Инфляцыг бууруулахын тулд Бодлогын хүүг өсгөх ЁСТОЙ & ЁСГҮЙ

2022 оны 03 сарын 22

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо тов ёсоор энэ долоо хоногийн 21-25-ны өдрүүдэд хуралдаж, шийдвэрээ 25-ны өдөр гэхэд гаргасан байх  ёстой. Энэ нь  2022 оны хоёр дахь Бодлогын шийдвэр болох юм.

Сануулахад, өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас хойш инфляцын эрчим буурахгүй нэмэгдэж байгаатай холбогдуулан Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн нэгдүгээр сард ээлжит бусаар хуралдаж, Бодлогын хүүг 0.5 хувиар нэмэгдүүлэн, 6.5 хувь болгосон.

Уг шийдвэр гарах үед буюу 2021 оны 12 дугаар сард жилийн инфляц улсын хэмжээнд 13.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай гарсан байсан.

Тэгвэл инфляц сүүлийн байдлаар буюу 2 дугаар сард улсын хэмжээнд 14.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 15.5 хувьтай буюу илүү өссөн байна.

Нэгдүгээр сарын 28-нд Төв банкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулах үеэр мэдээлэхдээ,  ковидын  Омикрон хувилбарын тархалт эрчимжиж, дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх төсөөллөөс муудаж, тээвэр, логистикийн саатал, нийлүүлэлтийн гинжин хэлхээний доголдлоос үүдэн зардлын инфляц олон улс оронд огцом нэмэгдэж байна.

Манай улсын хувьд мөн адил гадаад худалдааны тээврийн саатал үргэлжилснээр импортын барааны үнэ нэмэгдлээ. Мах, хүнсний ногоо, шатахуун, импортын барааны үнэ нэмэгдсэн нь бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг хүлээлтээс ихээр өсгөлөө... Эрэлтийн шалтгаантай инфляц эдийн засгийн идэвхжилийг даган алгуур нэмэгдэх хандлага хэвээр байгаа бол нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын цаашдын төлөв хилийн хязгаарлалт, тээвэр, логистикийн саатлыг хэр богино хугацаанд  шийдвэрлэхээс голлон хамаарахаар байна. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулахаар шат дараатайгаар авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээнүүд нь эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалахад эерэгээр нөлөөлж байна. Өнгөрсөн оны сүүлийн 2 сард уул уурхай болон тээврийн салбарын үзүүлэлтүүд хүлээлтээс буурч, харин бизнесийн хязгаарлалтууд суларч дотоод эрэлт нэмэгдсэнээр боловсруулах, худалдаа, үйлчилгээний салбарын үзүүлэлтүүд хүлээлтээс өндөр гарлаа.

Хилийн хязгаарлалтаас үүдэлтэй нийлүүлэлтийн доголдол үргэлжилж байгаагаас инфляцын хүлээлт нэмэгдэх, улмаар инфляцын хоёрдахь үеийн нөлөө эрчимжих эрсдэлтэй байгаа тул мөнгөний бодлогын төлөвийг чангарууллаа. Түүнчлэн, гадаад зах зээлийн суурь хүү өсөх төлөвтэй байгаа нь бодлогын хүүг өсгөх нөхцөлийг бий болгож байна.

Монголбанк эдийн засгийн сэргэлтийн явц, инфляцын өрнөлтэй уялдуулж бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлэх болно” хэмээн мэдэгдэж байсан.

Тэгвэл одоогийн нөхцөл байдлыг аваад үзэхэд, дотоодод ковидын халдварын тархалт буурсан ч манай уул уурхайн түүхий эдийн үндсэн зах зээл  БНХАУ-д халдварын тохиолдлууд нэмэгдсээр байгаа нь, хил гаалийн хорио цээр хэвийн байдалд ороход  хугацаа шаардах нөхцөлийг  үүсгээд байна. Үүний зэрэгцээ  ОХУ, Украины нөхцөл байдалтай холбоотойгоор хойд хилээр бараа, бүтээгдэхүүн татаж авахад эрсдэлтэй нөхцөл үүсээд байна.

Тэгэхээр инфляцыг өдөөсөөр өнөөдрийг хүрсэн нийлүүлэлтийн шалтгаанууд улам нэмэгдсээр байгаа энэ үед инфляцын эрчмийг бууруулахын тулд Бодлогын хүүг чангаруулахаас өөр ямар арга, гарц гаргалгаа байна вэ гэдэг асуудал анхаарал татаж буй.

Эдийн засагчдын байр суурийг авч үзэхэд, Мөнгөний бодлогын хороо энэ удаагийн хурлаараа  Бодлогын хүүг дахин өсгөх байх гэсэн таамаг давамгайлж байна.

Мөн нөгөө талаас Бодлогын хүүг хөдөлгөж арга хэмжээ авахаас өөр илүү хурдтай, бодитой  нөлөөлөх арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэх эдийн засагчид ч байгаа юм.

