БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2022 оны жилийн хурлын нээлтийн үеэр “Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг” анх удаа дэвшүүлсэн. Үүнтэй холбогдуулан Хятадын олон улс судлаач Жоу Диншин нийтлэл бичиж, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлж, илүү сайхан Ази тивийг хамтдаа байгуулахыг уриаллаа. Түүний нийтлэлийг хүргэе.
Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлж,
илүү сайхан ази тивийг хамтдаа байгуулья
Өдгөө, олон улсын аюулгүй байдал хүнд ээдрээтэй үеийг туулж байна. Орос, Украины сөргөлдөөн дэлхий дахины анхаарлыг татаж, энх тайван, хөгжлийн асуудал дэлхийн анхаарлын халуун цэг болоод байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2022 оны жилийн хурал дээр дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэвшүүлж, дэлхий нийтийг нийтлэг, цогц, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзлийг баримталж, хүйтэн дайны сэтгэлгээ хийгээд бүлгийн улс төрийг орхиж, тэгш, үр дүнтэй, тогтвортой аюулгүй байдлын бүтцийг хамтдаа бий болгохыг уриалан дэлхийн болон бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахад Хятад улсын төлөвлөгөөг дэвшүүлсэн билээ.
Аюулгүй байдлын шинэ үзлийг баримталж, хүйтэн дайны сэтгэлгээг орхиё
Энх тайван ба хөгжил нь эрин зууны гол сэдэв юм. Гэвч тогтворгүй, тодорхой бус байдал газар авсаар байна. Ази тив нь орчин үеийн хөгжлийн идэвх хийгээд нөөц чадал хамгийн ихтэй бүс нутгуудын нэг. Үүнтэй зэрэгцэн улс төрийн харилцан итгэлцэл хангалтгүй, эдийн засгийн хөгжил тэгш бус, аюулгүй байдал болон засаглалын асуудал хурцдах зэрэг нийтлэг сорилтуудаас үүдэн урт хугацааны энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэх үүрэг хүнд, зам хол байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA) бага хурлын үеэр нийтлэг, цогц, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын шинэ үзлийг бий болгох санаачилга анх удаа гаргаж, Азийн онцлог, улс орнуудын нийтлэг ашиг сонирхолд нийцсэн аюулгүй байдал, хөгжлийн замыг хайж олон, хамтран байгуулсан, харилцан хуваалцсан, харилцан ашигтай Азийн аюулгүй байдлын замаар замнах санаачилга дэвшүүлсэн. Хятад улс аюулгүй байдлын шинэ үзлийг чиглэлээ болгон Афганистан, Солонгосын хойг зэрэг чухал асуудлыг улс төрийн аргаар зохицуулахын төлөө хичээл зүтгэл гаргахын зэрэгцээ бүтээлч хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Хүйтэн дайны сэтгэлгээ, бүлгийн сөргөлдөөн зэрэг аюулгүй байдлын хуучин үзэл үеэ өнгөрүүлсэн. НАТО хорь гаруй жилийн турш “бүлгийн аюулгүй байдал” гэгч хамгааллын шугамыг тасралтгүй дорно зүгт тэлж, эцэст нь Орос, Украиныг бие биенийхээ эсрэг тэмцэхэд хүргэж, Украинд хямрал бий болголоо. Азийн нөхцөл байдлыг эргэн харвал, АНУ-ын бодлого сүүлийн жилүүдэд дахин дахин өөрчлөгдсөөр ирсэн. “Дорно зүгт тэлэх стратеги”-аас эхлээд ”Ази, Номхон далайн дахин тэнцвэржүүлэх стратеги” болж, түүнээс дахин өөрчлөгдөж ”Энэтхэг, Номхон далайн стратеги” болж байсан бол сүүлийн жилүүдэд "Дөрвөлсөн хамтын ажиллагаа”, Гурван талт аюулгүй байдлын түншлэл, Хоёр талын цэргийн эвсэл зэрэг механизмуудыг ар араас нь гаргаж байна. Үүний мөн чанар нь “бодлогын хана”, “бүлгэм”, ”бүлэглэл” байгуулж, сөргөлдөөн үүсгэж, Хятадын хөгжлийг хязгаарлах гэсэн оролдлого юм. Энх тайван хялбар олддоггүй, тууштай хамгаалалт үргэлж хэрэгтэй байдаг гэдгийг олон улсын нөхцөл байдал удаа дараа батлан харуулж байна. Бүс нутгийн аюулгүй байдал цэргийн эвслийг хүчирхэгжүүлэх замаар хэрэгжиж болохгүй, бүлгийн сөргөлдөөний хуучин арга барил түүхийн хөгжлийн урсгал болон бүс нутгийн ард түмний хүсэл шаардлагад нийцэхгүйгээр барахгүй энх тайван, тогтвортой байдлыг хэрхэвч авчирч чадахгүй.
