Улаанбаатар хотыг утаагүй болгох зорилготой Тавантолгойн нүүрсийг хот руу зөөх хөдөлгөөнөөс болоод Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн зам маш ихээр эвдэрч сүйдэн, осол аваар нэмэгдэх болсон.
Жил бүр Улсын төсөвт тус улсын чанартай авто замын засвар үйлчилгээнд зориулж, хөрөнгө шийддэг ч замын эвдрэл буурахгүй байгаа юм.
Үүнтэй холбоотой асуудлыг сурвалжилахаар "Эрхэт Монгол" медиа группийн харьяа "ТВ8" телевиз, Zindaa.mn сайт, "Өглөөний сонин"-ы хамтарсан баг яг одоо газар дээр нь ажиллаж байна.
Дундговь аймгийн хувьд Улаанбаатар хотоос 270 км-ын зайтай. Тус аймаг Төв аймгаас Дундговь хүртэлх 98 км авто зам, Дундговиос Даланзадгад хүртэлх 150 км авто замын засвар үйлчилгээг хариуцдаг аж.
Энэхүү хоёр замын засвар үйлчилгээний ажлыг 2021 оны тавдугаар сараас эхлэн "Дундговь авто зам" ХХК хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд 2022 оны засвар үйлчилгээний ажлаа тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлээд байгаа гэх мэдээллийг эх сурвалж өглөө.
2021 оны зам засварын ажил буюу Улаанбаатар-Дундговь-Даланзадгад чиглэлийн авто замыг засварлах ажилд 1.1 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Энэ хөрөнгөөр хөвөөний угаагдсан, суулт өгсөн хэсэгт шороо нэмж засварлах, бетон шонг сэргээн засварлах, гэрэл ойлгогч хуулга наах, замын тэмдэг шинээр байрлуулах, хоолой цэвэрлэх, гар аргаар хог зайлуулах, км-ийн тэмдэг суурилуулах, дохионы төмөр бетон суулгах, асфальтан хучилтын ан цавыг нөхөх гэх мэт үндсэн ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байна.
2022 оны Улсын төсөвт Улаанбаатар-Мандалговь чиглэлийн зам засварт зориулж 990 сая төгрөг, Мандалговь-Даланзадгад чиглэлийн зам засварын ажилд 1,9 тэрбум төгрөгийн засвар үйлчилгээ хийхээр төлөвлөөд байгаа.
Манай сурвалжилах баг тун удахгүй "ДУНДГОВЬ АВТО ЗАМ" ХХК-аас дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
Сэтгэгдэл ( 1 )
Саяхан хатуу хучилттай замаар холбогдлоо гээд тууз хайчлаад байсан биз дээ. Хайран хөрөнгө мөнгө. Замыг хүлээж авдаг хяналтын байгууллага байхгүй улс уу. Нимгэн тавьсан бараг дахиж давхарлаад зузаалах хэрэгтэй байхаа.