БРИКС-т олон улсын харилцааг тогтворжуулахад хувь нэмэр оруулахыг уриалав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

БРИКС-ийн орнууд /Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк/ энэ ороо бусгаа цагт олон улсын харилцааны тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулах ёстой гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин БРИКС-ийн гадаад хэргийн сайд нарын цахим хурлын оролцогчдод хандан мэдэгджээ.

Хүнд үе, эрс өөрчлөлттэй нүүр тулаад байгаа олон улсын харилцаанд тогтвортой байдал, эерэг эрч хүч оруулах шаардлагатай байна. Олон улсын хамтын нийгэмлэгт эерэг бөгөөд бүтээлч хүч болохын хувьд БРИКС энх тайвнаар хөгжих, шударга байдал, ардчилал, эрх чөлөөг хамгаалах алхам хийх ёстой гэж Ши Жинпинь онцолжээ.

Олон улсын нөхцөл байдалд тогтворгүй, тодорхойгүй байдал гүнзгийрч, аюулгүй байдал үгүй болж байна. Гэвч эрин цагийн гол санаа өөрчлөгдөөгүй. Энэ бол энх тайван, хөгжил юм. Дэлхийн бүх үндэстэн сайхан амьдралд тэмүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх түүхэн үүрэг, даалгавар өөрчлөгдөөгүй гэв.

Тэрбээр өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд бусад улсын аюулгүй байдлыг золиосолдог байдал нь шинэ шинэ сөргөлдөөн, эрсдэл үүсгэдгийг түүх болон бодит байдал бидэнд харуулж байна гээд БРИКС-ийн орнуудад хандан хөгжиж буй орнуудтай яриа хэлэлцээ, солилцоог хөгжүүлэх, харилцан ойлголцол, итгэлцлийн бэхжүүлэх, ашиг сонирхлоо нэгтгэхийг уриалсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top