөвлөлд намын нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ.
Түүнчлэн томилгоо хийх үеэр Пүрэвжавын Сайнзоригийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Гантөмөрийн Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар, Жигжидийн Ганбатыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилсон юм.
С.БАЯР
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )