ӨӨРИЙН БАЯР I Ялалтын баяр зөвхөн ОХУ-д болно

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

ОХУ энэ жил Ялалтын баярын арга хэмжээнд гадны улсын Ерөнхийлөгч нарыг уриагүй байна.

Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Аугаа эх орны дайны ялалтын 77 жилийн ой энэ жил тэгш тоотой ой биш учир гадаадын Төрийн тэргүүнүүдийг уриагүй. Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко ч Москвад ирэхгүй. Тэрбээр Минскт болох Ялалтын баярын жагсаалд оролцоно” гэжээ.

ТУХН-ийн хэд хэдэн орон, тухайлбал, Казахстан, Узбекистан улс Ялалтын баярт зориулсан цэргийн жагсаалыг цуцалсан билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Энэ бол манай баяр. Бүх Оросын, бүх оросуудын баяр” гэжээ.

Москва хотын Улаан талбайд уламжлалт ёсоор болдог Ялалтын баярын жагсаалын анхны бэлтгэл дөрөвдүгээр сарын 28-нд болжээ. Тавдугаар сарын 7-нд сүүлийн бэлтгэл болох аж.

Улаан талбайд уламжлалт ёсоор болдог жагсаалд энэ жил 11 мянган цэргийн алба хаагч, 131 техник, 77 онгоц, нисдэг тэрэг оролцох юм.

Аугаа эх орны дайнд Германыг ялсан өдөр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мөн “Энэ жил Аугаа эх орны дайны ялалтын 77 жилийн ой. Аугаа эх орны дайнд Германыг ялсан өдөр” гэсэн байна.

Тэрбээр Ялалтын баярын жагсаалд гадаадын улсын тэргүүнүүдийг урьдаг уламжлал хадгалагдаж байгааг хэлээд “Уригдах хүмүүсийн жагсаалт жилээс жилд харилцан адилгүй болж байна. Бид мэдээлнэ” гэжээ.

2021 онд Кремль гадны удирдагчдыг Ялалтын баярын жагсаалд уриагүй билээ. Яагаад гэвэл тэгш тоотой ой биш байсан аж. 2020 онд Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн жагсаал коронавирусний цар тахлын улмаас зургаадугаар сарын 24-нд болсон юм. Москвад Беларус, Узбекистан, Босни ба Герцеговина, Казахстан, Киргиз, Молдав, Тажикистан, Серби, Өмнөд Осет болон Абхазын тэргүүнүүд ирж байв.

ТУХН-ийн орнуудад жагсаал цуцлагдсан нь

Энэ хавар ТУХН-ийн хэд хэдэн орон энэ жил Ялалтын баярыг өргөн тэмдэглэхгүй гэдгээ мэдэгдсэн. Дөрөвдүгээр сарын 13-нд Казахстан улсад Ялалтын баярын жагсаал болохгүй гэдэг нь тодорхой болсон юм. Харин цэрэг, эх орончдын арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус улсад ахмад дайчид болон Зэвсэгт хүчнийг хүндэтгэх 50 орчим арга хэмжээ бүх мужид явагдах талаар Казахстаны Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна.

Тавдугаар сарын 7-нд Казахстанд Эх орноо хамгаалагчдын өдрийг тэмдэглэдэг. Харин тавдугаар сарын 9-нд Ялалтын баяр байдаг юм. Тус улсад 2020 болон 2021 онд Ялалтын баярт зориулсан жагсаал COVID-19-ийн тархалтын улмаас цуцлагдсан билээ.

Тэгвэл дөрөвдүгээр сарын 27-нд Узбекистаны Батлан хамгаалах яам Ялалтын баярт зориулсан жагсаал болохгүй гэж мэдэгдсэн байна. Тус улсад Ялалтын баярыг өнгөрсөн хоёр жилд мөн тэмдэглээгүй юм.

Түүнчлэн Ялалтын баярт зориулсан цэргийн жагсаал хийхээс татгалзаж байгаа тухайгаа Киргизийн эрх баригчид мэдэгдсэн. Тус улсын эрх баригчид тавдугаар сарын 9-нд Ялалтын баярт зориулсан уулзалт болон Үхэшгүй мөнхийн хороо арга хэмжээг зохион байгуулна. Киргизийн улсын үндэсний аюулгүй байдлын хороо (ГКНБ) ард иргэддээ хандан тавдугаар сарын 9-ний баярын үеэр Z тэмдгийг ашиглахаас татгалзахыг уриалсан юм.

Мөн Эстоны эрх баригчид тавдугаар сарын 9-нд олон нийтийг хамарсан цуглаан зохион байгуулахыг хориглосон билээ. Түүнчлэн өдөөн хатгалгаас болгоомжлон Оросын цэргийн Z тэмдэг, ЗСБНХУ-ын туг болон Зөвлөлтийн дүрэмт хувцас, Георгийн туузыг ашиглан арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ.

Латви Украинд явагдаж буй цэргийн ажиллагааны улмаас тавдугаар сарын 9-ний Ялалтын баярын бүх арга хэмжээг цуцалжээ. Ёслолын буудлага хийхийг ч хориглосон байна. Тус улс цэргийн жагсаалыг гурав дахь жилдээ хориглож байгаа юм.

Литвийн нийслэл Вильнюс хотын захиргаа мөн улс төрийн жагсаал цуглаанаас урьдчилан сэргийлэхийн тулд Зөвлөлтийн дайчдад зориулсан арга хэмжээг зөвшөөрөөгүй аж.

Молдавын парламент Георгийн тууз, Z болон V тэмдгийг хориглосон хуулийн төслийг баталжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(192.82.66.181) 2022 оны 05 сарын 09

Delhiin bayar, hun turulhtnii bayar , edugeeh bid buhnii bayar Yalaltiin bayar. Gaviya ni orosuudiinh gedegtei hen margah ve

0  |  1
Top