Э.Энхболор: ЭЕШ-д өндөр оноо авахад СЭТГЭЛ ЗҮЙ хамгийн чухал

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

"Эрдмийг сураад буцлаа гэхээр аюулхай цээжиндээ дүүрэн баяртай, Эргээд ангидаа суухгүй гэхээр алаг нүдэндээ сувдан нулимстай" гээд л ахлах сургуулиасаа "холдож" буй сурагчдын үдэлтийн дуу хаа нэг сонстоно.

Хичээлийн жил дуусахад сар гаруйхан хугацаа үлдэж, хүүхэд бүр өөр өөр мэдрэмж авч байна. Зуны амралтаа хүлээж буй гэнэн цагаахан бага ангийн сурагчид, ирэх жил "том" ангид орно гэж сэтгэл догдлох дунд ангийнхан, анги дэвших тусам илүү их хариуцлага ирж байгааг мэдрэх ахлах ангийн сурагчид гээд л. 

Ахлах сургуульд суралцах он жилүүд цагаахан бас жаргалтай. Харин 12 жилийн турш сурсан мэдлэгээ шалгуулж, ирээдүйд хэн болохоо шийдэх шалгалтаа өгөх гэж буй төгсөх ангийн сурагчдад догдлол, сандрал давхцаж байх шиг. 

Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг 37,375 хүүхэд өгөхөөр бүртгүүлжээ. Мэдээж тэд бүгд шалгалтаа сайн өгч, өндөр оноо авахаар дор бүрнээ хичээж байна. Тиймээс бид Элсэлтийн ерөнхий шалгалтдаа хэрхэн үр дүнтэй бэлтгэх талаар 2021 онд 800 оноо авсан сурагчдын зөвлөгөөг цувралаар хүргэж байна. 

Эхний удаад Монгол хэлний хичээлдээ 800 оноо авсан Говь-Алтай аймгийн "Хантайшир Эрдэм" цогцолбор сургуулийн төгсөгч Э.Энхболорын зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Түүний хувьд Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхөд зөвхөн хичээл давтах биш ТӨЛӨВЛӨГӨӨ, СЭТГЭЛ ЗҮЙ, БИЕ МАХБОДЬ гурав хамгийн чухал гэдгийг анхаарууллаа. 


ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 


-Элсэлтийн ерөнхий шалгалтаа хэдэн хичээлээр өгсөн бэ?

-Өнгөрсөн жил Англи хэл, Математик, Монгол хэл гэсэн гурван хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн. Үүнээс Монгол хэлний хичээлдээ 800 оноо авсан юм. 

-Шалгалтдаа хэрхэн бэлтгэсэн талаараа энэ жил шалгалтаа өгөх гэж байгаа дүү нартаа хуваалцвал?

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд ТӨЛӨВЛӨГӨӨ, СЭТГЭЛ ЗҮЙ, БИЕ МАХБОД ГЭСЭН гурван зүйл чухал санагдсан. 

-Төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Эхлээд хийх ажил, судлах хичээлээ бодож, шалгалт өгөх хүртэл хир хугацаа үлдсэн гэдгээ тооцоолж, төлөвлөгөө гаргана. Элсэлтийн ерөнхий шалгалт гэдэг бол 12 жилийн турш сурсан мэдлэгээ шалгуулах учраас өмнөх хичээлүүдээ эргэн харж, өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалыг ажиллаж үзэх хэрэгтэй. 

Мөн шалгалт өгөх үеэр бөглөдөг хариултын хуудсыг хэвлэж аваад цагтаа будаж дуусгаж чадаж байна уу гэдгээ нэг шалгаад үзээрэй.

-Сэтгэлзүйн хувьд гэвэл шалгалтаа өгөхөөс өмнө хүүхдүүд маш их санаа зовдог. "Шалгалтаа өгч чадахгүй бол яана", "Сургуулиа авч чадахгүй бол яана" гэх мэтээр. 

Тэгэхээр ингэж бодож байгаа хүүхдүүдэд хэлэхэд санаа зовохгүйгээр бүх зүйлээ мартаж, хийх зүйлээ бодох хэрэгтэй.

Эхний шалгалтаа өгөхдөө маш их сандардаг юм билээ.  Дараа дараагийн шалгалтаа өгөхдөө сандрах нь харьцангуй багасчихдаг.

Миний хувьд Монгол хэл бичгийн шалгалт хамгийн сүүлийн шалгалт байсан учраас сэтгэлзүйн хувьд харьцангуй тайван орсон. Тиймээс 800 оноо авч чадсан гэж боддог. Харин хамгийн эхэнд Англи хэлний шалгалт өгөхдөө маш их сандарч байсан.

Шалгалт өгөх гэж байгаа дүү нартаа хандаж хэлэхэд айхгүйгээр, маш тайван шалгалтаа өгөөрэй.

-Бие махбодын хувьд гэвэл хугацаа бага үлдэх тусам өвдөж болохгүй шүү дээ. Тэгэхээр өвдөхгүйн тулд биеэ бодож, дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй. Хэдийгээр ковид-19 халдвар багассан ч гэсэн үүнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

-Их сургуульд сурах нь ахлах сургуулиас ялгаатай байна уу?

-Мэдээж ялгаа их. Ах эгч нар хэлээд л байдаг шүү дээ. Оюутан болохоор хичээлээ яг цагт нь бие дааж хийх ёстой. "Оюутан болохоор багш нар хэзээ ч та нарын араас хөөцөлдөж, ахлах сургуулийн багш нар шиг хичээлээ хийгээрэй гэж хэлэхгүй шүү" гэж хэлэхэд нь нэг их тоодоггүй байсан юм. Гэтэл тэр үг нь яг л үнэн байсан юм билээ.  

Их сургуульд хичээлээ заасан цаг хугацаанд нь хийгээгүй л бол хийгээгүй хэвээрээ дуусна. Оюутан болохоор цаг хугацаа л маш их үнэ цэнэтэй болдог юм байна.

-Зөвлөгөө хүргэсэнд баярлалаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.165.91) 2022 оны 11 сарын 18

Yag unun setgelzuin beltgeltei baij oroh heregtei yum baina lee Manai huu mash sain matematikdaa itgeltei orson bolobch orood l amarhan bodlogo deeree 30 minut aldaad tegeed sandarchihsan gesen

0  |  0
Top