Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэхгүй бол гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүний эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх, үүрэг, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэхтэй холбоотой харилцаа, түүнээс үүсэх үр дагавар, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах харилцааг нарийвчлан зохицуулах асуудалд ойлгомжгүй зүйлс гарсаар байгааг олон нийт шүүмжилдэг. Түүнчлэн одоогийн мөрдөж байгаа Гэр бүлийн тухай хуулийг 2002 онд батлагдсан Иргэний хуулийн суурь үзэл баримтлалтай зөрчилдөх байдал байгаа гэж үздэг учраас хуулийг шинэчлэх асуудал сүүлийн жилүүдэд хөндөгдөх болсон.
Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ГЭР БҮЛИЙН ТУХАЙ хуулийн Шинэчилсэн найруулгын төсөлд олон нийтийн санал авч эхэлжээ.
Монгол Улс 1999 онд Гэр бүлийн тухай бие даасан хуультай болсноос хойшхи хугацаанд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ.
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ хуулийн Шинэчилсэн найруулга - ЭНД ДАРЖ харна уу!
Хуулийн танилцуулгаас...
ЭЦЭГ, ЭХ БАЙХ ЭРХИЙГ ХАСАХ ХЯЗГААРЛАХ
Сүүлийн 5 жилд эцэг, эх байх эрхийг хассан 81 шүүхийн шийдвэр гарсан нь харьцангуй өндөр үзүүлэлт бөгөөд шүүхийн шийдвэрийн үр дүнд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл үүсэж байна. Иймд үүнээс үүсэх үр дагаврыг тооцоолох, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, эцэг, эх байх эрхийг хассан тохиолдолд түүнийг буцаан сэргээх, эсхүл эрхийг нь тодорхой хугацаагаар хязгаарлах зэрэг оновчтой зохицуулалтууд хангалтгүй байна. НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцын гишүүн улсууд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах зорилгоор эрх бүхий байгууллага, шүүхээс зохих хууль журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зорилгынх нь эсрэг эцэг, эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ гэж заажээ. Ийм төрлийн шийдвэрийг эцэг, эх хүүхдэдээ хэрцгийгээр харьцах, анхаарал халамжгүй орхих зэрэг тохиолдолд гаргадаг байна.
Мөн ХБНГУ-ын Үндсэн хуулийн дагуу эцэг, эх байх эрх нь чухал үндсэн эрхүүдийн нэг учраас эцэг, эх байх эрхийг хасах, хязгаарлах асуудалд өндөр босго, шалгуурыг тавьдаг. Хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллага хүүхдийг гэр бүлээс нь хураан авч өөр гэр бүл, хүмүүс, байгууллагад шилжүүлэхээс өмнө хүүхдийн сайн сайхны төлөө ямар арга хэмжээ авч болох цаашид хэрхэх талаар нухацтай судалж үздэг байна. Үүний дараа эцэг, эхийн эрхийг хязгаарлах, хасах эсэх талаар шийдвэр гаргадаг байна. Иймд эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах нөхцөл, түүнээс үүсэх үр дагаврыг ялгаж, жигдрүүлж, дахин найруулсан байна. Тухайлбал, хязгаарласан асуудлыг хүчингүйд тооцох гэснийг дуусгавар болгох, зарим хассан тохиолдолд сэргээхгүй байх, эрхийг дуусгавар болгох, сэргээхдээ сургалтад хамруулах зэрэг асуудлыг зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, эцсийн арга хэмжээ нь эцэг, эх байх эрхийг нь хасах шийдвэр гаргадаг байхаар хуулийн төсөлд тусгасан байна.
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэргийн хувьд, 2018 онд өмнөх оноосоо 90 хэргээр олон буюу 9.4% хувиар, 2020 онд өмнөх оноосоо 286 хэргээр буюу 27% хувиар тус тус өссөн буюу жилээс жилд нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад тусгасан эсэхээс үл хамаарч гэрлэлт цуцлах маргааныг шийдвэрлэхдээ хүүхдийн тэтгэмжийн асуудлыг давхар шийдэж байгаа эсэхийг авч үзвэл:
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад тусгасан эсэхээс үл хамаарч гэрлэлт цуцлах маргааныг шийдвэрлэхдээ хүүхдийн тэтгэмжийн асуудлыг давхар шийдэж байгаа эсэхийг авч үзвэл:
Хүүхдийн тэтгэлгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн мэдээллээс үзэхэд 50 гаруй хувь огт төлөгддөггүй байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2021 оны 12 сарын 31-ний байдлаар тэтгэлэг авагч нийт 13886 хүүхэд байгаагаас 9739 хүүхэд тэтгэлгээ авч чадаагүй байгаа ба тэтгэлгийн хэмжээгээр тооцвол 6,606.2 сая төгрөг төлөгдөөгүй байна.
Манай улсын хувьд тэтгүүлэгч буюу хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний хэмжээнээс тодорхой хувиар тооцон, тэтгэлгийн хэмжээг тогтоож байна. Иргэд, олон нийтийн зүгээс хүүхдийн тэтгэлгийн хэмжээ хэт бага буюу хүүхдийн хэрэгцээнд хүрэлцэхгүй байх, нөгөө талаас тэтгэлэг төлөгчийн орлоготой уялдахгүй байна гэсэн шүүмж гардаг. ХБНГУ, Англи, БНСУ, Япон зэрэг улсын жишгээс үзэхэд, тэтгэлэг тогтоох тусгай аргачлалтай бөгөөд тэтгэлгийн хэмжээг хүүхдийн нас, амьжиргааны өртөг, зардал зэрэг хэд хэдэн хүчин зүйлсийг харгалзан тэтгэлэг төлөгчийн орлого, нөхцөл байдалтай уялдуулж, тэтгэлэг авагч тус бүрд өөр өөр байдлаар тогтоож байна. Мөн хүүхдийн тэтгэлгийн харилцааг зохицуулсан гэрээ байгуулж болохоор зохицуулсан байдаг аж.
Иймд “frequent, continuing and meaningful” зарчмын дагуу шүүх гэрлэлт цуцлах шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаас үл хамаарч хүүхдийн тэтгэлгийн асуудлыг заавал хамтад нь шийдвэрлэхээр зохицуулахаар тусгажээ.
Мөн гэрлэлт цуцлалт, дуусгавар болсон харилцаанд хүүхэд болон гэр бүлийн гишүүдийн авах тэтгэлгийн хэмжээг өөрчилж, тэтгэлэг авагч болон тэтгэлэг төлөгчийн нөхцөл байдалтай уялдуулж эрх бүхий байгууллагаас батлах аргачлалын дагуу шүүх шийдвэрлэхээр шинэ зохицуулалтыг хуульд тусгажээ.
Сэтгэгдэл ( 0 )