Тухайлбал, эдийн засагч Ө.Ганзориг Бодлогын хүүг 6 хувь дээр барьж, инфляцыг хазаарлах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.  Тэрбээр zindaa.mn сайтад энэ сарын 15-нд өгсөн ярилцлагадаа:

-Манай эдийн засагчдын гаргадаг гол алдаа болохоор АНУ шиг 300 сая хүнтэй ч юм уу, эсвэл Япон шиг 130 сая хүнтэй  улс орнуудад  зориулж гаргасан онолуудад тулгуурлаж, яриад байдаг. Онол гэдэг бол амьдралд 100 хувь нотлогдоогүй зүйлийг хэлдэг. Орчин үеийн макро эдийн засгийн онолууд гээд байгаа юм чинь амьдралд 100 хувь нотлогдоогүй, ерөнхий хана нь бол  байдаг. Тэр ханыг нь тогтоохдоо АНУ шиг, Япон шиг өндөр хөгжилтэй, олон зуун сая хүнтэй улс орнуудын эдийн засгийг ажиглаж, жишиж тогтоосон байдаг. Манайх шиг дөнгөж сая чөлөөт зах зээлд орсон, гуравхан сая хүнтэй улсад бол энэ хэрэгжихгүй. Арай өөрөөр хэрэгжинэ. Бид үүнийг эхлээд ойлгох ёстой. Монголынхоо эдийн засагт зориулсан өвөрмөц хэлбэрийн онолуудыг орчин үеийн нийтлэг онолуудаас салгаж гаргах хэрэгтэй.

Инфляц өсөнгүүт бодлогын хүүгээ өсгөнө гэдэг бол номон дээр байдаг л аргууд. АНУ-д бол ажиллана, Японд бол хэрэгжинэ.  Японд ч гэсэн ерэн  оноос хойш дефляци гээд инфляцын эсрэг үзэгдэл гарсан шүү дээ. Эдийн засгийн онолоор үүнтэй тэмцээд барахгүй дийлэхгүй л байгаа. Тэгэхээр бид эдийн засгийн онолын ном уншчихаад, тэрийгээ шууд Монголд хэрэгжих мэтээр ярьдагаа болих хэрэгтэй. Бодлогын хүү өсгөж инфляцтай тэмцэнэ гэж байхгүй. Миний бодлоор гадаадын хөрөнгө оруулалт болон экспортоо нэмэх замаар  ам.долларыг  оруулж ирэх дээр 100 хувь фокуслах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Харин эдийн засагч Ч.Отгочулуу манай сайтад өгсөн ярилцлагадаа:

“Төв банк нэгдүгээр сард  бодлогын хүүг 0.5 нэгж хувиар өсгөсөн. Хүү өсөхөөр дагаад зээлийн хүү нэмэгдэнэ, зээлийн олдоц буурна, дагаад хэрэглээ хумигдана гэсэн үг л дээ. Ерөнхийдөө энэ өндөр инфляцын цаад үндсэн нэг шалтгаан бол төсвийн их алдагдал юм. Төсвийн зардлаараа дамжуулаад эдийн засаг руу баахан мөнгө оруулчихаар, үнийн хөөрөгдөл үүсэж байгаа. Үнийн хөөрөгдөл үүсчихээр, үүнийг дарахын тулд төв банк нь бодлогынхоо хүүг өсгөнө. Бодлогын хүүгийн өсөлтөөс улбаалан хүмүүсийн худалдан авалтыг буурна, компаниуд хөрөнгө оруулалтын зээл авахад их хэцүү болно. Манайх угаасаа ч зээл авахад хэцүү. Гэтэл эдийн засаг идэвхжиж эхэлдэг,  урин дулаан цаг ирж байхад, зээлээ хумьж байгаа нь харамсалтай. Гэхдээ Монголбанк өөр аргагүй болчхоод байна л даа.

Энэ инфляцын өөр нэг шалтгаан нь нэг талаасаа нийлүүлэлтийн гаралтай. Замын-Үүд дээр бараа, бүтээгдэхүүн гацаад байна. Барилгын болон ер нь бүх салбарын компаниуд бараагаа татаж чадахгүй, тээврийн зардал нь 3-4 дахин өссөн. Эдийн засагт алдагдсан боломжийн өртөг гэж бий. Хэрвээ бид хил боомт дээр хорио цээрийн дэглэмийг сайтар хангаад, нэвтрүүлэх чадвараа сайжруулчихсан бол нөхцөл байдал өөр байх боломж байсан. Зэсийн ханш одоо 10 мянган ам.доллар давсан, нүүрсний үнэ 450 ам.доллар  болсон байна. Алтны үнэ ч бараг 2000 ам.доллар шүргэж байна.  Экспорт талдаа энэ үүлэн чөлөөний нар шиг үеийг ашиглаж чадсангүй. Импорт талдаа ч их муу байлаа. Миний бодлоор урт хугацаанд ачаа тээврийг сайжруулахын тулд агаарын каргог  идэвхжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, Ховдод онгоц аятайхан буучихаар талбай засаад, агуулах байгуулчих юм бол Казахстан, Киргизстан, Хятадын Шинжаан Уйгураас бараа татаад аваад байх боломжтой. Дорнодод олон улсын хэмжээний ачаа тээврийн каргоны зориулалттай онгоцны буудал барьчих юм бол Манжуур, БНСУ-аас бараа оруулаад ирэх боломжтой. Агаарын тээврийг либералчлаад ачааны том том онгоц буудаг боломжийг өсгөх хэрэгтэй.  Төмөр зам дээр эрдэс баялгийнхаа тээврийг хэтэрхий их анхаараад байх шиг байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top