Ц.Тогтохмаа: Өрмийн оператор гэхээр хүмүүс “Эмэгтэй хүнд ахадсан ажил байна” гэлцдэг

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 28

"Оюу Толгой" компанийн ил уурхайн ажилчдын 20 хувь нь эмэгтэйчүүд юм. Тус компанийн зүгээс уул уурхайн салбарт ажиллах эмэгтэй ажилчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарч иржээ. Тус компанийн өрмийн оператор  Ц.Тогтохмаатай ярилцлаа.


-Анх хэрхэн өрмийн оператор болж байв?

-Би газар зохион байгуулагч мэргэжилтэй. 2013 оноос гэрээт ажилтнаар ажилласан. Гол зорилго маань үндсэн ажилтан болох байв. Оператор мэргэжлээр ажлын байр зарлагдахыг хүлээх хооронд Оюу Толгой компанийн 650 ажлын байр зарлах үед анкет бөглөж, тавд нь тэнцсэн. Үүнээс өрмийн оператор мэргэжлийг сонгосон юм. Одоо бие даан өрөмдлөг хийж байна. Дэлхийн хамгийн том өрөмдлөг дээр ажилласнаараа бахархдаг.

Өмнө нь “Magic Drilling” компанид хэсэг ажилласан. Энд өрмийн анхны суурь мэдлэгтэй болж алмазан өрөмдлөг хийж сурсан. Одоо хийн өрөмдлөг хийж байна. Ер нь өрмийн бүх төрлөөр ажиллаж, туршлага хуримтлуулсан.

-Энэ мэргэжлийн юу нь  таныг татсан бэ?

-Миний мэргэжлийн чиг баримжаанд таардаг, тэр нь их таалагдсан. Газар зохион байгуулалтын мэргэжил  хөрстэй шууд холбоотой. Хөрс  судлал, чулуулгийн бүтэц, өнгөн хөрс, дээж хөрс гэх мэт бүхий л зүйл энэ мэргэжилд хамаардаг гэсэн үг. Тиймээс энэ чиглэлээр дагнан ажиллахыг эрмэлзэж, өрмийн оператор мэргэжлийг сонгосон юм. Мөн Монголын анхдагч алмазан өрөмдлөгт ажилласан талаар түрүүнд дурдсан шүү дээ. Дэлхийн алмазан өрөмдлөгийн  анхны эмэгтэй операторт нэр дэвшиж байлаа. “Magic Drilling” компаниас надад  үргэлжлүүлэн ажиллах санал тавьж байсан. Гэсэн ч  зорилгынхоо төлөө Оюу Толгой компанийг сонгосон. .

-Энд хэр удаан ажиллаж байна?

-Өрмийн оператороор ажиллаад хоёр  жил гаруй  болж байна. Харин Оюу Толгой компанийн үндсэн ажилтан болсноос хойш хагас жил өнгөржээ.

-Уугуул нутаг  Өмнөговь уу. Оюу Толгой компанид нутагтаа ажиллаж буй хүмүүс олон байдаг юм билээ?

-Би Ханбогд суманд амьдардаг.  2013 оноос хойш  энэ нутагтай холбогдсон, суугуул иргэн.

-Танай гэр бүлд уул уурхайн салбарын мэргэжилтэн байдаг уу. Мэргэжил сонгоход  ямар нэгэн байдлаар нөлөөлсөн болов уу?

-Гэр бүлийн зүгээс ямар нэгэн нөлөө байгаагүй. Өөрийн хүсэл сонирхлоор мэргэжлээ сонгож,  энэ ажилд орсон.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Өглөө босож хувийн бэлтгэлээ базаагаад ажлын талбарт гарахын өмнө аюулгүй ажиллагааны хуралд сууна. Ямар төлөвлөгөөтэй, хэрхэн ажиллах, ямар аюул осол байгаа гэх мэт  аюулгүй ажиллагааныхаа шат дараалсан зааврыг авна. Ажлын байран  дээр очиж бэлэн байдлыг шалгаж,  үзлэг хийнэ. Тухайн орчинд ажиллах боломжтой эсэхээ сайтар шалгаж, хувь хүн өөрөө бүхий л эрсдэлээ тооцоолж нягталдаг юм. Аюулгүй гэсэн тохиолдолд л  ажлаа эхлүүлдэг. Ажил эхлүүлэхдээ шаардлагатай  бүхий л зүйлийг хяналтдаа авна. Бид амь нас эрсдэх хэмжээний аюултай, хортой нөхцөлд ажилладаг. Багахан алдаа гаргахад л өөрийгөө бүү хэл өрөөлийг ч гэмтээх эрсдэлтэй. Тоног төхөөрөмж, тос, тосолгоо гэх мэт  техникийн үзлэгийг цаг тухайд нь  хийнэ. Өдрийн турш өрөмдлөг хийгээд хянахаа харж, цооногоо хэмжиж, тэмдэг тэмдэглэгээгээ тавьдаг юм. Ажлын цаг дуусахад  дараагийн ээлжийнхэнд  хүлээлгэж өгөөд, амрахаар явна.

