Зохиолч, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн: Монголын нууц товчоог хэд унших нь сонин биш, зөвхөн мэдрэх л хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 03


Дархан-Уул аймгийн "Орхон-106" радиогийн сэтгүүлч Ө.Рагчаасүрэн Монголын нууц товчоо 12 бүлэг радио жүжгийн зохиолыг бичсэн. Түүхч, сэтгүүлч Ө.Рагчаасүрэнтэй бүтээлийнх нь талаар ярилцлаа. 

-Нууц товчоог уран бүтээлчид хэдэн талаас нь янз бүрээр мөлждөг л дөө. Харин танд радио жүжиг болгоё гэдэг санаа анх хэзээ төрөв?

-Сүүлийн үеийн залуучууд ном уншихаа больсон. Бүгдээрээ чихэндээ хөгжимтэй, цахимаар киногоо үздэг болжээ. Тэр байтугай орчин цагт ярьдаг ном гарч түүнийг сонсдог боллоо. Тиймээс Нууц товчоог радио жүжиг болгож хүмүүст сонсгоё гэж шийдсэн юм. Тэгээд 2008 оноос уран бүгээлээ монгол хэлээр хийж эхэлсэн. Монголын нууц товчоог 12 бүлэг бүхий сонсдог жүжиг болгож Ерөнхийлөгчдөө өргөн барьж, сонсогчдодоо хүргэсэн. Дараа нь англи хэлээр жүжгээ хөрвүүлсэн. Монголын нууц товчоо, Чингис хааны түүхийг барууны уншигчид өргөн хүрээнд мэддэггүй. Жаахан гуйвуулсан орчуулга байдаг. Тиймээс сонсдог хэлбэрээр хүмүүст амархан хүрэх болов уу гэж англи хэлээр жүжгээ хөрвүүлсэн юм. Америкийн мужуудаар өнгөрсөн зун явахдаа сонсдог Нууц товчоог номоос илүү хүлээн авч байгааг анзаарсан. Хэдий англи хэлээр орчуулагдсан ч гадаадын уншигч Монголын нууц товчоог ойлгоход түвэгтэй шүү дээ. Хэцүү хүнд хэллэгийг сонсоход ядаргаатай биш учраас хоолоо хийнгээ л сонсчихдог юм билээ. Радио жүжгийн үр өгөөж нь энэ. Энэхүү гурван цомог бүхий Монголын нууц товчоо жүжиг монгол хэлээр 200 минут, англи хэлээр 180 минут үргэлжилдэг.

-Монгол хэл дүрслэлийн хэл учраас манай зохиолчдын бүтээлийг англиар орчуулахад хэцүү байдаг гэж ярьдаг. Гэтэл Нууц товчоо бүр эртний хэллэгтэй. Орчин цагийн хэл дээрх бүтээлийг англиар орчуулахад хүнд байдаг юм чинь бүр XIII зууны үеийн зохиолын үг хэллэгийг одоогийн англи хэлэнд буулгаж, өрнийн сэтгэхүйтэй хүмүүст ойлгуулна гэдэг хэцүү. Тиймээс энэхүү жүжгийн орчуулгыг хэн хийсэн бэ гэдэг нь сонирхолтой санагдлаа?

-Англи хэлний мэргэжлийн хүмүүс ажилласан. Америк залуу, англи хэлтэй монгол залуу хоёр хамтарч орчуулгыг хийсэн л дээ. Шинжлэх ухааны гавьяат ажилтан, Хэл, зохиолын хүрээлэнгийн захирал, академич Д.Төмөртогоо багш зөвлөхөөр ажилласан. Ийм том эрдэмтэн зөвлөхөөр ажиллаж, нарийн хэлц хэллэгийн тайлбар, зүүлтийг хийсэн гэхээр англи орчуулга ямар болсон нь ойлгомжтой байх. Хэл шинжлэлийн хүмүүсийн оролцоо, туслалцаатайгаар радио жүжиг маань бүтсэн учраас хүндээ гайгүй хүрч байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Сонсох нь цаг хугацаа хэмнэх давуу талтай учраас хүмүүсийн таашаалд нийцсэн байх. Гэхдээ унших, сонсох хоёр өөр учраас сонсогчдыг "Дараа нь заавал Монголын нууц товчоогоо унших юм шүү" гэдэг сэтгэгдэл рүү хэр хөтөлсөн гэж та үзэж байна?

-Нууц товчоог зөвхөн сонссоноор монгол хэлний гайхамшигтай тансаг бүтээлээ бид бүрэн өөрийн болгож авч байгаа юм биш. Ямартай ч бүх үйл явдал, тухайн түүх өрнөсөн газар нутгийг мэдэж авч байгаа юм, эхний ээлжинд. Хэлний яруу тансгийг ном уншиж мэдрэхээс өөр аргагүй. Тиймээс сонссон хүн дараа нь "Энэ чинь нээрээ гоё шүү" гээд улам сонирхож уншдаг. Үүнд л хөтөлж байгаа юм. Гэхдээ ерөөсөө ном уншдаггүй нөхөд бас бий шүү дээ. Тэд ядаж сонсог л дээ. Бүх иргэн Монголын нууц товчоогоо сонсч, ойлгож мэддэг болж, түүхээрээ омогшин бахархаж байгаа нь давуу тал. Хоёрдугаарт, нэлээн нухацтай уншъя гэсэн хүмүүс өөрийн эрхгүй ном руугаа хошуурна. 

-Радио жүжигтээ та аль эхийг нь барив. Энгийн сонсогч, уншигчдад илүү тохиромжтой гэсэн хувилбарыг сонгосон байх?

-Сонгомол эх илүү судалгааны шинжтэй. Хэл зүй, утга зохиолын сургуулийн оюутнууд, судлаачид үзэхэд илүү тохиромжтой. Түүнээс биш энгийн уншигчдад ойлгоход түвэгтэй. Харин Ц.Дамдинсүрэн гуайн эх энгийн уншигчдад их гоё хүрдэг. Тиймээс бид энэ эхийг барьсан юм. Сонгомол эхээр энгийн уншигчдын дунд МҮОНТ тэмцээн явуулахад яаж бүдэрч байгааг надаар хэлүүлэлтгүй харсан байх. Сонгомол эх нь хүмүүст  бууж өгөхгүй, их хүнд байна шүү дээ. Ц.Дамдинсүрэн гуайн хөрвүүлсэн Нууц товчоог 50-иад жил уншсан хүмүүс өөр хэллэгтэй бүтээлийг хүлээж авахад түвэгтэй. Шинжлэх ухаан талаас нь ингэж шүүмжилж болох ч сүүлийн үеийн залуучууд бас ном уншихаа больсон.

-Та түрүүхэн яриандаа ч дурдсан. Янз бүрийн орны хүмүүс Монголын нууц товчоог орчуулахдаа мушгин гуйвуулах нь байдаг. Эзэн Чингис хаантайгаа элэг нэгтэй хүний хувьд иймэрхуү зүйлд мэдээж эгдүүцдэг л байх?

-Хувь зохиолч ямар ч судалгаагүй, баримт, нотолгоогүй байж Монголын түүхийг өөрийн сэтгэлийн хөдлөлөөр мушгин гуйвуулж, Чингис хааныг харгис, хэрцгий хүн байсан мэт харуулдаг. Үүнииг би эсэргүүцдэг юм. Харамсалтай нь тэр зохиолыг барууны хүмүүс уншиж байна. Уран бүтээлийг бизнес болгочихож байгаа юм. Гэтэл түүхэн уран зохиол, түүхээр хийж байгаа бүтээлийг иймэрхүү байдлаар бизнес болгож хэзээ ч болохгүй.

-Гэхдээ хэдийнэ бизнес болгочихсон шүү дээ. Хувь уран бүтээлчийн сэтгэлийн хөдлөл, тухайн хүний харсан өнцгөөр шийдсэн олон янзын кино гарсан. Гарсаар ч байгаа. Тэгвэл манай уран бүтээлчид үнэн гэдэг чиг шугамаа бариад тэдгээрийн эсрэг бүтээл хийж болохгүй гэж үү?

