З.ЖАРАНТАВ: Театр үргэлж миний дэргэд байдаг

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 04

Гавьяат жүжигчин З.Жарантав 20 гаруй жилийн дараа театрын тайзнаа эргэн ирж “Оролмаа эх” жүжгийн хятад наймаачны дүр бүтээсэн. Энэ дүрийг тэрбээр 38 жилийн өмнө амилуулж байсан юм билээ. 70 гаруй настай ч авьяас нь хариагүй, бие хөнгөн яваа нь гайхалтай. Тэрбээр Ардын урлагийн их наадмын шүүгчээр ажиллаж, дуу дуулж, шүлэг уншиж, илбэ үзүүлээд тун завгүй. “Ардын цэнгэлдэх”-тэй амьдралаа холбоод 50 жилийг ардаа үдэж, Д.Намдагийн “Шинэ зам” жүжгийн Дандар, “Шарай голын гурван хаан” жүжгийн Цотон ноён, “Ээдрээ” жүжгийн Ээ ван, У.Шекспирийн “Отелло” жүжгийн Родриго зэрэг олон арван дүр бүтээсэн З.Жарантавтай уулзаж, театрын тухай ярилцлаа.

-Та тэтгэвэрт гарсан гэж зүгээр суулгүй уй гагүй хөдөлмөрлөх юм аа?

-Хийх ажил их байна. Угаасаа хүн тэтгэвэрт гарахаар ганцаарддаг юм. Ганцаардахгүйн тулд дуулж, хувийн үзүүлбэр бэлдэж, лекц уншиж, илбэ үзүүлж байна.

-Та өмнө нь ч гэсэн илбэ үзүүлдэг байсан юм уу?

-Үгүй ээ. Нэгэнт хамтран тоглогчгүй болохоор ганцаараа юм хийх гэсэн хэрэг. Одоо ч нэлээн олон илбэ үзүүлдэг болсон. Би архи битгий хэл айраг, пиво, дарс ч уудаггүй. 58 жил татсан тамхиа хаяад долоон жил болж байна. Архи, дарс уудаггүй болохоор найз нөхөд ховортой. Тэгээд л өөрөө уран бүтээлээсээ холдохгүйн тулд ажиллаж байгаа болохоор 1961 оноос хойш өнөөг хүртэл театр үргэлж миний дэргэд байдаг юм. Сумын төвийн тайзан дээр гарсан ч намайг драмын театрын жүжигчин л гэнэ. Жүжигчин нь тэнд яваа бол драмын театр ч гэсэн тэнд байгаа гэсэн үг. Тэгэхээр үргэлж сэтгэлээсээ амилуулсан сайн уран бүтээл хийх хэрэгтэй.

-Та хэрхэн театрын босгыг давж байв?

-Би Булган аймгийн Сэлэнгэ суманд төрж, зургаан нас тайдаа Шаамарт ирсэн. Энэ жил Шаамрын 79, арав дугаар анги төгссөний 50, Драмын театрын 80, Сэлэнгэ аймгийн 80 жилийн ой тохиож байгаа. Нутгийнхаа тухай дур сах, нутагтаа очих сайхан байдаг. Хөл нүцгэн гүйж, тоглож байсан хамгийн аз жаргалтай үеэ тэнд өнгөрүүлсэн болохоор дотно байдаг юм. Сэлэнгийн ард түмэн ч гэсэн надад их зүйл өгсөн. Манай нутагт оросууд их олон. Тэд орой болохоор баянхуур тоглоод л дуулж, бүжиглэнэ. Архи уусан согтуу хүн байхгүй, ямар сайхан байсан гээч. Тэднийг бүжиглэж, дуулахаар багачууд бид дагаад л гүйнэ. Тэр агуу соёл надад нөлөөлж, театрын урлагтай амьдралаа холбоход түлхсэн. Зургадугаар ангид байхдаа цахилгаан станцад ажиллаж 1200 төгрөгийн цалин авчихаад түүнийхээ 500 төгрөгөөр радио, 500-гаар нь Германы “Опел” дугуй авсан юм. Урлагт дуртай болохоороо цоо шинэ дугуйгаа ямбий баянхуураар сольж байлаа. Айлын ганц хүү болохоор өөрийнхөө хүссэнийг л хийнэ шүү дээ.

-Хотод ирээд дагалдан жү жигчин болсон уу?

