Өмнөговийн замыг төрийн анхааралд авчирч, засварын хөрөнгийг нэмэгдүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 27

Хэдэн жилийн өмнөөс Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замаар хүнд даацын авто машин зорчих болсон нь замын эвдрэлд сөргөөр нөлөөлж эхэлсэн байдаг. Хагас жилийн дотор л гэхэд тус чиглэлийн авто замын эвдрэл дөрөв дахин нэмэгдсэн талаар албаныхан хэлж байна. Түүнчлэн замын эвдрэлээс болж иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирох нь эрс нэмэгдсэн гэдгийг статистик тоо баримтаас харж болно. 

Тэгвэл нийслэлийн иргэдийг өвлийн цагт сайжруулсан түлшээр хангах түүхий эдийг зөөвөрлөхөөс эхлэн урд чиглэлийн гол үндсэн дэд бүтэц болж буй тус замын асуудлыг яаравчлан шийдвэрлэх, чанартай засварлуулах талаар далайцтай хөндөж, олон нийтийн төдийгүй төр, засгийн анхааралд авч ирсний үр дүнд Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замыг засварлахад шаардлагатай хөрөнгийг 3.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн Засгийн газрын шийдвэр гараад байна.

УИХ-ын даргын зөвлөх, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Х.Мандахбаяр өнгөрсөн даваа /2022.05.23/ гарагт өөрийн цахим хуудаснаа "Өмнөговийн зам там боллоо. Юун Дарханы зам. Нийслэл хотоо утаагүй байлгах гэж нүүрс зөөж байгааг ойлгож л байна. Олон уурхай ажиллаж эдийн засгаа дэмжиж байгааг хүлээн зөвшөөрч байна аа. Гэхдээ нэгийг бүтээх гэж нөгөөг сөнөөдөг энэ балмад зан байдлаа хаа хаанаа анхаарч засаач ээ. Өмнөговийн замыг холбогдох албан тушаалтнууд яваад үзээч. Машин зорчих ямар ч боломжгүй болчихлоо шүү дээ. Улсынхаа эдийн засгийн талаас илүү хувийг нуруундаа үүрч яваа “шилдэг” аймаг замгүй боллоо. Засаг даргын тамгын газар, Таван толгой түлш компани, Өмнөговьд ажиллаж байгаа хэдэн уурхайнууд нийлээд ядаж засвар хийгээч. Ер нь бол Өмнөговийн замыг өргөтгөх зайлшгүй нөхцөл шаардлага үүссэн байна. Чи би гэж талцалгүй, манай танай нам гэж хуваагдалгүй замаа засахын төлөө дуугарцгаая аа говьчуудаа. Энэ арай хэтэрлээ!" хэмээн бичиж, энэ талаар төр засгийн удирдлагуудад асуудал уламжлах, олон нийтийн хяналт тавьж, хэвлэл мэдээллээр нөхцөл байдлыг сурвалжлахаа илэрхийлж байсан юм. 

Улмаар стратегийн гол замуудын нэг болох тус чиглэлийн замын бодит нөхцөл байдлыг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилж, танилцуулсны хүрээнд энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын эвдэрсэн хэсгүүдийг засварлахад тавьсан хөрөнгийг 3.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. 

Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын эвдрэл, нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжилж, олон нийтэд бодит мэдээллийг хүргүүлэхээр Zindaa.mn, ТВ8 телевиз, "Өглөөний сонин"-ы хамтарсан сурвалжлах баг ажиллаж буй бөгөөд сурвалжлах багийнхан өнгөрсөн лхагва /2022.05.25/ өдөр Дундговь аймагт ажилласан бол өнөөдөр /2022.05.27/ Өмнөговь аймагт ажиллаж байна.

 


ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛҮҮД:

Н.Эрдэнэ-Очир: Замыг нэг удаа зассанаар асуудал шийдэгдэхгүй

Дундговийн зам засварт өнгөрсөн жил 1.1 тэрбумыг зарцуулжээ

Ц.МӨНХБАТ: Дундговь-Өмнөговийн замын эвдрэл хагас жилд 4 дахин нэмэгдсэн

Дундговь-Өмнөговийн замын эхний 30 км-ыг зайлшгүй хуулах НӨХЦӨЛ үүсжээ

П.БЯМБАЛХАГВА: Хулд сумын замын эвдрэлээс болж 15 км газрын БЭЛЧЭЭР СҮЙДСЭН

Х.БАЯРТОГТОХ: Авто зам засварын ТӨСӨВ ХҮРЭЛЦДЭГГҮЙ

Б.БАТ-ЭРДЭНЭ: Мандалговь-Даланзадгадын замд гарах ослын тоо нэмэгдсэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top