Монгол улс байгалийн баялаг, мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй төрийн эрх баригчид хоёроороо дэлхийд гайхагддаг цөөн улсын нэг болоод байгаа. Тиймдээ ч манай хөрш их гүрнүүд биднийг үе үе элэг барьдаг нь нууц биш. Одоо биднийг элэг баригчдын тоо Япон, АНУ-аар нэмэгдэж байна. Манай төрийн эрх баригчид энэ оны 2-р сард тус улсад айлчлал хийж байхдаа “Манай улсад цөмийн хаягдлаа булчих. Харин мөнгөө л сайн өгөөрэй” гэсэн агуулгатай яриа хэлэлцээр хийгээд гэрээгээ үзэглэхэд бэлдээд ирсэн талаар эх сурвалжууд ярьж, хэлж, бичиж байгаа. Үүнийг баталсан нийтлэлийг Японы “Киодо Цүшин” агентлагийн сурвалжлагч Оота Масакацү бичсэн байна. Уг нийтлэлд хэргийн эзнээр “Тошиба”-г онцолсон байна. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч: Монголд цөмийн хаягдал хаях газар байгуулах нь олон улсын цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд харшлахгүй төдийгүй цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгод ашиглахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Монголын эдийн засгийн хөгжилд ч сайн нөлөө үзүүлнэ гэж бид ойлгож байгаа гэсэн байх юм.
Өөрөөр хэлбэл Монгол, АНУ, Японы хэсэг нөхөд нийлээд МУ-д цөмийн хаягдлаа булшлах талаар ярьсан байх юм. Харамсалтай нь хэн нэгэн нь ам алдсанаас өнөөдөр энэ хэргийг дэлхий нийтээрээ мэдэж байгаа. Тиймээс одоо асуудалд хянамгай хандахгүй бол болохгүй гэсэн яриа яригдаж байна. Үүний төлөөс болох 12 тэрбум ам.доллар нь бэлэн юм шиг байгаа юм. Үүнийх нь хариу болгон Монгол улс цогц үйлчилгээ үзүүлнэ. Цөмийн эрчим хүчийг үйлдвэрлэхэд хэрэглэгдэх ураны түлш боловсруулалт, нийлүүлэлт болон ураны хаягдлыг устгах хүртэл бүх арга хэмжээг авахыг цогц үйлчилгээ гэдэг. Энэ үйлчилгээг уранаар баялаг Монголчууд маш сайн хийх гэнэ. Монголын уранаар цөмийн түлш хийгээд цөмийн эрчим хүчтэй болж эхэлж байгаа улсуудад экспортлоод, өөрсдийн үйлдвэрлэсэн цөмийн реактораа зараад, гарсан хаягдлыг нь Монголд булах юм.
Тэгвэл манай улсад ингэж булах боломж байгаа эсэх талаар Академич Б.Чадраа: Хог хаягдлыг маш удаан хугацаагаар газрын гүний ус ийш тийш шилждэггүй газар хадгалах ёстой. Монгол шиг тохиромжтой газар дэлхийд ховор. Цементон бортоготой эсвэл ямар нэгэн савтай зүйл хадгаллаа гэхэд 250 жил болоход яах ч үгүй байж л байна. Тийм газар дэлхийд байдаггүй байхгүй юу. Эдийн засгийн талаас нь авч үзвэл цөмийн хаягдлыг хадгалснаар маш их орлого олох боломжтой. Түүнийг хадгалсны төлөө их хэмжээний төлбөр авдаг. Гэхдээ би хаягдлыг Монголд хадгал, хадгалвал хэрэгтэй гэж хэлж байгаа юм биш шүү. Үнэндээ Монгол тэр хаягдлыг хадгалахад тохиромжтой орон учраас дэлхийн олон орон ханддаг юм. Японы Америкийн цөмийн хаягдлын асуудалд дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргиж байдаг төрийн түшмэлүүд байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр хүртэл хууль монголд атомын цахилгаан станцын хаягдал хадгалахыг зөвшөөрөөгүй байгаа” гэсэн юм.
Цөмийн хог хаягдлын талаар УИХ-ын гишүүн О.Чулуунбат бага сага судалгаа хийснийхээ хувьд: Цөмийн хаягдал тийм ч хор хөнөөлтэй зүйл биш. Манайхан юм болгоныг муу муухайгаар нь харах юм. Улаанбаатарын утаа чинь цөмийн хаягдлаас илүү хортой шүү дээ.
