Нүүрсний үнийн хөөрөгдөл 2023 он хүртэл үргэлжилж магадгүй

2022 оны 05 сарын 18

ОХУ Украинд халдан довтолсны  улмаас дэлхийн нүүрсний худалдаа тасалдсан нь уг түүхий эдийн үнийг өсгөөд байгаа билээ. Тэгвэл уг өсөлт ирэх онд ч гэсэн үргэлжилнэ гэж  “Whitehaven Coal Ltd” үзэж байна. Дулааны нүүрс болон металлургийн үнийн өсөлт  2022 оныг дуустал буюу дараа жил хүртэл үргэлжлэх  төлөвтэй байгаа тухай   тус компани онцолсон байна. Бенчмарк Ньюкасл дахь эрчим хүчний нүүрсний үнэ  энэ оны эхний гурван сард нэг тонн нь дунджаар 264 доллар болсон нь 2021 оны сүүлийн улирлын үнээс 43 хувиар өндөр байжээ.  Харин өнгөрсөн сард  тонн нь дунджаар 302 ам.доллар байв.

Австралийн нүүрс олборлогч хамгийн том компани болох “Whitehaven Coal Ltd”-ийн гүйцэтгэх захирал Пол Флинн өнгөрсөн лхагва гарагт болсон хурлын үеэр  “Дэлхийн хамгийн том нүүрсний зах зээл болох Энэтхэг, Хятад улс  ОХУ-аас худалдан авах нүүрсээ нэмэгдүүлж байна. Энэтхэг улс өнгөрсөн нэгдүгээр сард ойролцоогоор 1.08 сая тонн импортлосон нь хоёрдугаар сарынхаас  хоёр дахин их байна” гэжээ. Гуравдугаар сард Хятад улс ОХУ-аас авах гангийн нүүрсний импортоо хоёр дахин нэмэгдүүлсэн тухай гаалийн мэдээлэл харуулж байна. Хятадын Гаалийн мэдээллээс харахад дөрөвдүгээр сард тус улсын нийт нүүрсний импорт гуравдугаар сарынхаас 43 хувиар өссөн байна. Оросын экспортлогчдын санал болгож буй хямд үнэ  худалдан авагчдын анхаарлыг хамгийн их татаж байгаа аж.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын хойд боомтуудад Оросын дээд зэрэглэлийн коксжих нүүрс тонн нь дунджаар 386 ам.доллар байсан бол Австралийн ижил чанарын коксжих нүүрс тонн нь 473 ам.доллар байсан тухай ажиглагчид онцолсон байна. Харин дээд зэрэглэлийн коксжих нүүрсний дотоодын буюу БНХАУ дахь  үнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард тонн нь 3260 юань буюу 488 ам.доллар орчимд хэлбэлзэж байна. 

Бээжин эрчим хүч, түүхий эдийн өсөн нэмэгдэж буй зардлаа дарахын тулд нүүрсний үнэд тавих хяналтаа эрчимжүүлсэн билээ. Энэ нь  Хятадын эрчим хүчний нүүрсний фьючерс худалдааг зогсооход хүргэсэн. Өнгөрсөн есдүгээр сард Бээжин  нүүрсний үнээ буулгахын тулд дэлхийн хамгийн том нүүрсний зах зээлд интервенц хийснээр хөрвөх чадвар сэргэж эхэлсэн. Харин хоёрдугаар  сард эрчим хүчний нүүрсний урт хугацааны болон спот арилжаанд зориулж жишиг үнийг нэвтрүүлсэн бөгөөд фьючерсийн зах зээл дээр  нүүрсний үнийг үнэ өсгөх аливаа үйлдлийн эсрэг хатуу тэмцэнэ гэж анхааруулсан. Хятадын фьючерсийн зах зээлийн нэн тэргүүний зорилт бол зах зээлийн идэвхжилийг хязгаарлах замаар үнийг тогтворжуулах юм. 

Жэнжоугийн түүхий эдийн бирж 2022 оноос хойш эрчим хүчний нүүрсний фьючерсийн гүйлгээний шимтгэл, өдөр тутмын нээлттэй позицийн хязгаарт зургаан удаа  өөрчлөлт оруулсан. Бээжин мөн өнгөрсөн аравдугаар сараас хойш 15 нүүрсний үнийн индекс нийлүүлэгч компанид шалгалт хийж, зарим нөлөө бүхий хүрээлэнгүүд нүүрсний үнийн өдрийн спот үнэлгээг нийтлэхээ больсон. Даваа гарагт Жэнжоу хотын эрчим хүчний нүүрсний үнэ тонн тутамдаа 849 юань буюу 125.07 ам.доллар болсон байна. Бенчмарк Ньюкасл дахь эрчим хүчний нүүрсний үнэ тонн нь 392.85 ам.доллар байв.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top