-Алдарт дуучин Цэрэнжав намайг театрт хөтлөн аваачиж, театрын дарга Таяа, Ванган, Гэндэн багш, Ичинхорлоо, Лоо вой, Ц.Цэгмид нарын том чуудад шалгуулаад да гал дан жүжигчин болж байлаа. Театрт ороод удаагүй байх даа “Түмний нэг” киноны олны хэсгийн зураг авалтад оролцож, жирэмсэн хүүхэн үүрээд хөлөө цэврүүттэл нааш цаашаа гүйсэн. Кинонд цагаан хаалганы дэргэдүүр онгоц явж өнгөрч байгааг харж зогсдог дүрс үлдсэн.

-Урлаг, уран сайханд со нир холтой байсан ч драмын урлагийг бүрэн утгаар нь ойлгож таньсан байв уу?

-Дагалдан жүжигчин бо лоод нэг их удаагүй бай тал дахин мэргэжлийн шал галт боллоо. Хуучин жү жигчид хүр тэл шал галтаас уйлж гарч ирээд, би баахан сандарсан. Миний багш У.Осор “Битгий сандар, хөгж мөө бариад ороорой” гээд захиж байтал шалгалт дуусаад намайг оруулсангүй. ”Би үлдчихлээ” гэж хэлтэл шалгалт авч байсан хүмүүс “Чамайг та ргалуулж байгаад шарж иднэ” гэдэг юм байна. Тэр үед “Шалгуурт нь тэнцээгүй болохоор намайг хөдөөгийн театр руу явуулах юм байна даа. Ямар ч гэсэн шууд явуулна гэлгүй, шарж иднэ гэснийг бодоход хөдөө аваачиж нухлах нь” гэж таамаглаж байв. Гэтэл хоёр сарын дараа Соёлын яамны орлогч сайд Ч.Ло дойдамба гуай дуудаж, өөрийнхөө гарын үсэгтэй мэргэжлийн жүжигчний үнэм лэх олгосон юм даа.

-Тэр хоёр сарын дотор та өөрийнхөө чадварыг таниулж амжиж дээ?

-“Эрхүүд болсон явдал”, “Хүү” гэдэг жүжгийн гол дүрд тоглосон. “Хүү” жүжигт бүр Эвлэлийн үүрийн даргын дүр бүтээсэн.

-Түүнээс хойш театрын тайзнаа болон дэлгэцэнд бүтээсэн дүрийн тоо хэд хүрэв?

-Оюутны дипломын ажил зэргийг нийлүүлбэл 150-иад юм болно. Би дунд сургуульд байхдаа хүртэл Сэлэнгэ аймгийн Соёлын ордны жүжигт тоглож байлаа. Кинонд 30 шахам дүр бүтээсэн.

-Илүү ойр дотно санагдаж, хайрладаг дүр тань аль нь вэ?

-Бүх л дүрдээ хайртай. Гэхдээ намайг олон шагналд хүргэсэн болохоор нь ”Оролмаа эх” жүжгийн хятадын дүр дээ илүү хайртай. Анх энэ жүжгийг тавихаар болж, унш лага эхлэхтэй зэрэгцээд дү рийн уралдаан зарласан. Хандсүрэн, Лха.Долгор, Байды, З.Пүрэв нарын ардын болон гавьяат жүжигчид цөм уралдаанд оролцож байсан учраас би ч түрүүлнэ гэж бодоогүй. Ямартай ч дүрээ судалж, баяжуулаад тоглолоо. Тэгсэн дүрийн уралдаанд түрүүлж, Ц.Цэгмидийн нэрэмжит Алтан хайрцгийг нээх эрхтэй болж нэг сарын цалин буюу 780 төгрөгөөр шагнуулсан.

-Одоо театрын тайзнаа яг энэ дүрээ бүтээж байгаа. 38 жилийн өмнөхөөс өөрчл өгдсөн үү?

-Анх энэ жүжгийг Галсанжав найруулсан. Дараа нь Москвад тоглохдоо найруулгыг нь дахин өөрчилсөн. Одоо Най дандоржийнх ч гэсэн өөр. Тухайн үеийн хятадууд их омогтой байсан юм билээ. Зах зээл тэр чигээрээ хятадаас хамааралтай байсан учраас арга ч үгүй биз. Тийм ч учраас анх тоглохдоо тэр омгийг нь харуулж байлаа. Харин одоо “Та нарыг иднэ дээ” гэсэн санааг гаргахыг зорьж байна.

