Б.Бат-Эрдэнэ: “Тэрбум мод” хөдөлгөөнийг дагаж ажлын байр нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

Ази, номхон далайн бүс нутгийн орнуудын ойн комиссын 29 дүгээр хурал өнөөдөр /2022.02.22/ Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд боллоо.

Уг хуралд дэлхийн 102 орны төлөөлөгчид оролцсон ба “Ой ба ногоон сэргэлт” сэдвийн хүрээнд явагдав. Цар тахлын улмаас энэ удаагийн комиссын хурлыг цахимаар зохиоин байгуулжээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч экологийн тэнцвэрт байдал алдагдаж, байгалийн гамшиг тохиох нь элбэг болжээ. Мөн хүнсний доройтол үүсч болзошгүй байгаа тул дэлхийн дулаарлыг 1,5 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилтыг НҮБ тавьж байгаагаа хурлын эхэнд онцоллоо.

НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагын орлогч Мария Хелена Семедо:

-Видео мсж Мария Хелена Семедо: Зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, ойн салбарын гүйцэтгэх үүрэг бол хүнсний системийг сайжруулахад өндөр үүрэгтэй. Ойн тогтвортой менежмент хийж чадсанаар хөдөө аж ахуйн асуудлуудыг шийдэхэд нэг алхам болно. Үер, хүнсний доройтлын асуудал санаа зовниулж байна. Газар тариалангийн салбарт өөрчлөлтүүд хэрэгтэй байна. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр арга хэмжээ авах шаардлагатай байна. Хурлын сэдэв цагаа олсон сэдэв болсон. Газрын менежментийн чиглэлээр өөрчлөлт хийх шаардлагатай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын хуралд оролцохдоо тэрбум мод тарина гэх том амлалтыг өгсөн. Уг амлалт ажил хэрэг болсноор уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг авч буй дорвитой арга хэмжээ гэж Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ онцолж байлаа.

Тэрбээр “Өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа хамгийн амин чухал асуудал бол хүлэмжийн хийн ялгарлаас улбаатай дэлхийн дулаарал юм.
 


Дэлхийн нийтээр ялгаруулж буй нийт хүлэмжийн хийн 0,1 хувийг манай улс ялгаруулдаг хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөж байна. Сүүлийн 170 жилд дэлхийн гадаргуу дээрх температур 1,09 хувиар өссөн байхад Монгол Улсад сүүлийн 80 жилийн хугацаанд 2,2 хувиар өссөн нь дэлхийн дунджаас хоёр дахин их болж, нийт нутаг дэвсгэрийн 76,9 хувь нь цөлжилтөд нэрвэгдэж, 45 хувь нь хүчтэй болон нэн хүчтэй хэлбэрээр цөлжсөн байна.

Монгол орны ой нь ойн түймэр, хөнөөлт шавж, өвчин болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбар өртөмтгий эмзэг экосистем юм. Манай орны ой бүтээмж, өсөлтийн хувьд бага ч гол мөрний усны нөөцийг зохицуулах хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх зэрэг экологийн өндөр ач холбогдолтой.

Монгол Улс хэдийгээр нийт газар нутагт эзлэх ойн талбайн хэмжээгээр бага боловч нэг хүнд ногдох ойн талбай 4,09 га байгаа нь дэлхийн дундаж 0,54 га-гаас хавьгүй өндөр байна.

Монгол Улс Газрын доройтлыг тэглэх зорилт, Биологийн олон янз байдлын тухай конвенц, Парисын хэлэлцээр зэрэг олон улсад хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийн тулд “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” бичиг баримтын хүрээнд уур амьгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22,7 хувь хүртэл бууруулж, шинэ технологи, инновац эрчимтэй нэвтрүүлж, ногоон санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлснээр цаашид 27,2 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн.

Монгол Улс ойн доройтол, хомсдолыг сааруулах, нөхөн ургалтыг дэмжиж хамрах хүрээг тэлэх, усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, агро-ойн аж ахуйг хөгжүүлэх замаар нэмүүн өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг бий болгоход онцгой анхаарч, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлээд байна. Энэ хөдөлгөөнд төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид, ойн нөхөрлөл, ард иргэд маань нэгдэж, идэвхтэй дэмжин, хамтран ажиллаж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд эдийн засгийн зөв хөшүүрэг, арга хэрэгслийг ашиглан ажлын байр нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх замаар ядуурлыг бууруулахад тодорхой ахиц гарна. Мэдээж улсын төсөв, хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, донор орнууд, олон улсын байгууллагууд, та бүхний мэдлэг туршлага, хамтын ажиллагаа, санхүүгийн дэмжлэг онцгой үүрэгтэй.


Монгол Улс тэрбум мод тарих зорилт тавьсан энэ үед модны суулгац, үрийн нөөцийг бүрдүүлэхэд уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгаа эсэхийг Газар зүй гео экологийн хүрээлэнгийн Ойн нөөц хамгааллын салбарын дарга Б.Удвал дараах байр суурийг илэрхийллээ.


Тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалаад, их үрийн жилд давтагдах хугацаа багассан. Үрийн идээт байдал овор хэмжээ чанар буурсан. Иймд “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд үрийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Импортын үр оруулж ирэхдээ уур амьсгалын ижил нөхцөлд ургаж байгаа хөрш зэргэлдээ орнуудад ургаж байгаа навчит болон шилмүүст төрлийн үрийг оруулж ирэх нь зохимжтой. Үрийг дагаж ойн хортон шавж, өвчин орж ирж байгаа эсэх асуудалд хяналттай хандах хэрэгтэй” гэв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top