-Бололгүй яах вэ. Үүний анхны оролдлого нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Балжинням гуайн найруулсан "Мөнх тэнгэрийн хүчин дор" киног гэж би үздэг. Б.Балжинням гуай өөрөө "Зарим зүйлийг би өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнөөр хийсэн шүү" гэж хэлсэн ч Монголын нууц товчоог гуйвуулж, Эзэн Чингис хаанаа буруу зөрүү талаас нь гаргаагүй. Олон нийтэч, хамтач, дээд, доод улсад ямар их халамжтай хүн байсан бэ гэдгийг их гоё харуулж чадсан. Тиймээс чиний хэлснээр монгол хүн Монголынхоо түүхийг тал талаас нь оролдон мөлжиж, уран бүтээл хийнэ гэдэг агуу. Монголын түүхийг сайн судалсан монголч эрдэмтэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ихэнхдээ мянганы хүнээр тодорсон Чингис хаанаар бизнес хийж байна. Намайг жаахан байхад Германд "Чингис хаан" хамтлаг байсан. Тэднээр л дэлхий Чингисийг төсөөлдөг байлаа. Саяхан болтол Чингис хаан баруунд хаалттай сэдэв байлаа шүү дээ. Германы "Чингис хаан" хамтлагийнхан Монголтой ямар ч хамааралгүй. Туркмен, Узбек ч юмуу, нэг тийм хувцас өмсч гарч ирээд дуулдаг байсан юм. Одоо энэ сэдэв нээлттэй болж, өөрсдөө мянганы хүнээр тодруулсан болохоор Чингис хаан ямар хүн байв гэдгийг мэдэхийг хүсч байна. Намайг АНУ-д явж байхад "Яагаад, юуг нь нууцалсан юм бэ. Чингис хаан чинь тийм нууц намтартай хүн байсан юмуу" гэж асууж байсан. Би хариуд нь "Дэлхий дахинаас нууцлах зүйл байхгүй. Харин төрийн хар хайрцагны бодлого аль ч улсад байдаг. Энэ бодлогоор нууцалсан. Түүнээс биш Нууц товчоо зохиолд бусдаас далдлах зүйл байхгүй. Тийм учраас бид өнөөдөр Нууц товчоогоо дэлхийд тарааж байна шүү дээ" гэж хэлсэн.

-Эртний монголчууд дайн тулааны хөлд их үрэгддэг байсан. Тиймээс ном судраа хүний санаанд оромгүй газар хуудас хуудсаар салгаж, эмх цэгцгүй юм шиг хадгалдаг байсан ч хойно урд нь оруулалгүй уншдаг байсан гэдэг. Магадгуй нууц нэр нь үүнтэй холбоотой юм болов уу?

-Магадгүй л дээ. Дайн дажны хөлд авдар дүүрэн ном байвал аваачаад шатаачихыг хэн байг гэх вэ. Тиймээс монголчууд ном судраа энд тэнд, бүр санаанд оромгүй газар хийж хадгалдаг байсан. Гэхдээ хэзээ ч өмд гутал, эмэгтэй хүний хувцас хэрэглэлтэй хамт хадгалдаггүй байсан юм шүү. Харин дархны багаж, хүнс, эм тангийн хажууд аваачаад хийчихсэн байхыг үгүйсгэхгүй. Ингэж хадгалж байж өнөөгийн бидэнд өвлүүлэн үлдээсэн. Дайн тулааны хөлөөс авч гарсан арга их. Монголчууд номыг дээдэлдэг ард түмэн. Гэхдээ эрдэмтэд нууц гэдэг үгийг яагаад оруулав гэдгийг судалсан нь бага байдаг юм билээ. Би иймэрхүү судалгааг олж уншаагүй. Юутай ч олон шалтгаантай байх. Нэгдүгээрт, Монголын эзэнт гүрэн нэгдэж, төрт улс байгуулаад бодлогоо их нууцалсан шиг байгаа юм. Тиймээс Чингис хааныхаа түүхийг нууц байлгая гэж шийдсэн байх. Ер нь Чингис хааны түүхтэй хамт төр улсын бодлого явсан юм шүү.

-Ерөнхий боловсролын 11 жилийн сургуулийн хичээлийн хөтөлбөрт заавал унших зохиолууд бий. Түүнд Монголын уран зохиолын гурван оргил Нууц товчоо, Гэсэр, Жангар ордог. Гэхдээ хүүхдүүд уншихгүй байгаа. Тиймээс хи-чээлийн хөтөлбөрт нь радио жүжгийг сонсгож болох юм байна гэж бодлоо?

