Д.Тогтохсүрэн: Хаврын чуулган ГАЗРЫН ТОСНЫ АСУУДАЛД анхаарна

2022 оны 03 сарын 23

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар мэдээлэл хийснийг тоймлон хүргэж байна. 


МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Зам тээврийн хөгжлийн сайд нарын мэдээллийг сонссон. Гадаад, дотоод нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүддээ мэдээлэл өгье гэсэн үүднээс ийнхүү мэдээлэл сонссон юм. Харин өнөөдрийн бүлгийн хурлаар УИХ-ын гишүүд намрын чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажилласан мэдээллийг хэлэлцсэн. Сүүлийн хоёр жил цар тахлаас үүдэн томоохон хурал, цуглааныг зохион байгуулахыг хориглочихсон байсан. Харин цар тахлын нөхцөл байдал гайгүй болж, уулзалт, хурал хийх боломжтой болсон учраас гишүүд тойрогтоо ажилласан.

Тойрогтоо хоёр жил дорвитой ажиллаж чадаагүй учраас орон нутагт хийж хэрэгжүүлэх ямар ажил байна, Засгийн газраас авч хэрэгжүүлэх зүйл юу байна гэдгийг бүлгийн хурлаараа ярилцлаа. УИХ-ын гишүүд хөдөө, орон нутагт ажиллахад хэд, хэдэн бэрхшээл болон тулгамдаж байгаа асуудал байна. Нэгт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын асуудал байна. Үрийн нөөц, бордоотой холбоотой бэрхшээл тулгарах нь. Өнөөдрийн хуралд Засгийн газрын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь оролцууллаа. Ерөнхий сайд хөдөө, орон нутагт ажиллаж байгаатай холбогдуулан дөрөв, таван сайд байсангүй. Хоёрдугаарт, малын шүлхий өвчин, ноолуур бэлтгэлтэй холбоотой асуудлыг хөндлөө. Мөн төрийн албан хаагчийн цалин зэрэг 10 гаруй асуудлыг гишүүд ярьж, сайд нараас мэдээлэл авлаа” гэсэн юм.

Мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсныг тоймлон хүргэж байна.  


-Орос, Украины асуудалтай холбоотойгоор манай улсын хаврын тариалалтад хүндрэл үүсэх вий гэсэн болгоомжлол байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Хаврын тариалалтын үрийн асуудал үнэхээр ярих ёстой асуудал мөн. ХХААХҮ-ийн сайдын хэлж байгаагаар манайх энэ жил 64 мянган тонн үр тарианы үрийн хэрэгцээ шаардлага байна. Түүний 59 мянгыг нь дотоодоосоо бүрэн хангах боломжтой. Тийм болохоор үрийн хувьд хүндрэл үүсэхгүй нь гэж үзэж байгаа. Харин бордооны хувьд жаахан хүндрэлтэй. ОХУ-аас манай улс руу орж байгаа зарим нэгэн бараа бүтээгдэхүүн асуудалгүй орж байгаа. Тийм болохоор 6000 тонн бордоо авахаар гэрээгээ хийчихсэн юм байна лээ. Гэхдээ нөхцөл байдал өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа учраас асуудал гарахыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан өнөөдрийн хувьд хаврын тариалалтад хүндрэл үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлсэн гэж Засгийн газар мэдээлэл өгч байгаа. 

-Дотоодод долларын хомсдол бий болох нь, Улаан-Үдээс хүмүүс ирж долларыг их хэмжээгээр авч гараад байна гэсэн мэдээлэл байна. Энэ тал дээр гишүүд хэр мэдээлэлтэй байна вэ. Яг бодит үнэн зүйл мөн үү?

-Долларын асуудлаар бид өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хийсэн бүлгийн хурлаараа ярьсан. Гадагшаа хил, гаалиар ямар нэгэн байдлаар бэлэн мөнгө гаргах нь өөрөө хориотой. Үүний дагуу хатуу хяналт тавьж байгаа. Агаар, төмөр зам, автозамаар доллар гадагшаа гараад байна гэдэг бол худлаа. Монголбанк, хил, гаалиас үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэж байгаа. Бидний экспорт багассан. Өнгөрсөн оны сүүлээр бараг үндсэндээ хаагдсан. Одоо бол зэсийн баяжмал, төмрийн хүдэр, алт гурав галт тэргээр гарч байна. Нүүрсний экспорт өдөрт 300-400 орчим машин л гарч байна. Экспорт гэдэг маань эргээд валют болдог зүйл шүү дээ. Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанп экспорт багассантай холбоотойгоор үүсч байгаа нөхцөл байдлууд бий.  

