Дэлхийн II дайнаас хойших хамгийн өргөн цар хүрээтэй ленд-лиз хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг Жо Байдены захиргаанд олгох хуулийг АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим дөрөвдүгээр сарын 28-нд баталсан юм. Богино хугацаанд Украинд их хэмжээний зэвсэг олгох боломжийг бүрдүүлсэн энэ хуулийг дөрөвдүгээр сарын 8-нд сенат санал нэгтэйгээр дэмжсэн бол дөрөвдүгээр сарын 28-нд Америкийн парламентын доод танхимаас 417 гишүүн хуулийг дэмжиж байв. Улмаар, Украинд зэвсэг нийлүүлэх ажиллагааг хялбарчлах зорилготой энэхүү ленд-лийзийн хуульд тавдугаар сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. “Украины ардчиллыг хамгаалах зорилгоор ленд-лийз хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хууль” нэртэй энэ баримт бичгийг Оросын түрэмгийлэл эхлэхээс өмнө буюу энэ оны нэгдүгээр сард Конгресст өргөн барьж байсан юм.
Уг хууль батлагдсанаар, “АНУ-ын Ерөнхийлөгч Украин болон Орос Украин руу халдсанаас үүдэлтэйгээр хохирч буй Зүүн Европын бусад оронд батлан хамгаалах чадварыг нь бэхжүүлэх, Оросын талаас гарч болзошгүй эсвэл үргэлжилж буй халдлагаас хүн амыг хамгаалах зорилгоор батлан хамгаалах хэрэгслийг зээлээр эсвэл түрээсээр олгох эрхийг АНУ-ын Засгийн газарт олгох” боломжтой болж байгаа аж. Энэхүү хууль нь АНУ холбоотнууддаа зэвсэг, цэргийн техник, хүнсний бүтээгдэхүүнийг урьдчилгаа төлбөргүй, эргэн төлөлтийн урт хугацаатайгаар олгож байсан Дэлхийн II дайны үеийн ленд-лийзийн тухай хуультай ижил зарчмаар үйлчлэх юм байна.
Дэлхийн II дайны үед ийм тусламжийг голчлон авч байсан улс орнуудын нэг нь ЗХУ байв. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн АНУ болон Жо Байденд тусламжийн хөтөлбөрийг дахин сэргээсэнд талархал илэрхийлжээ. “Эрх чөлөө, ирээдүйнхээ төлөө хийж буй тэмцэлд Украинд дэмжлэг үзүүлсэнд @POTUS болон Америкийн ард түмэнд баярлалаа. “Ленд-лийз”-ийн тухай хуульд гарын үсэг зурсан нь түүхэн алхам боллоо. Бид хамтдаа дахин ялна гэдэгт итгэлтэй байна. Бид Украины, мөн Европын ардчиллыг яг 77 жилийн өмнөх шиг хамгаалах болно” гэж В.Зеленский Твиттер хуудастаа бичжээ.
“ЛЕНД-ЛИЙЗ”-ИЙН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ЮУГААРАА ДАВУУ ТАЛТАЙ ВЭ
Шинжээчдийн хэлснээр, “ленд-лийз”-ийн тухай хууль нь ихэвчлэн зэвсгийн худалдааг дагалддаг хүнд суртлын үйл явцыг ихээхэн хялбаршуулах аж. Энэ тохиолдолд Америкийн зэвсгийг Украин болон Зүүн Европын бусад оронд түрээслэх боломжтой. “Энэ хуульгүйгээр цэргийн тоног төхөөрөмжийг түрээслэхдээ Украин улс таван жилийн дотор АНУ-д буцааж өгч, эвдрэл хохирлыг нөхөн төлөх ёстой. Харин уг хууль нь ийм хязгаарлалтыг хөнгөвчилнө" гэж Катоны Институтын улс төрийн шинжээч Жордан Коэн “Defenseone” ярьжээ. Үүнээс гадна, энэ хууль нь Жо Байденыг Украинд чухам ямар төрлийн зэвсгийг яаралтай түрээслэхийг хүсэж байгаа талаараа Конгресст заавал үндэслэл гаргах шаардлагагүй болгоно гэж Коэн онцолжээ. "Ленд-лийз"-ийн гэрээний тухай хууль нь Москватай хийж буй энхийн хэлэлцээнд Киевийн байр суурийг бэхжүүлэх зорилготой гэж Атлантын зөвлөлийн “Forward Defense” хөтөлбөрийн шинжлэх ухааны ахлах үзэлтэн Томас Уоррик үзэж байна. "Энэ нь украинчуудад ч, Путинд ч илүү их зэвсэг, сум удахгүй бэлэн болно гэсэн дохио болж байна" гэж Уоррик хэлжээ.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )