Мандалговь-Даланзадгадын замын 3.4 тэрбум төгрөгийг шийдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

-Сүүлийн гурван жилийн дотор замын ослоор 81 хүн амиа алджээ-

 

"Эрхэт Монгол" медиа группийн харьяа өргөн нэвтрүүлгийн "ТВ8" телевиз, Zindaa.mn сайт, "Өглөөний сонин"-ы хамтарсан баг Улаанбаатар-Дундговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай авто замын өнөөгийн байдал, засвар үйлчилгээний талаар сурвалжлаад ирлээ. Энэ чиглэлд Мандалговиос Даланзадгад хүртэлх зам хамгийн их эвдрэлтэй. Тэр дундаа Дундговийн Хулд, Луус орчмын зам засвар авахын эцэсгүй эвдэрч сүйдсэн нөхцөл байдалтай байсан юм. Энхэл, донхол ихтэй ийм замын хор хөнөөл их. Ганцхан жишээ татъя.

Сүүлийн гурван жилд Улаанбаатар-Дундговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай авто замд 81 хүн ослын улмаас амиа алдаж, 112 хүн бэртэж гэмтэн, эд хөрөнгө, унаа машинаараа хохирсон байна.

Энэ тоо бол цагдаагийн байгууллагад албан ёсоор бүртгэгдсэн дүн. Үүний цаана бүртгэлд ороогүй олон хүн бий. Бид Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд зорчиж явсан иргэн Л.Хатанбаатартай цөөн хором үг солилоо. Тэрбээр “Би Цогтцэций суманд ажилладаг. Улаанбаатарт гэр маань байдаг болохоор 14 хоноод л энэ замаар явна. Хоёр жилийн өмнө Хулд, Луус хоёрын дунд явж байгаад замын хажуу руу ороод золтой л үхчихээгүй. Нар жаргах дөхчихсөн байсныг ч хэлэх үү, гялбаад зам муу харагдаж байлаа. Гэтэл гэнэт л урд том тогоо шиг ухагдсан нүх гараад ирсэн. Сандарсандаа баруун дартал замын хажуу руу яваад орчихосн. Машины дөрвөн дугуй, рулийн аппарат авах юмгүй болсон. Хурд ихтэй явсан бол бараг л дуусах байсан байх. Амьд үлдсэндээ баярлаад л хоцорсон. Ер нь муу зам хамгийн аюултай. Над шиг замын хажуу руу орсон хүн олон байгаа шүү” гэлээ.

Дээрх замтай холбоотой осол аваарийн талаар дурдаад байвал дуусахгүй. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор орон нутгийн удирдлагууд, зам засварын компаниуд ажилласаар байгаа ч 2018 оноос замын эвдрэл гэмтэл эрс нэмэгджээ.

 

Ц.МӨНХБАТ: 1.1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗАССАН ЗАМ ЖИЛИЙН ДАРАА 80-90 ХУВЬ НЬ ЭВДЭРСЭН

 

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат энэ талаар дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр  "Авто замын эвдрэлийн асуудлаар Зам, тээврийн сайдад удаа дараа хүсэлт явуулж байсан. Хамгийн сүүлд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үйлдсэн дүгнэлтийг илгээсэн.Тэр дүгнэлт дээр дурдсаныг харахад 2021 онд 1.1 тэрбум төгрөгөөр хийгдсэн зам засварын ажлаас хойш жилийн дараа 80-90 хувь нь эвдэрсэн гэх дүгнэлт гарсан. Энэ бол даац хэтрүүлэн явдаг уул уурхайн хүнд даацын машинуудтай шууд холбоотой. Дундговь аймгийн хамгийн их эвдрэлтэй авто зам аймгийн төвөөс 30 гаруй км-ийн зайд орших Хулд сумын нутаг дэвсгэрт байна” гэв.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 01-ний өдөр хийсэн дүгнэлтээр Улаанбаатар-Дундговь чиглэлийн 98 км замын эвдрэл 5283.49 м.кв байсан бол 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хийсэн дүгнэлтээр 9219 м.кв болж ихэсчээ. Харин Дундговиос Өмнөговь чиглэлийн 150 км авто замын эвдрэл хагас жилийн өмнө 3230 м.кв гэж хэмжигдэж байсан бол хамгийн сүүлийн бүртгэлээр 19730 м.кв болж, дөрөв дахин нэмэгдсэн байна.

