Их Британийн хатан хаан II Элизабетын үеэл, ханхүү Уильям болон түүний хайртай бүсгүй Зузи нарын хайр сэтгэл түүхэнд мөнхрөн үлджээ.
Үхлээс өөр юу ч тэднийг салгаж чадаагүй хайрын түүхийг нь өгүүлье.
Тэд анх танилцахад Зузи хүүхэд төрүүлж, хоёр удаа нөхөрт гарч, хоёр удаа салсан байлаа. Гэвч энэ нь ханхүү Уильям, Зузи бүсгүй нарын дунд дүрэлзэн ассан хайр сэтгэлийн галыг унтрааж чадаагүй юм.
Их Британийн ханхүү унгар гаралтай модель, онгоцны үйлчлэгч бүсгүйг харангуутаа дурлажээ. Ханхүү зөвхөн түүнтэй л хамт байхыг хүсэж байв. Гэвч хоёр удаа салсан, хүүхэдтэй, онгоцны үйлчлэгч хийдэг бүсгүйтэй Их Британийн ханхүү хайр сэтгэлийн холбоотой болсон нь тус улсын хатан хааны гэр бүлийнхэнд хүлээн зөвшөөрөгдөхөөргүй зүйл байлаа.
Ханхүү Японд очоод хоёр удаа салсан онгоцны үйлчлэгч бүсгүйтэй танилцаж, хайр сэтгэлийн харилцаатай болсон тухай мэдээ Букингемийн ордонд хурдан хүрчээ.
Үнсгэлжин...
Зузитай Уильямыг танилцуулсан орой бүсгүй түүн рүү тоглоом бүхий зурвас илгээхээр шийджээ. Бүсгүй найзынхаа зохион байгуулах багт үдэшлэгт Уильямыг урьж “Хүндэт сэтгэл татам ханхүү. Та ирэхгүй бол энэ үдэшлэг хоосон байх болно гэж ярьцгааж байна. Дээрээс нь би гутлаа хаячихлаа...” гэж бичээд зурвасныхаа доор гарын үсгээ “Үнсгэлжин” гэж зуран ханхүүд илгээсэн байна.
Сээтгэнэл ч үр дүнтэй болжээ. Уильям үдэшлэг дээр түүний сууж байсан ширээ рүү ирээд Үнсгэлжинг бүжгэнд урьж болох эсэхийг асуусан байна. Зузи инээмсэглээд гараа өгөв...Тэдний хайр сэтгэлийн холбоо ингэж эхэлжээ.
Зузи дурсан ярихдаа “Бид зав гарангуутаа л үргэлж хамтдаа байдаг байсан. Тэр 27 настай ч наснаасаа илүү ухаалаг, цагаан цаас мэт сэвтээгүй хүн байсан” гэжээ.
1960-аад онд ханхүү Уильям Их Британийн хаан ширээ залгамжлах хүмүүсийн зургаадугаарт байсан учир хэзээ нэгэн цагт Их Британийн хатан хааны гэр бүлийн гол хүн болох найдлагагүй байв. Гэхдээ л хатан хааны гэр бүлийнхэн ханхүүг “эргэлзээтэй нэр хүнд бүхий” жирийн иргэнтэй гэрлэхийг зөвшөөрвөл энэ нь хаант засаглалын имижийг дахин алдагдуулах нь гарцаагүй байв. 1960-аад онд энэ нь хатан хааны гэр бүлийн хувьд жинхэнэ сүйрэл болох байлаа. Учир нь тухайн үед эхнэр Уоллис Симпсоныхоо төлөө хаан ширээнээсээ буусан VIII Эдуард хааны явдал дуулиан тариад байсан Их Британи улсад ханхүү Уильямын хайр сэтгэлийн явдал хатан хааны ордныг тойрсон бас нэгэн шуугиан болов. Уильям хаан болохгүй ч гэсэн хатан хааны гэр бүлийн хүн энгийн хүнтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн нь асуудал үүсгэжээ.
Ятгалга
1969 онд хатан хаан Элизабетын дүү Маргарет гүнж Токиод бизнесийн хуралд оролцохоор ирсэн байна. Тэрбээр хатан хааны даалгавраар ханхүү Уильямын хайр сэтгэлийн холбоог “судлах” өөр нэгэн “эрхэм зорилготой” ирсэн байв. Тэрбээр үеэл дүүгийнхээ дурлалт бүсгүйтэй танилцаж, Уильямтай нүүр тулан ярилцжээ. Маргарет эелдэгээр түүнд “Зузид яагаад дурласныг чинь маш сайн ойлгож байна. Ийм сайхан, ухаалаг бүсгүйд дурлах нь аргагүй” гэж хэлээд өөрийн туулж өнгөрүүлсэн гунигт түүхийн талаар ярьсан байна. Маргарет гүнж эхнэрээсээ салсан хурандаа Питер Таунсендтэй үүсгэсэн хайр сэтгэлийн холбооныхоо тухай ярив. Тэдний хайрын түүх мөн л маш адармаатай...
Харамсалтай нь тэрбээр үеэл дүүгээ ятгаж чадаагүй аж. Гэхдээ тэр Уильямыг ухааруулах бас нэгэн оролдлого хийхээр шийджээ. Маргарет Англиас Уильямд “Чамтай ярилцахад маш сайхан байсан. Чиний хувьд жаахан хүлээгээд гэртээ ирж, цаашид юу болохыг харвал сайн гэж бодож байна” гэж захидал бичив. Гэвч Уильям өөр төлөвлөгөөтэй байв. Тэрбээр хатан хаанд захидал бичиж, Зузитай гэрлэх зөвшөөрөл хүсжээ. Хатан хаан Элизабет түүнд “Зүрх сэтгэлээ дага” гэсэн хариу өгсөн ч энэ нь ханхүүгийн сэтгэлийг тайвшруулж чадсангүй. Хатан хааны гэнэтийн адислал Уильямыг өртэй мэт болгожээ. Нэг талаас Уильям хатан хаанаас гэрлэх зөвшөөрлөө авсан мэт байвч нөгөө талаас ханхүү гэр бүлээсээ урвасан байлаа. Тэр хүлээсэн үүргээсээ няцсан байв. Тэр үүргээ ухамсарлах, Зузиг хайрлах хоёрын хооронд эргэлзэж байлаа.
Зузи...
Зузи ухаалаг бүсгүй учир Уильямд бодох хугацаа өгөөд Нью-Йорк руу нисжээ. Гэхдээ тэд захидлаар харилцаж, утсаар ярьсан хэвээр байв. Зузи “Уильямын дотор тэмцэл явагдаж байгааг би мэдэж байсан. Гэхдээ би түүний намайг гэх хайр нь хүчтэйг мэдэрдэг байсан. Иймээс ирээдүй рүүгээ итгэл найдвартайгаар харж байв. Би хэзээ ч түүнд шахалт үзүүлдэггүй байсан” гэж ярьжээ.
Гэвч хувь тавилан гэнэт өөрөөр эргэв. 1970 онд Уильямын аав, VI Жорж хааны дүү Хенри цус харваж, ханхүү яаралтай Англи руу буцах шаардлагатай болжээ. Ханхүүг эргэж ирсэнд хатан хааны гэр бүлийн олон гишүүн тайвширчээ. Гэвч удалгүй бүх зүйл тэдний бодож байгаагаас өөр болохыг ойлгосон байна. Уильям хайртай бүсгүйгээ авчирч, эцэг эхтэйгээ танилцуулахаар шийджээ. Уулзалт тэдний гэр бүлийн хотын гаднах эдлэнд нь болжээ. Зузи хожмоо дурсан ярихдаа “Уильямын аавынх нь бие муу, тэргэнцэр дээр сууж байсан. Харин ээж нь намайг халуун дотноор хүлээж авсан. Гүнгийн ахайтан маш эелдэг, сайхан сэтгэлтэй, нөхөрсөг хүн шиг санагдсан. Тэр гар урлал хийнгээ надтай ярилцсан. Гэхдээ түүний нууцлаг байдал дотроо юу бодож байгааг нь таахад бэрх болгож байлаа” хэмээжээ.
Үүний дараа Зузи Нью-Йорк руу буцаж, Уильямд гэр бүлийн асуудлаа шийдэх, хоёр биенийхээ тухай бодох хугацаа өгчээ. Гэвч тэд урьдын адил захидлаар харилцаж, утсаар ярьсан хэвээр...
Хагацал
1972 оны зун ханхүү Уильям “Goodyear International Air Trophy” онгоцны уралдаанд оролцохдоо Зузиг урьсан ч бүсгүй ажилтай байсан учир ирж чадсангүй. Гэхдээ дурлалт хосууд тэмцээний дараа уулзахаар тохиролцов. Уильям тэмцээний дараа Нью-Йорк руу нисэх тасалбар авч, хосууд уулзалдахаар тохиролцсон ч уг уулзалт болоогүй юм.
Ханхүү Уильямын онгоц уралдааны үеэр жолоодлого нь алдагдаж, доош унан дэлбэрчээ. 30 настай ханхүү газар дээрээ нас барсан юм.
Зузи хайртынхаа үхлийн дараа бүрэн хоосорчээ. Бүсгүй хамгийн түрүүнд уг уралдааны үзэгчдийн индэрт байсан Уильямын ээжийн тухай бодсоноо ярьдаг. Бүсгүй “Түүнд хүүгийнхээ үхлийг харах үнэхээр аймшигтай байсан байх” хэмээн ярьжээ.
Зузи хайртай хүнээ алдсаныхаа дараа удаан хугацаанд гашуудсан ч цааш амьдрах хүчээ олж авч, Уильямын философиор амьдрахаар шийджээ. “Зүрх сэтгэлээ л дага” гэсэн түүний философи бүсгүйд гүн нөлөө үзүүлсэн байна. Зузи Уильямын нөлөөгөөр нисгэгч болсноос гадна нислэгийн багш хийдэг болжээ.
Саяхан Зузи 80 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Тэрбээр хайртдаа үүрд үнэнч үлдэж, ханхүү Уильямыг нас барсны дараа нөхөрт гараагүй юм.
Их Британийн хэвлэлүүд Глосестерийн Уильямыг хүндэтгэж, британичууд түүнийг шүтдэг байлаа. Ханхүү Уильям сайхан төрсөн, ухаантай, хүнлэг, эрч хүчтэй, өөгүй хүн байсан гэдэг. Тэр гэр бүлээ хүндэтгэн дээдэлдэг ч эрх чөлөөгөө эрхэмлэдэг залуу байжээ. Хатан хаан II Элизабетын хүү, ханхүү Чарльз ч нагац ах Уиллийгээ маш их хүндэлдэг байсан аж. Тэр хэдэн арван жилийн дараа анхны хүүхдэдээ түүний нэрийг өгсөн юм. Тэр нь Их Британийн ханхүү, Кембрижийн гүн Уильям юм.
Сэтгэгдэл ( 2 )
Goy hair. Gevch haramsaltai
Goy hair. Gevch haramsaltai