Цөмийн хог хаягдал үнэхээр түүний хэлж байгаа шиг хоргүй зүйл үү? гэдэг талаар судалгаа хийлээ. АНУ-ын Цөмийн Энергийн Зохицуулах Зөвлөлөөс цөмийн хаягдлыг дараах байдлаар ангилдаг юм байнa:
• Бага түвшний агууламж бүхий цөмийн хаягдал —үүнд цацрагт бохирдсон хамгаалалтын хувцас, багаж хэрэгсэл, шүүлтүүр, дэвсгэр, эмнэлгийн зориулалттай гуурсан хоолой, бусад эд зүйл орно.
• Дахин боловсруулах явцад гарсан цөмийн хаягдал —АНУ-ын Эрчим Хүчний яамнаас цөмийн хаягдал түлшийг дахин боловсруулах явцад гарсан дагавар бүтээгдэхүүнүүдийг өндөр түвшний цөмийн хаягдлаас ялгахын тулд ингэж нэрлэсэн.
• Өндөр түвшний агууламж бүхий цөмийн хаягдал —цөмийн реакторт ашигласан түлш
• Ураны тээрмийн хаягдал —-байгалийн хүдрийг боловсруулж, уран болон торийг гаргаж авах явцад гарсан үлдэгдэл хаягдал.
Энгийн үгээр тайлбарлавал цацраг идэвхт бодис гэдэг өөрөөсөө тодорхой хэмжээний цацраг ялгаруулдаг аливаа бодисыг хэлдэг бол цөмийн хаягдал нь цацраг идэвхт бодис агуулсан, дахин ашиглах боломжгүй эсвэл дахин ашиглахыг хүсэхгүй байгаа эд юмс, бодис нэгдлүүдийг хэлдэг байна. Цацраг туяа нь амьд эсийг гэмтээдэг тул зарим эсүүд үхэж, бусдынх нь бүтэц өөрчлөгддөг. Ихэнх эрхтэн, эд эсийн хувьд тодорхой тооны эс үхсэн ч төдийлэн мэдэгдэхгүй байж болно. Гэвч үхсэн эсийн тоо нэмэгдэх тусам эрхтэн мэдэгдэхүйцээр гэмтэх ба улмаар амь насаа ч алдах аюултай. Ялангуяа зөвшөөрсөн хэмжээнээс илүү өндөр түвшний цацрагт хордсон хүмүүст ийм зүйл тохиолддог. Түүнчлэн, эс үхээгүй ч эсийн бүтцэд өөрчлөлт орвол цацрагийн хор хөнөөлийг мэдрэх л болно. Эс ингэж гэмтвэл бие организм өөрөө эсийн түвшинд сэлбэх үйл ажиллагаа явуулдаг. Гэвч бүрэн төгс засагдаагүй нөхцөлд гэмтэлтэй эсээс ирээдүйд гажиг хөгжилтэй эсүүд үүсэн хуваагдаж, яваандаа хорт хавдар үүсдэг. Хэрэв ийм гажигтай эсүүд нь хүний удамшлын мэдээллийг дамжуулдаг байх юм бол цацрагт хордсон хүний үр хүүхдүүдэд удамшлын эмгэг хэлбэрээр илэрнэ. Цацраг идэвхт туяаны улмаас лейкемия гэх цусны хорт хавдрын ихэнх хэлбэрүүд, мөн бусад эд эрхтний хорт хавдар, тухайлбал, уушиг, хөх, бамбай булчирхайны хорт хавдар үүсдэг байна.
АН-ын гишүүн О. Магнай: Цөмийн хаягдал булах дээр Япон, АНУ-ын талтай идэвхтэй ярилцаж байгаад өнгөрсөн 3-р сарын 11-ны цунами цөмийн асуудлыг нилээн анхаарал татсан сэдэв болгосноор яриа зогссон гэж ойлгосон. Монголын талаас Цөмийн энергийн газрын удирлагууд идэвхтэй оролцсон. Тэдгээр нөхдүүдтэй л хариуцлага ярих ёстой гэсэн юм.
Хэрэв О.Магнайн хэлсэн үнэн бол улсаа төлөөлж том толгой гарган өөрийнхөө эрх ашиг, хувийн хонжоог дээгүүр тавьсан нөхдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй болжээ. Монгол улсын ирээдүй, удамшилд сөргөөр нөлөөлөх алхам төрийн эрх баригчид хийх ёсгүй, эрх ч байхгүй. Монгол улс их гүрнүүдийн зугаа биш гэдгийг төрийн эрх баригчид минь ухаараач дээ. Болохгүй бол “чихэнд нь хонх” уяад өгье.
А.Аюурзана
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )