Хүүхдийн тэтгэмж өгч буй эцэг, эхийн орлогоос талыг нь ШУУД ШИЛЖҮҮЛЭХ төсөл мэдүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 13 эмэгтэй гишүүн өргөн барьсан байна. Энэ төслийн талаар мэдээлэл хийлээ.

Гэр бүлийн тухай хууль анх 1973 онд батлагдаж байсан. Үүнээс хойш 1999 онд шинэчлэн найруулснаас хойш 23 жилийн хугацаанд долоон удаа өөрчлөлт оржээ. Өнгөрсөн хугацаанд гэр бүлээ салгуулсан ч 34 тэрбум төгрөгийн тэтгэмж төлөгдөөгүй байгаа аж.

Хуулийн төслийн гол агуулга нь
 

  • Тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо Хүн амын орлогын албан татварын тухай хуульд заасан орлогын 50-аас доошгүй хувьд уялдуулах,
     
  • Хүүхэд хүндээр өвдсөн, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд дахин шинжээчдийн баг томилуулж, зардлыг тэтгэмж төлөгчтэй хамтран төлүүлэх,
     
  • Тогтоосон тэтгэмжийг шууд данснаас нь суутгаж авах зохицуулалт хийх

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
 

-Гэр бүл салалтын үүднээс хүүхэд хамгийн их хохирдог. Монгол Улсад жилд 3391 орчим гэр бүл салж байна. Харин 16 мянган гэр бүл гэрлэлтээ бүртгүүлж байгаа. Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэг хувиар нэмэгдсэн.

3391 гэр бүлийн ард дунджаар нэг айл хоёр хүүхэдтэй гэж үзвэл 7 мянган хүүхэд хохирч байгаа юм. Тэгэхээр тэтгэмжийн хэмжээ болон төлөлтийн асуудал дээр онцгойлон анхаарна. Тэтгэмжийг 11 хүртэлх насны хүүхдэд амьдралын баталгаажих түвшний 50 хувиар тооцож олгодог юм байна. 11-ээс дээш бол насанд хүртэл нь амьдралын баталгаажих доод түвшнээр тогтоож байна. Энэ нь бүс нутгаар өөр байдаг бөгөөд Үндэсний статистикийн хорооны дарга амьдралын баталгаажих түвшнийг тогтоодог.

11 нас хүрээгүй хүүхдэд 115 мянган төгрөгийн тэтгэмж сард тогтоогддог. Энэ мөнгөөр хүүхдээ хооллож, эрүүл мэнд, боловсролд нь анхаарах боломжгүй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top