ШӨХТГ-ын даргыг сонгон шалгаруулалтгүй томилж байжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 21

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга асан Б.Бат-Эрдэнэ уг албан тушаалдаа Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд томилогдож байжээ. 

Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны эхнээс сонгон шалгаруулалтгүй томилогдсон албан тушаалтныг чөлөөлөх шийдвэр гаргасан. Төрийн албаны зөвлөлийн уг шийдвэрээр Б.Бат-Эрдэнэ ажлаас чөлөөлөгдөх болзлоо хангаад байсан ч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон юм. 

САНУУЛАХАД,Хөдөлмөрийн тухай (шинэчилсэн найруулга) хууль 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх болсон, төрийн албаны тусгай шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах боломж бүрдсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолыг баталсан билээ.

Тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөхийг төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд үүрэг болгосон юм.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр зөвлөмжийн дагуу иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контрактын гэрээг дуусгавар болгох, цаашид энэ үндэслэлээр гэрээ байгуулахгүй, сунгахгүй байхыг даалгав.

Улмаар дээрх үүргийн дагуу албан хаагчийг чөлөөлсөн сул орон тоог сонгон шалгаруулалт явуулж, нөхсөнөөр Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт хангагдах юм.

Сонгон шалгаруулалтыг явуулахдаа нээлттэй зарлаж, хууль болон тухайн албан тушаалын тодорхойлолтод тусгай шаардлагыг хангасан төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэд сонгон шалгаруулалтад тэгш оролцох, нээлттэй өрсөлдөх боломжийг бүрдүүлэх арга хэмжээг авахад анхаарч ажиллахыг үүрэг болгосон билээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
отгонбаатар(192.82.87.22) 2022 оны 01 сарын 21

энэ авгай хөсүтэд байхдаа ажил үүргээ биедүүлж чадалгүй ковидийг алдсан. одоо юу гэж балайраад байна.

0  |  0
Top