-Та кинонд ч гэсэн хятад хүний дүр цөөнгүй бүтээсэн байх аа?

-“Үүр цайхын өмнө” уран сайхны киноны сахалт данжаад, “Хатанбаатар Маг саржав” кинонд гамингийн дүр бүтээсэн. Бид л хятад хүн гэж нэг үгээр төлөөлүүлэн ярьж байгаа ч хятадууд хоорондоо адилгүй. Монгол хүн буриад дээл өмсчихөөд дөрвөд аялгаар яривал утгаг үйтэй ижилхэн юм. Зарим өвөрмонгол жү жиг чид монголчуудыг хятад хү ний дүрд тоглохыг хараад “Танайхан яагаад дүрээ судлалгүй буруу юм хийгээд байна аа” гэдэг юм. Би “Хатанбаатар Магсаржав” уран сайхны кинонд сахалт данжаадын дүрд тоглохдоо хятадуудтайгаа хятадаар, монголчуудтай мон голоор ярьдаг. Удвал гуай ч үүнийг зөвшөөрсөн.

-Үргэлж хятад хүний дүр бүтээдгээсээ болж янз бүрээр хэлэгдэж байсан гэв үү?

-Хятадын эрлийз гэж хочлуулж, шагналаас хасуулж явлаа. Намайг өсгөсөн аав хятад хүн л дээ. Тэгэхээр би тэр хүнд гомдож болохгүй. Нэг удаа Халх голд залуучуудын театрын тоглолт найруулаад Эвлэлийн төв хорооны Тэргүүний залуу алтан медалиар шагнууллаа. Тэгсэн хэд хоногийн дараа Пүрэвжав гуай намайг дуудаад “Чамайг шагнаснаас болж хотын Намын хорооны хурал дээр донгодууллаа” гэж байсан юм. Би ер нь гавьяа шагнал, алдар нэрийн төлөө зүтгээгүй ээ. Монголын ард түмний оюуны хэрэгцээг хангахын төлөө л бүхнээ зориулсан. Миний ээж халх хүн. Би энэ эх оронд төрсөн. Тийм байхад намайг урвагч мэтээр хочлох ямар хэрэг байна.

-Өөрийн гэсэн шавь бэлдэж байна уу?

-Намайг тоогоод уривал би очиж сургуулиудад лекц уншдаг. Театрынханд ч гэсэн “Би алтан үеийнхний тухай ярих амьд архив шүү, уулзалт зохион байгуулах болбол дуудаарай” гэж хэлдэг. Би Ванган багшийн тухай тасралтгүй гурван цаг ярьж чадна. Гэндэн, Оюун багшийн тухай ч ярина. Гэхдээ ч одоо зарим шавьдаа “Таны үе хоцрогдсон” гэж доромжлуулж байна. Тоглолттой байж архи үнэртүүлж орж ирчихээд л ингэж хэлж байгаа юм. Би анх Ц.Төмөрбаатарыг кино драмын ангид оруулахаар бэлтгэж байлаа. Мөн түүний ах Ц.Төмөрзоригийг ч бэлдсэн. ЗХУ руу Эдийн засгийн дээд сургуульд явах хүүхэд байсан учраас Оюун багш хөөгөөд явуулсан юм. Санчигдан, Най манжаргал, Сүхээ, Хасар Жагаа, Чулуунхүү гээд шавь нар бий.

-Одоо “Гэгээн Муза” наадам зохион байгуулж, театр шилдгүүдээ тодруулдаг болсон. Харин өмнө нь шилдэг дүрийн уралдаан зарладаг байжээ?

-“Ээдрээ” жүжгийн Ээ ван, “Арын алба” жүжгийн Ганжуур гэдэг хэлгүй хүн болон “Оролмаа эх” жүжгийн хятадын дүрээр Ц.Цэгмидийн нэрэмжит Алтан хайрцгийг нээж, шагнуулж байлаа.

Гавьяат жүжигчин З.Жарантав гуай театрын ахма дуудын тухай ном бичихээр төлөвлөөд байгаа юм билээ. “Цаашид ч хийх ажил их байна, гэхдээ нууц” хэмээн тэрбээр яриагаа өндөрлөсөн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top