 

Н.ЭРДЭНЭ-ОЧИР: МОНГОЛ УЛСАД УУЛ УУРХАЙН ХҮНД ТЭЭВЭР ЯВАХ ЗОРИУЛАЛТЫН ЗАМ АЛГА

 

Замын эвдрэл гэмтэлтэй холбоотойгоор Дундговь аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир "Дундговийн авто замын компаниудаас гаргаж өгсөн дээрх эвдрэл гэмтлийн тоон баримт өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Гэхдээ энэ асуудал зөвхөн нэг удаагийн мөнгөн хөрөнгөөр засагдаж, цаашид бат бөх байна гэх баталгаа байхгүй. Учир нь Монгол Улсад уул уурхайн хүнд тээвэр явах зориулалтын зам алга. Тиймээс замыг нэг удаад засч, янзлаад орхих биш шинээр уул уурхайн хүнд тээвэрт зориулсан зам тавих ёстой. Түүнчлэн зам засварын тендерийн компанийг шалгаруулахдаа маш нухацтай, хариуцлагатай хандах асуудлыг ч ярих нь зүй" хэмээлээ.

 

ШОРООН ЗАМЫН ӨРГӨН НЭМЭГДСЭЭР 15 КИЛОМЕТР БОЛЖЭЭ

 

Нэгэнт эвдэрсэн замаар явах нь осол гарах, цаашлаад амь нас эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй тул жолооч нар шороон замаар явах болжээ. Үүнээс болж ойр орчмын бэлчээр сүйдэж, орон нутгийн малчин өрх тоос шороонд дарагдах асуудал тулгарах болсон байна. Энэ талаар Дундговь аймгийн Хулд сумын малчдын төлөөлөл дараах бэрхшээлийг дурдаж байлаа. Тэд “Тоосжилт маш их. Засмал замын хоёр талаар явсан шороон зам жил ирэх тусам л өргөн болоод байгаа. Тэр хэрээр хүн, мал амьдрахын аргагүй болж байна. Бэлчээр талхлагдаж, зүгээр л улаан шороо болсон. Шороон замын өргөнийг хэмжээд үзвэл ойролцоогоор 15 гаруй километр байна. Өнгөрсөн жил 10 гаруй километр өргөнтэй шороон зам үүссэн байсан нь өнөө жил таван километр нэмэгдчихэж байгаа юм. Иймээс энэ замыг яаралтай шинэчилж засахгүй бол энэ чигээрээ яваад байвал байгаль, экологи, хүн малын эрүүл мэндэд ихээхэн эрсдлийг авчраад байна” гэв.

Эвдэрсэн замын засварыг улс, орон нутгийн төсвөөс хөрөнгө мөнгө зарцуулж хийдэг ч, жилийн насгүй эргээд эвдэрчихдэг байна. Та бод доо, Мандалговиос Даланзадгад чиглэлийн замыг засахад л 2018 онд 780.97 сая төгрөг, 2019 онд нэг тэрбум 370,16 сая төгрөг, 2020 онд хоёр тэрбум 44.08 сая төгрөг, 2021 онд 969.6 сая төгрөг зарцуулсан байх жишээтэй. Зөвхөн энэ онд л гэхэд хоёр тэрбум 699.18 сая төгрөг төлөвлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн таван жилийн дотор зөвхөн зам засварын ажилд таван тэрбум гаруй төгрөг зарцуулсан байна. Харамсалтай нь жил бүр засвар хийдэг ч үндсэн суурь замын чанар муу  болохоор засварын ажил үр дүнд хүрэх нь тааруу гэнэ. Тэгвэл дээрх замтай холбоотой асуудал олны анхаарлын төвд орж, хэвлэл мэдээллийн байгууллага онцолж мэдээлсний үр дүнд Засгийн газрын шийдвэр гараад байна.

Тодруулбал, энэ сарын 25-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаас Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305.1 км автозамд гарсан эвдрэлийг засварлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардагдах 3.4 тэрбум төгрөгийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Батбаатар, Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарт даалгасан юм. Манай сонины сурвалжлах баг зам засварын ажилтай холбоотой мэдээллийг тухайн цаг бүрд нь мэдээлж байх болно.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top