-Бид наад санааг чинь БСШУЯ-ныханд танилцуулсан. Их нааштай хүлээн авч, дэмжиж байгаа. Бүх их, дээд сургуулийн хөтөлбөрт оруулж, Ерөнхий боловсролын 11 жилийн сургуулийн дунд ангиудад сонсуулбал зүгээр. Би Дархан хотод үүнийг туршсан. Англи, монгол хэлээр жүжгийг аль алийг нь сонсгосон л доо. Хүүхдүүддээ эх зохиол уншуулах гээд махаа идэж байсан багш нар ч их талархалтайгаар хүлээж авсан. Огт уншаагүй, уншаад ч ойлгохгүй байсан хүүхдүүд тайлбар зүүлттэй жүжгийг сонсохдоо дуртай, их өөр хүлээж авсан шүү. Монголын нууц товчоо жүжгийг сонсоход хэнд ч ойлгомжтой. Орчин үеийн мессежний хэлээр хоорондоо ярьдаг хүүхдүүд ч түүртэхгүй ойлгоно.

-Ц.Дамдинсүрэн гуайн хөрвүүлэг гайхамшигтай сайхан. Гэхдээ яг барьж аваад суухаар хэл шинжлэл, эсвэл түүхийн мэргэжлийн хүн биш л бол орчин цагийн хүмүүст ойлгомжгүй, Монголын эртний хэллэгүүд олонтаа гардаг шүү дээ. Тэр болгонд тайлбар, зүүлт хийнэ гэдэг бас амаргүй даваа байх?

-Ойлгомжтойг нь яг тэр хэвээр, хэцүү хүчир хэллэгийг орчин цагийн хүмүүст ойлгомжтой энгийн хэлээр өгүүлснээ академич Д.Төмөртогоо багшид үзүүлж, зөвлөгөө авахад "Болсон байна" гэж хэлсэн. Хүүхдүүдэд ойлгомжтой байх зорилгыг би тавьсан юм. Ц.Дамдинсүрэн гуайн хөрвүүлсэн Монголын нууц товчооны хуудасны нүүр болгонд 2-8 тайлбар, зүүлт байдаг. Монголын төр засаг, ард түмэн бичгийн их хүн Ц.Дамдинсүрэн агсанд үеийн үедээ талархах ёстой. Амьд ахуйд нь гавьяа зүтгэлийг нь их л бага үнэлсэн юм билээ. Гэтэл Монголын нууц товчоонд уусан орж орчуулан, энэ гайхамшигтай сайхан бүтээлийг бидэнд өвлүүлсэн байдаг.

-Та Монголын нууц товчоог хэдэн удаа уншив. Зарим хүн "Би 10 гаруй удаа уншлаа. Ерөөсөө ойлгохгүй байна" гээд байдаг?

-Баабар "Урлагийг мэдэх нэг хэрэг, мэдрэх өөр хэрэг" гэж хэлсэн байдаг. Түүн шиг 100 удаа уншсан хүн байж магадгүй. Хэд уншсан нь сонин биш. Мэдрэх хэрэгтэй. Ганц уншаад мэдэрсэн хүн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс мэдрэх л чухал. Мэдэрнэ гэдэг ойлгож, яс махандаа шингээж, тархиндаа хийж уншихын нэр. Өөрөө дотор нь орж, XIII зуунд яваа юм шиг дунд нь бодож бясалгах хэрэгтэй шүү дээ. Үүнийг л зохиол унших гэнэ байх. Би ингэж уншсанаа тоолбол зургаа хүрчээ. Ийм тоонд орохгүй зүгээр нэг уншилт хэд хэд бий.

-Та одоо ямар бүтээл дээр ажиллаж байна?

-Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан "Их хааны Дархан нутгаар" гурван бүлэг баримтат киноны зөвлөхөөр ажилласан. Энэ нь Дархан-Уул аймгийн түүхэн дурсгалт газар нутгийн тухай баримтат кино. Дархан хотын сэдэвтэй шилдэг ая дуу, шүлгийн цомог, газар усны домог, хууч яриаг багтаасан ном, хуанли зэрэг таван багц бүтээлийг багтаасан томоохон хөтөлбөр байлаа.

Аймагтаа анх удаа газар нутгийнхаа түүх, домгийг судлан тодруулах ажлыг

эхлүүлсэн энэхүү хөтөлбөрийг Дархан хотын унаган иргэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга Б.Цэнгэл ивээн тэтгэсэн юм.

Эх сурвалж: Өөр мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top