Х.БАЯРТОГТОХ: Авто зам засварын ТӨСӨВ ХҮРЭЛЦДЭГГҮЙ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 26

"Эрхэт Монгол" медиа группийн харьяа "ТВ8" телевиз, Zindaa.mn сайт, "Өглөөний сонин"-ы хамтарсан баг Улаанбаатар-Дундговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай авто замын өнөөгийн байдал, засвар үйлчилгээний талаар сурвалжлахаар газар дээр нь ажиллаж байна.


Улаанбаатар-Дундговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай авто замын засварыг "Дундговь авто зам" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ тавдугаар сарын 1-ний өдрөөс засвар, үйлчилгээг тодорхойлох ажил эхэлсэн бол өчигдөр буюу тавдугаар сарын 25-ны өдрөөс замын нөхөлтийн ажлыг эхлүүлжээ. 

Дээрх замд жил бүр урсгал засвар, нөхөлт хийгддэг ч дараа оныхоо ойн дээр очиход 80-90 хувийн эвдрэлтэй болсон байдаг талаар эх сурвалжууд ярьж байлаа.

Түүнчлэн Улсын төсөвт тусгагдсан хөрөнгө зам засварын ажил хийхэд хаанаа ч хүрэлцдэггүй талаар "Дундговь авто зам" ХХК-ийн захирал Х.Баяртогтох ярилаа. 

Тэрбээр "Энэ жилийн хувьд зам засварт зориулж 2.8 тэрбум төгрөг улсын төсөвт тусгагдсан. Бид засвар,үйлчилгээний ажил эхлэхээс өмнө Зам тээврийн хөгжлийн төвтэй хамтарсан хяналт, шалгалт хийсэн.

Ингэхэд Улаанбаатар-Мандалговь чиглэлийн Улсын чанартай авто замд 22.000 м.кв нүх үүссэн байсан. Энэ бол бусад эвдрэл гэмтлийг оруулаагүй тоо. Зөвхөн нүхний тухай ярьж байгаа юм шүү.

Үүнийг хуваарилагдсан мөнгөн дээр төсөвт төлөвлөгөө хийхэд 9200 м.кв-ыг нь л нормативаараа бөглөх боломжтой болж байгаа юм. Иймд бусад эвдрэлийг нөхөх төсөвт хөрөнгийг шийдэж өгөх хүсэлтийг Зам, тээврийн яаманд хүргүүлсэн. 

Мандалговь-Даланзадгад чиглэлийн Улсын чанартай авто замд хийсэн хяналтаар 46.000 м.кв нүх байна гэсэн дүгнэлт гарсан. Үүний 23.000 м.кв-ыг төлөвлөгөөнд тусгаж өгсөн. 

Улсын чанартай энэ замын 90 км замыг зайлшгүй шинээр тавих шаардлагатай гэж үзээд, тендер зарласан байдаг. Үүний 59 км нь Дундговь аймагт хамаардаг. Үүнийг барьж байгуулахын тулд 60 тэрбум төгрөг хэрэгтэй гэх судалгаа гарсан байна. Нийт 90 км замын 59 км нь Дундговьд гэж бодоод үзэхэд зөвхөн Дундговь аймгийн нутагт байх улсын чанартай авто замыг сэргээн засварлах, шинээр тавихад 40 тэрбум төгрөг шаардлагатай" гэлээ. 

"Дундговь авто зам" ХХК нь 2021 оноос Дундговь аймгийг дайран өнгөрч байгаа Улсын чанартай замыг хариуцан ажиллах гэрээ байгуулсан байдаг. Тэдний харьяанд Дундговь аймгийн Улсын чанартай нийт 252.2 км хатуу хучилттай авто зам хамаардаг ажээ. Яг одоогийн байдлаар нийт 40 гаруй ажилчин, 30 гаруй техник хэрэгслээр зам засвар үйлчилгээний ажлаа эхлүүлээд байгаа гэнэ.

ТҮҮНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗНЭ ҮҮ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top