-Нэг ээлжинд хэдэн цагаар ажилладаг вэ?

-Өнөөдрийн хувьд  7-19 цагийн хооронд ажиллалаа. Нэг ээлж нь 12 цагаар тооцож явдаг юм. Өдөрт нэг цагийн цайны завсарлагатай. Бусад үед  өрөмдлөгөө хийдэг. Уурхай 24 цагийн турш тасралтгүй ажиллах учраас нэг ээлж нь 12 цагтай байдаг юм.

-Сурагчдын мэргэжил сонголтод туслах үүднээс та өөрийн мэргэжлийн талаар тайлбарлаж өгөхгүй юү. Хүүхдүүд байтугай хүмүүс төдийлөн ойлголтгүй яваад байдаг шүү дээ?

-Оператор гэдэг нь том оврын машины жолооч юм. Бага оврын машины жолоочийг жолооч гэж нэрлэдэг. Тэгэхээр өрмийн оператор  нь өрмийн машиныг удирддаг хүнийг хэлнэ гэсэн үг. Ганцаараа машиныхаа кабинд сууж, бүгдийг нь өөрөө удирдана. Газрын гадаргаас доош хэдэн метрийн гүн рүү өрөмдлөг хийнэ шүү дээ.

-Техникийн талаар  дүрсэлж хэлбэл?

-Бүхий л өрөмдлөг газрын гүн рүү чиглэдэг. Алмазан өрөм бол хөндлөн, босоо, налуу цооногуудыг өрөмдөх боломжтой. Газрын гүн рүү 2000 метрийн гүн рүү өрөмдөх рекордын үед ч би ажиллаж байсан. Өрмийн  хэмжээ том. Гурван метрийн штанк нь гэхэд л 30-80 кг хүртэл жинтэй. Гар багаж гэхэд л нэг нь 20-30 кг жинтэй байдаг. Гар багажийг эмэгтэй хүн өргөж хийгээд, ажиллана гэхээр хүмүүсийн төсөөлөлд буудаггүй. Анх хараад “Эмэгтэй хүн яаж ийм ажил хийдэг юм бэ” хэмээн гайхах хүн олон. Ханцуйгаа шамлаад л ажилладаг. Их тэсвэр тэвчээр шаардсан ажил. Газар дээр нь очиж сонирхож, танилцаж, мэдэх нь илүү сонирхолтой. Миний ажиллаж буй өрөм ус, хий холилдсон бүтэцтэй. Ус нь ямар үүрэгтэй вэ гэвэл цооногийнхоо ханыг норгох, бэхжүүлэх, тоосжилтыг дарах үүрэгтэй. Харин хий нь энгийн үгээр тайлбарлахад биедээ хүргэж, доороос хөөн гаргаж ирэх үүрэгтэй.

-Газрын гүнийг өрөмдөх үеийн  мэдрэмж, төвлөрөл гэхээр маш нарийн бас хариуцлагатай ажил санагдлаа?

-Маш нарийн мэдрэмж шаарддаг. Мөн техникийн өргөн мэдлэг шаардлагатай. Машинаа жолоодохдоо хаана, юу дуугарч байна вэ, өрөм нь газрын гүнд тулж байгаа эсэх, цооног гүн рүүгээ зөв чиглэлд явж чадсан уу, өрөм хэр ажиллагаатай байна гэх мэтээр бүхнийг хянаж, сонсож,  өрөмдлөг хийнэ.

-Анхны өрөмдлөгийн тухай эргэн дурсвал юу бодогдож байна вэ?