Хөгжлөөр аюулгүй байдлыг сайжруулж,
яриа хэлэлцээгээр маргааныг шийдвэрлэе
Үржил шимгүй хөрсөнд энх тайвны мод ургахгүй, дайны нөхцөлд хөгжлийн үр бий болохгүй. Өдгөө, Азийн улс орнууд үргэлжлүүлэн цар тахалтай тэмцэхийн зэрэгцээ хэвийн байдалдаа эргэн орж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг бүх талаар урагшлуулж, ард түмний амьжиргааг дээшлүүлж, баян, ядуугийн ялгааг багасгаж, аюулгүй байдлын үндэс суурийг тасралтгүй бэхжүүлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд, Хятад улс энх тайван хөгжлийн замаар тууштай замнаж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хандлагыг хамгаалан, дэлхийн эдийн засгийн засаглал болон эдийн засгийн даяаршилд хүчтэй түлхэц үзүүлж, Азийн энх тайван, тогтвортой байдал хийгээд хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмрээ оруулсаар байна.
“Хүч чадал нударгад биш эв нэгдэлд бий.” Яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа бол аюулгүй байдлыг хангахын тулд зайлшгүй туулах зам юм. Яриа хэлэлцээ хийх аргаар нийтлэг ойлголтоо нэгтгэн, харилцан ойлголцлоор маргааныг шийдвэрлэж, харилцан ашигтай хамтын ажиллагааны хандлагаар хамтын хөгжлийг урагшлуулж, ирээдүйг харан бодит асуудлыг шийдвэрлэх нь улс орнууд эв нэгтэй зэрэгцэн орших, маргаан, зөрчилдөөнийг шийдвэрлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах үр дүнтэй арга зам мөн бөгөөд найдвартай баталгаа юм гэдгийг түүх, бодит байдал дэлхий дахинд сануулж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Азийн улс орнууд илэн далангүй, гүнзгий яриа хэлэлцээ хийх замаар ойлголцож, стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, харилцан эргэлзэх байдлыг багасгаж, нийтлэг ойлголтыг эрэлхийлж, санал зөрөлдөөнөө шийдвэрлэж, эв нэгтэй зэрэгцэн орших хэрэгтэй. Азийн асуудлыг ул сууринаас нь эхлэн Азийн ард түмэн шийдэж, Азийн аюулгүй байдлыг Азийн ард түмэн хамгаалах хэрэгтэй. Хамтын ажиллагааг сайжруулах замаар Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чадвар, оюун билэг Азийн ард түмэнд бий хэмээн онцолсон.
Бүс нутгийн интегралчлалыг урагшлуулж,
тогтвортой аюулгүй байдлын бүтцийг бий болгоё
Өнөөдрийн Ази тив хэдийгээр олон аюул, сорилттой тулаад байгаа ч дэлхийн хамгийн их хөгжлийн чадвар, нөөц бололцоотой бүс нутаг хэвээр байна. Энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, харилцан ашигтай байдал ямагт бүс нутгийн нөхцөл байдлын гол урсгал хэвээр байж, Азийн дэлхийн стратеги дахь байр суурь тасралтгүй өсөж, дэлхийн олон туйлт систем, олон улсын харилцааны ардчиллын явцад улам илүү чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Азийн сайн нөхцөл байдал амар ирээгүй тул илүү их нандигнах хэрэгтэй.
Хятад улс хөрш, зэргэлдээ орнуудаа гадаад харилцааны чухал байранд тавьж, хөрш, зэргэлдээ орнуудын энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг ахиулахыг үүргээ хэмээн үздэг. Азийн улс орнууд аюулгүй байдлын сорилттой хамтын ажиллагаагаар тэмцдэг үзлийг бий болгож, хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлж, хамтын ажиллагааны хэлбэрийг шинэчилж, хамтын ажиллагаагаар энх тайван, аюулгүй байдлыг сайжруулах нь зүйтэй. Мөн, хамтын хөгжил, бүс нутгийн интегралчлалын явцыг ахиулж, бүс нутгийн эдийн засаг, аюулгүй байдлын хамтын ажиллагааны харилцан уялдаатай, хамтаар урагшилсан сайн нөхцөл байдлыг бий болгохын төлөө хичээл зүтгэл гаргаж, бүс нутгийн аюулгүй байдлын засаглалыг урагшлуулж, уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын асуудлуудыг хамтдаа үүрэн, хамтдаа тэмцэж, тогтвортой хөгжлөөр тогтвортой аюулгүй байдлыг ахиулах хэрэгтэй.
Энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт нь өнөөдрийн Азийн ерөнхий чиг хандлага хийгээд хүн ардын хүсэл тэмүүлэл юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэвшүүлснээр улс орнуудын ард түмний нийтлэг дуу хоолойг тусгаж чадлаа. Азийн аюулгүй байдал, урт хугацааны хөгжил цэцэглэлтийн төлөө Хятад улс бусад улс орнуудтай хамтран бүс нутгийн хамтын ажиллагааг тасралтгүй шинэ шатанд гаргаж, шинэ хөгжлийг авчран, энх тайван, амар амгалан, хөгжил цэцэглэлт, гоо үзэсгэлэн бүрдсэн Ази тивийг хамтдаа байгуулахад бэлэн байна.
Эх сувалж: https://opinion.huanqiu.com/article/47hT7FTfEF3
Сэтгэгдэл ( 0 )