-Бүлгийн хурал дээрээ үнийн өсөлтийн талаар ярилцав уу?

-Үнийн өсөлтийг бүгд мэдэж байгаа. Бүгд бие махбодиороо мэдэрч байна. Учир нь, нэг талаараа орж ирдэг импорт эрс багассан. Импортоор орж ирдэг хэд, хэдэн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Тэрний нэг нь шатахууны үнэ. Өнгөрсөн оны сүүлчээр нэг тонн шатахууны үнэ 70 орчим ам.доллар байсан. Өнөөдөр 105-110 ам.доллар байна. Тэгэхээр Монголоос шалтгаалахгүй байгаа юм. Шатахууны үнэ бол шууд Орос, Украины дайнтай холбоотой нэмэгдсэн. Дэлхий нийтийн хэмжээнд долларын ханш нэмэгдэж байгаа нь манай улсад ч нөлөөл байна. Мөн төмөр зам, далай, агаарын тээврийн үнэ 5-10 дахин нэмэгдцэн нь бас нөлөөлж байгаа. 

-Шинээр байгуулсан хоёр яамны сайд нарыг яагаад томилохгүй байна вэ?

-Үндсэн хуулиар Засгийн газрын сайд нь хэн байх вэ гэдгийг томилдог хүн нь Ерөнхий сайд өөрөө. Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал юм. Ямар шалтгаан нөхцөлөөс болж томилохгүй байгааг Засгийн газраас тодруулсан нь дээр байх.

-Та экспортын талаар дурьдлаа. УИХ, МАН-ын бүлэг яагаад газрын тосны экспортоо ярьдаггүй юм бэ. Газрын тосны үйлдвэр өөрсдөө барина гээд явж байгаа. Гишүүдийн байр суурийг асуухаар "Петрочайна Дачинтамсаг" компанийн Бүтээгдэхүүн хуваах гэрээг мэддэг гишүүн одоогоор таарсангүй. Энэ дээр эрх баригч намын бүлгийг анхаараад өгөөч гэж хүсэж байгаа юм. Энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?

-Өөрөө бидэнтэй ч гэсэн уулзаж, гэрээг нь өгсөн. Бид судалж үзэж байгаа. Уул уурхайн томоохон компаниудын тайлан мэдээллийг бүлгийн хурлаар хэлэлцэж байгаа. Өнгөрсөн намрын чуулганы үеэр Эрдэнэс тавантолгой, Эрдэнэс Монгол, Эрдэнэт, Оюу толгой гээд олон компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын тайлан мэдээлэл, үйл ажиллагааны талаар сонссон. Одоо энэ хаврын чуулганаар бид газрын тосны экспортын талаар сонсоно. Сонсохоос өөр арга байхгүй. Бидний санааг зовоож байгаа нэг асуудал энэ мөн. Монгол Улс нефтийн үйлдвэртэй болно гэж гаднын зээлээр өндөр өртөгтэй үйлдвэр барьж байгаа. Бариад дууссаны дараа манай улсын өөрийн нөөц ямар билээ, лиценз нь хэн дээр байгаа вэ гээд томоохон асуудлууд бий. Тийм болохоор энэ асуудлыг ойрын үед бүлгийн хурлаар хэлэлцэнэ гэж бодож байгаа. Манай гишүүдийг тодорхой хэмжээний мэдээллээр хангаж байгаа та бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна.

-Шатахууны гурван сарын хэрэглээний гэрээ байгуулахад бэлэн гэж Роснефть компанийн зүгээс мэдэгдсэний дараахан нөхцөл байдал өөрчлөгдөж, ОХУ экспорт, импортоо зогсоочихлоо. Тэгэхээр энэ гурван сарын хэрэглээний шатахуун орж ирэх боломж ер нь бий юу?

-Засгийн газраас бидэнд өгч байгаа мэдээллээр бол ОХУ гэрээний дагуу манайд ямар нэгэн тасалдал, хүндрэл үүсгэхгүй гэж байна. Тэгэхээр шатахуун тасалдал гарахгүй гэж ойлгож болно. Гэвч нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Үнийн хувьд тухайн үеийнхээ зах зээлийн үнээр л явна. Манай долларыг гадагш нь сордог том зүйлсийн нэг нь шатахуун.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top