Мандалговь-Даланзадгадын замыг зайлшгүй шинэчлэх шаардлага тулгарчээ - I

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 26

-СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ТУС ЗАМЫН ЗАСВАРЫН АЖИЛД ТАВАН ТЭРБУМ, 160 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ-

 

Өдгөөгөөс долоон жил гаруйн өмнө дөө. “Өмнөговь аймгийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холболоо” хэмээн тухайн үеийн сайд дарга нар тууз хайчилж байсан дүр зураг саяхан. Тэгвэл өдгөө энэ зам “там” болж, Өмнөговийг зорих иргэдийн эрүүл мэнд, амь насны эрлэг болчихоод байна. Хаа сайгүй энхэл донхол, хагарч ухагдсан нүх. Ийм замыг туулах автомашины эвдрэл гэмтэл ч их. Зам засварын ажил хийгддэг ч зарим хэсэг нь нөхөөс хийгээд ч нэмэргүй, нэг мөсөн шинэчлэх шаардлагатай болсныг холбогдох хүмүүс нь учирлаж байна. Эмнэлгээр бол энэ зам эрчимт эмчилгээний тасгаас хүндрээд сэхээний хэсэг рүү шилжсэн гэсэн үг. Нөхцөл байдлыг бодит газар дээрээс нь сурвалжлахаар “Эрхэт Монгол Медиа” группийн сурвалжлах баг Дундговь, Өмнөговь аймагт ажиллаж байна. Тус замыг ашиглалтад оруулж, улсад хүлээлгэн өгсөн компаниудын тухай энэ удаагийнхаа дугаарт онцоллоо.


 

ХӨГЖЛИЙН БАНК, ЧИНГИС БОНДООС 137.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ГАРГАСАН БАЙНА

 

Мандалговь-Даланзадгад чиглэлийн 298 км хатуу хучилттай авто замын барилгын ажил нь 137.2 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр хийгджээ. Тухайн үеийн ханшаар шүү. Нийт зургаан төсөл арга хэмжээнээс бүрдэх уг замын ажлын санхүүжилтийг Хөгжлийн банкнаас  34.6 тэрбум төгрөгийг нь, Чингис бондоос 102.6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, энэ замыг санхүүжүүлсэн төсөв нь өндөр хүүтэй бондын мөнгө болох нь тодорхой байна. Тэгвэл энэ зам ашиглалтад орсон анхны жилээсээ л эвдэрч хэмхэрсэн гэх хэл ам дагуулж байжээ. Зам ашиглалтад оруулах нь сайн хэрэг ч чанар хамгийн чухал. Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр тус замыг “Шинжиан жэнгун житуа” ХХК, “Эсто” ХХК, “Мадимос” ХХК, “Ялгуусан” ХХК гэх аж ахуй нэгжүүд барьж гүйцэтгэсэн байна. Өнөөгийн байдлаар замын эвдрэл харилцан адилгүй ч хамгийн ихээр Мандалговь хотоос Өмнөговь аймгийн Цогт-Овоо хүртэлх зам эвдрээд байгаа аж. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Мандалговиос Даланзадгад хүртэл 3230 м.кв авто зам эвдэрч, сүйдээд байна. Бид үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан салбар яамны эх сурвалжаас дараах зүйлийг тодрууллаа.

 

Ч.СУГАРМАА: УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН ЗАСВАРТ ЭНЭ ОНД 39.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨЛӨВЛӨГДСӨН

 

Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Зам ашиглалт, засварын хэлтсийн дарга Ч.Сугармаагаас тодрууллаа.


-Мандалговиос Даланзадгад хүртэлх замын эвдрэл гэмтлийн үндсэн шалтгаан юу байна вэ?