-Анхны өрөмдлөг “Magic Drilling”-ээс эхэлсэн. Олон ч  зүйл сурсан. Хөдөлмөр  хамгааллын 10 дүрэмтэй. Түүн дотор  хамтрагчдаа санаа тавих гэдэг дүрэм бий. Энэ  дүрмээ тултал нь хэрэгжүүлдэг компани юм билээ. Тиймээс ч бусдад маш их  урам зориг өгдөг. Түүний ачаар би сэтгэлийн айдсаа давж байсан. Анх өрмийн салбарт орж ирээд “Энэ том өрөм дээр ажиллаж чадах болов уу, би юу сонгоод орчихов оо” гэж  бодож байсан. Ажлаа гардаад хийхэд  биеийн хүчний ажил шаарддаг нь хүндхэн санагдсан. Өөртөө  төдий л итгэхгүй байх шиг  мэдрэмжийг их авч байлаа. Дараа нь ажилдаа гаршиж,  өөрөөрөө болон хамт олноороо их бахархсан. Энэ том өрмийг ажиллуулж чадаж байгаа нь хамгийн сайхан. “Magic Drilling” бол дэлхийн хэмжээний том компани. Энэ компанийн нэг хэсэг болж ажиллах ямар гоё юм бэ гэж  бодож байсан. Тэндээс өрөмтэй холбоотой бүхий л зүйлийг сурсан. Одоо Оюу Толгой компанид хийн өрөмдлөг дээр ажиллаж байгаагаараа мөн бахархдаг. Энэ бол миний  өмнө нь хийж байсан өрөмдлөгөөс ялгаатай. Гэхдээ үйл ажиллагааны хувьд төстэй учраас сурахад  дөхөмтэй  байсан. Эмэгтэй хүний хувьд өрмийн ажил хийхэд сонирхолтой санагддаг. Ялангуяа техникийн сонирхолтой хүнд энэ мэргэжил их таалагдана.

-Эмэгтэйчүүд  уул уурхайн салбарт ажиллах хэцүү, эрсдэлтэй гэх мэт ойлголт нийгэмд бий. Энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд үүнд  ямар байр суурьтай байдаг вэ?

-Эмэгтэйчүүд уул уурхайд ажиллах нь мэдээж хэцүү. Анх ажилд орж байгаа  хүмүүсийн хувьд эрчүүдтэй хөл нийлүүлэх нь хатуужил, бие сэтгэлийн хат шаардаж, сэтгэл зүйн хувьд ихээхэн  ачаалалтай мэт санагддаг. Гэвч газар дээр нь ажиллах үед Оюу Толгой компанийн дүрэм журам, дотоод уур амьсгал, эрх үүрэг, шаардлагатай зүйлсээр хангаж өгдөг нь ажилчдад  эерэгээр нөлөөлдөг юм билээ. Ажиллаж байгаа газрын дотоод журам, байгууллагын соёлоос олон зүйл  шалтгаалдаг болов уу. Тиймээс дараа дараачийн эмэгтэй ажилчдад хэцүү зүйл байхгүй шүү гэдгийг хэлмээр байна. Бидний хувьд ажилдаа хүч, чадвараа сорьж ажиллах боломж их бий. Хүсвэл өөрсдийгөө сориод ажиллаад үзэх хэрэгтэй.

-Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэн. Энэ шинэчлэлээр ажиллах хоногийг өөрчилсөн нь танд,  эсвэл танай салбарт хэрхэн нөлөөлсөн бэ?

-Хөдөлмөрийн тухай хуульд шинэчлэл  оруулсан нь цалин багасахад нөлөөлсөн. Өмнө нь илүү цаг, хортой нөхцөл гэх мэтийг тооцож цалингаа авдаг байлаа. Хуулийн шинэчлэлт ажиллах бүтээмжид нөлөөлсөн гэж болно. Хортой, хүнд нөхцөлд ажиллаж, улсынхаа баялагт дэмжлэг болж байгаа салбар шүү дээ. Иймд  салбарын маань цалин хуулийн шинэчлэлээс үүдэж багассанд сэтгэл дундуур байгаа. Цаашид  энэ  асуудлыг сайнаар шийдэх  байх гэдэгт итгэлтэй байна.

-Цалин багассанаар  сул талтай юм байна. Тэгвэл давуу тал нь?

-Амралтын хувьд 14 хоног ажиллаад долоо хоног амардаг байсан. Одоо бол 14 хоног ажиллаад 14 хоног амардаг. Амралтын хугацаа нэмэгдсэн нь мэдээж   давуу тал. Гэр бүлдээ зарцуулах цаг маань нэмэгдсэн.

-Иргэд уул уурхайн компаниудыг баялгаа гадагш гаргаад ашиггүй үлдэж  байна хэмээн шүүмжлэлтэй ханддаг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Оюу Толгой компани манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг харж болно. Улсынхаа баялгийг гадагшаа гаргаж байна гэх хүмүүсийн яриа байдаг. Гэхдээ энэ  компани олон хүний ажлын байр гаргаж, амьдралд дэм болж, нийгмийн хөгжилд нөлөөлж байна. Хүссэн хэн ч энд ажиллаж чадна. Зөвхөн манай улс уурхайтай юм биш. Дэлхий даяар уурхай байгаа. Манай компани улсынхаа их бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж байна гэж хардаг. Харин энэ  компанийг зорин ирж ажиллаж буй хүний хувьд улсын ирээдүйн хөгжилд гар бие оролцож байгаа нь бахархалтай гэж боддог. Аливааг нэг өнцгөөс харахаас илүү олон талаас бодож, сайн тал нь юу байгааг хүмүүс ажиглаж, дэмжээсэй гэж  хүсдэг.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top