“Samsung” ухаалаг утасны “Galaxy S22” загварыг танилцуулав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10

Дэлхийд тэргүүлэгч ухаалаг утас үйлдвэрлэгч БНСУ-ын “Samsung” компани ухаалаг утасны “Galaxy S22” загварыг танилцуулав.

Шинэ “S22” загвар болон “Tab S8” таблетын онцлогийн талаарх мэдээллийг хэвлэлүүд эртнээс гаргасан тул танилцуулах арга хэмжээ шуугиан тарьсангүй.

“Samsung” компани нь ухаалаг утасны зах зээлд тэргүүлэх, ухаалаг утасны алтан стандарт гэж нэрлэгдэх эрхийн төлөө АНУ-ын “Apple” компанитай ширүүн өрсөлдсөөр ирсэн билээ. Хэдийгээр Өмнөд Солонгосын компани одоогоор давуу байдлаа хадгалсаар байгаа ч ковидын хоёр жилд борлуулалт нь бараг өсөөгүй байна.

Өнгөрсөн онд “Samsung” 270 сая ухаалаг утас борлуулсан бол “Apple” 230 сая гаруй утас борлуулжээ. Гэсэн хэдий ч “iPhone” утасны эзлэх хувь 16-аас 17 хувь болж өссөн бол “Samsung” компанийн эзлэх хувь 20 хувь хэвээр байжээ.

Хятадын “Xiaomi” компани ухаалаг утасны зах зээлд эрчимтэй түрэн орж ирж байна. Өнгөрсөн онд тус компанийн ухаалаг утасны дэлхийн зах зээл дэх эзлэх хувьд 11.5 хувиас 14 хувь болж, нэмэгджээ.

“Samsung” утасны шинэ загварын хувьд камер, процессор болон дэлгэцийг шинэчлэх тал дээр гол анхаарлаа хандуулжээ. Хамгийн үнэтэй “S22 Ultra” загварыг энэ сарын 25-наас эхлэг АНУ-ын зах зээл дээр борлуулж эхлэх гэнэ. Үнэ нь 1200 ам.доллар. Бусад хоёр “Galaxy S22 Plus” болон “S22 ” загвар 1000, 800 ам.долларын үнэтэй.

Өрсөлдөгч “Apple” компани дараагийн алхмаа хийхээр зэхэж байна. Тус компани хямд үнэтэй “Samsung” болон Хятадын утастай өрсөлдөхөөр 5G сүлжээг дэмжсэн “iPhone SE” загвараа удахгүй танилцуулахаар төлөвлөжээ.

5G сүлжээг дэмжих загварууд хэрэглэгчдэд утсаа шинэчлэх сэдэл төрүүлэх нь дамжиггүй гэж шинжээчид үзэж байна. “Samsung” компанийн тооцоолсноор, 2022 онд борлогдох хоёр утас тутмын нэг нь 5G сүлжээг дэмжих гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top