-Улсын чанартай А0202 дугаар бүхий Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305.1 км авто зам нь нийслэл хотыг Төв, Дундговь, Өмнөговь аймгуудтай хатуу хучилттай авто замаар холбох чухал ач холбогдол бүхий авто замын сүлжээ юм. Тус авто замын сүлжээг 2013-2014 онуудад үе шаттайгаар барьж байгуулан ашиглалтад оруулсан байдаг. Авто замын сүлжээ ашиглалтад орсноос хойш арчлалт, урсгал засварын ажил, авто замын ашиглалтын байнгын бэлэн байдлыг хангах үүрэг бүхий хоёр зам хариуцагч байгууллага буюу “Дундговь авто зам” ХХК, “Даш зам” ХХК ажиллаж байна.

Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар мидлингийн тээвэр, экспортын нүүрсний тээвэр мөн орон нутаг болон уул уурхайд шаардлагатай шатахуун түлшний тээвэрлэлтийг даац хэтрүүлэн хийж байгаагаас авто замын хучилтад эвдрэл их хэмжээгээр гарч байгаа нь үнэн. Үүнээс болж авто замын ашиглалтын болон хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж авто зам хэрэглэгч ард иргэд осол авааргүй, ая тухтай зорчих эрх ноцтой зөрчигдөж байна. Энэ 2022 онд гэхэд л “Дундговь авто зам” ХХК-ийн хариуцан ажиллаж байгаа Мандалговь-Даланзадгад чиглэлийн 154.0 км замын хучилтад  зөвхөн нүхэн эвдрэл гэхэд 2,220 хэсэгт 46.615 м2 үүссэн байна. Үүнээс 85-105 дахь км хооронд буюу Луус сум, Хулд сум  орчимд хамгийн их эвдрэлтэй байна. “Даш зам” ХХК-ийн хариуцан ажиллаж буй Мандалговь-Даланзадгад чиглэлийн 151.1 км авто замын хучилтад нийт 325 хэсэгт 5.881 м2 нүхэн эвдрэл үүссэн. Одоо эвдэрлийг засах арга хэмжээг авч ажиллаж байна.

-Мандалговиос Даланзадгад хүртэлх авто замын урсгал засварт сүүлийн жилүүдэд хэчнээн төгрөг зарцуулсан байдаг вэ?

-2018 онд 780.97 сая төгрөг, 2019 онд нэг тэрбум 370,16 сая төгрөг, 2020 онд хоёр тэрбум 44.08 сая төгрөг, 2021 онд 969.6 сая төгрөг зарцуулсан. 2022 онд хоёр тэрбум 699.18 сая төгрөг төлөвлөгдсөн байна.

-Урсгал засварын мөнгийг улсын төсвөөс гаргадаг уу?

-Замын сан, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар арчлалт, урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэдэг.

-Орон нутгийн замд замын постууд мөнгө хураадаг.Улаанбаатараас Даланзадгад хүртэл хэчнээн пост байна вэ?

-Улсын чанартай Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн 557.1 км авто замд Түргэний гүүрийн төлбөр авах цэг, Мандалговийн төлбөр авах цэг, Цогт-Овоо төлбөр авах цэг гэсэн гурван пост ажиллаж байна.

-Улсын чанартай автозамуудад жилдээ  урсгал засварт нь хэчнээн төгрөг зарцуулдаг вэ?

-Олон улс, улсын чанартай 14.891.4 км авто замын арчлалт, урсгал засварт 2022 онд 39.7 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Салбар яамнаас бидэнд дээрх мэдээллийг өгсөн юм. Эндээс үзвэл сүүлийн таван жилийн дотор Мандалговиос Даланзадгад хүртэлх замын урсгал засварт таван тэрбум, 163 орчим сая төгрөгийн хөрөнгө зарцуулжээ.

 

Х.БАЯРТОГТОХ: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТААС ТУС ЗАМЫН 70 ОРЧИМ ХУВЬ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРГАСАН

 

Бид энэ онд тус замын засварын ажлыг хариуцаж буй хоёр компанийн нэг болох “Дундговь авто зам” ХХК-ийн захирал Х.Баяртогтохтой холбогдож өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа.


-Танай компанийн зам засварын ажил хэзээ эхэлсэн бэ?

-Бид А0201 дугаартай улсын чанартай автозамын Дундговийн хэсэгт авто замын засварын ажлаа энэ сарын 1-нээс эхлүүлээд явж байна. Нөхөөд, нөхөөд засвар авахааргүй болчихсон зам байна. Өнгөрсөн 2021 онд Зам тээврийн яамны захиалгаар хэсэгчилсэн их засвар оруулах зураг төслийн тендер зарласан байдаг. Зураг төсөл нь ч бэлэн болсон байдаг юм билээ. Эндээс Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 59 км, Мандалговь Даланзадгад чиглэлд гурван хэсэг газар 45 км зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэж гарсан байдаг.

-Зам тавьсан тухайн компани нь засвар арчилгаагаа  хариуцаад явдаг байх аа?

-Ер нь бол замыг ашиглалтад оруулсан компани гурван жилийн хугацаанд засварын ажлаа хариуцаад ажиллах ёстой. Энэ зам бол 2014 оны сүүлээр ашиглалтад орсон байдаг.

-Зам эвдэрч буйн үндсэн шалтгаан юу байгна вэ?

-Хоёр ч үндсэн асуудал бий. Нэг нь хүнд даацын машин ихээр зорчиж буйтай холбоотой. Нөгөө нь анх зам тавьсан компанийн чанар, гүйцэтгэлийн асуудал байгаа юм. Хүнд даацын машин Төв аймгийн замаар ч явж байна. Яагаад энэ Дундговийн хэсгээр илүү эвдрээд байгаа нь өөрөө замын чанарыг харуулж буй хэрэг. Тэгэхээр энэ замыг анх ямар чанартай тавигдсан нь анхаарал татаж буй юм. Мөн тухайн замыг тавьж байхад өдөр тутмын чанарыг хянаж байсан ямар компани байв. Одоо бол энэ зам дээр холбогдох хяналтын байгууллагын дүгнэлт гарсан байгаа. Зам тээврийн яамны хяналт, Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтүүд дээр энэ замыг яаралтай шинэчлэхгүй бол болохгүй. Хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй байна. Нийтдээ 70 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт хүртэл гарсан байгаа. Түүний дагуу шинэчлэх зураг төсөл нь ч гарсан байсан.

-Улаанбаатараас Даланзадгад чиглэлд авто зам тавьсан компаниудын талаар та хэр мэдээлэлтэй вэ?

-Хэд, хэдэн компани хамтарч зам тавьсан байдаг. Миний мэдэхийн нэг хэсгийг нь Шинжианы хятадууд барьсан.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.126.89.9) 2022 оны 05 сарын 27

Замыг бодлоороо буюу шуналдаа хөтлөгдөж тавьсан компанийг мөшгөж хариуцлага тооцох ёстой, баталгаа нь зам өөрөө байна. Замыг замын сиандартын шаардлагыг ягштал мөрдөж бүтээн байгуулах ёстой. Эс тэгвээс хөрөнгө мөнгө үргүй зарцуулагдаж улсаа хорлох гэмт хэрэг болно.

0  |  0
зочин(139.5.219.70) 2022 оны 05 сарын 26

ямар хэмжээ, даацын машинд зориулан зам тавьж байгаагаа тооцохгүй, “хамгийн хямд замыг хамгийн богино хугацаанд тавих, яаралтай нээж тууз хайчлах төлөвлөлтийн дүн нь энэ шүү дээ.\nУг нь тавих замаар явах хамгийн хүнд, хамгийн удаан явах машинд зориулан тооцож зам барьдаг бол Монгол овоо хэдэн км замтай болчихсон, тээвэрлэлт шуурхай байх байлаа.

0  |  0
Зочин(202.126.89.195) 2022 оны 05 сарын 26

Нүүрс тээвэрлэдгээ боль, бусад ачаанд даац хэтрүүлдэгийг нь болиул, үгүй бол засаад ч нэмэргүй, эргээд л бахь байдгаараа байна

1  |  1
Top